Галч нарын улирал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Галч нарын улирал эхэллээ

Дундговь аймгийн Дэлгэрхангай  сумын хувьд хүйтний улирал эхэлж буйтай холбоотойгоор халаалт эхэлж байна. Сумын сургуулийн хувьд халаалт эхэлснээс дуустал 12 галчийн орон тоотой ажилладаг. Энэ орон тоог цөөрүүлэх арга байгаа эсэх талаар сумын Засаг дарга Жа. Өлзийжаргалаас тодруулахад “Галчийн орон тоо олон. Би энэ албанаас өмнө сургуульдаа менежер байсан. Цөөрүүлэх тухай ярилтгүй. Дөрвөн ам галлахад энэ орон тоо хангалттай. Тэгээд ч сумын төвд галчаас өөр ажлын байр алга. Ажилгүй залуучууд галлагаа хэзээ эхлэхийг  хүлээж байгаа” гэлээ. Зэргэлдээ хэд хэдэн сумаар орвол галчийн ажил сурагласан залуучууд сумын Засаг даргын үүдэнд дараалал үүсгээд байна. Тэд ажил эхлэнэ гээд бөөн баяр. Хулд сумын Засаг дарга Ч.Зоригтбаатар “Галч хийх гээд хүсэлт тавиад буй эдгээр залуус хүүхдийнхээ дүрэмт хувцас, хичээлийн  хэрэглэл гээд ахуйн хэрэглээнд зориулан банкнаас зээл авчихсан байдаг. Тэднийг буруутгах аргагүй” гэлээ. Сумын сургууль  бүрд 16 биш гэхэд доод тал нь 8, түүнээс дээш галч ажилладаг. Тэгээд сумын Засаг даргын тамгын газар, эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд хэдэн галч ажилладагийг хэлэх ч арга алга. Галч нарын улирал эхэллээ дээ.  

С.Пүрэвсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж