Урлагийн мэргэжилтэн гэрээгээр бэлтгэнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Урлагийн мэргэжилтэн гэрээгээр бэлтгэнэ

Булган аймгийн Засаг даргын тамгын газраас, СУИС-тай байгуулсан гэрээнд зааснаар энэ хичээлийн жилд аймгийн захиалгаар оюутан элсүүлэн суралцуулахаар шийдвэрлэсэн. Тус сургуульд суралцахыг хүссэн хүүхдүүдээс уг шийдвэрйн дагуу СУИС-ийн багш нартай хамтран ур чадварын шалгалт авчээ.

Энэ талаар аймгийн Засаг даргын тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтсийн соёлын асуудал хариуцсан түшмэл Ц.Хонгорзулаас зарим зүйлийг тодрууллаа.

-Оюутан захиалгаар сургахаар шийдвэрлэсний учир юу билээ?

-Хөдөө орон нутагт, тэр ч байтугай аймгийн урлагийн төв байгууллага   мэргэжлийн боловсон хүчин ихээхэн дутагдалтай. Мөн аймгийн хөгжимт жүжгийн театрыг бүтцийн талаар нь авч үзэхэд драм буюу жүжгийн  анги зайлшгүй шаардлагатай, мэргэжлийн жүжигчид хэрэгтэй байгаа юм. Тийм ч учраас аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд “Хөгжимт жүжгийн театрыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, мэргэжлийн уран бүтээлчдийг давтан бэлтгэх ажлыг СУИС, соёлын дээд сургуультай хамтран зохион байгуулах”-аар тусгасан юм. Үүнийг хэрэгжүүлэхээр ямар  мэргэжлийн хүмүүс нэн түрүүнд бэлтгэх шаардлагатай судалгаа тооцоог гаргасан. Энэ дагуу концертмейстер, найрал дууны багш, жүжигчин, бүжигчин зэрэг мэргэжлээр суралцуулах хүсэлтийг БСШУ-ны сайдад уламжлан хүсэлт тавьсан. Засаг дарга захирамж гаргаж энэ ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг ч томилсон

-Элсүүлэх хүүхдүүдээ хэрхэн сонгож авсан бэ?

-“Аймгмйн захиалгаар СУИС-д оюутан элсүүлэх журам” боловсруулсан. Журамд зааснаар СУИС, аймгийн Засаг даргын тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтэс, хөгжимт жүжгийн театр хамтран оюутан элсүүлэх ажлыг зохион байгууллаа. Элсэгчдэд тавьсан үндсэн шаардлага гэвэл ерөнхий шалгалтад орж 70 хувь буюу 500-гаас дээш оноо авсан байх хэрэгтэй гэж үзсэн. Өөр нэг гол баримталсан чиглэл бол зөвхөн манай аймгийн байнгын оршин суугчид байвал зохино гэж үзсэн. Ур чадварын шалгалт өгөх хүүхдийг бүртгэхэд бүрдүүлэх материалыг нарийвчлан зааж өгсөн. Мөн шалгалт авах хэлбэрүүдээ тодорхойлсон. Жишээ нь хөгжмийн багш, найрал дууны удирдаач, концертмейстрын ангид элсэгчид  сонсгол, ритм, хөгжмийн онолын анхан шатны мэдэгдэхүүн, дуулах, өөрийн  хичээллэдэг хөгжмөөр тоглолт үзүүлэх, гадаад төрх байдал зэргээр шалгуулахаар заасан бол жүжиглэх урлагийнхан этүд, харилцан яриа, ёгт үлгэр дуу дуулж шүлэг унших зэргийг шалгуулна гэдгийг зааж өгсөн. Тэр дагуу ур чадварыг шалгасан.

-Хичнээн хүүхэд орж хэд нь тэнцсэн бэ?

-Элсэлт авах талаар төв хөдөөгийн сургууль, соёлын төв болон сумдын Засаг даргын тамгын газраар дамжуулж, мөн орон нутгийн телевиз радиогоор мэдээлсэн. Тэр үндсэн дээр 30 гаруй хүүхэд бүртгүүлсэн байлаа. Шалгалтад орсон хүүхдүүдээс хамгийн дээгүүр оноотой 10 хүүхдийг энэ хичээлийн жилд СУИС-д суралцуулахаар томилолт олголоо.

-Сургалтын төлбөрийг хэрхэн зохион байгуулахаар шийдвэрлэсэн бэ?

-Энэ асуудлыг гурван байдлаар зохицуулна. Тухайлбал, эхний жилийн төлбөрийг суралцагч өөрөө хариуцна. Идэвх чармайлт гарган гурваас доошгүй голч дүнтэйгээр суралцсан тохиолдолд хоёр дахь жилийн сургалтын төлбөрийг аймаг, үлдсэн хугацааны төлбөрийг төрийн сангаар дамжуулан, мөн зөрүүг аймгийн хөгжимт жүжгийн театраар  шийдвэрлүүлнэ.

-Захиалга, гэрээгээр сургах учраас нэлээд хяналт тавьж ажиллах байх даа?

-Тэгнэ ээ, суралцагч маань хагас, бүтэн жилийн сурлагын голч  дүнгээ аймгийн Засаг даргын тамгын газарт албан ёсоор авчирч өгнө. Сургалтын явц, сурлагын дүн, амжилттай захиалагч буюу аймгийн Засаг даргын тамгын газар танилцаж дүгнэлттхийж байна.

-Сүүлийн үед их, дээд сургууль төгсөөд хөдөө орон нутагт гарч ажиллах нь тун бага болжээ гэж хүмүүс ярьдаг шүү дээ?

-Тийм байдал түгээмэл бий. Гэхдээ манай захиалгаар бэлтгэх оюутнууд бол тийм явдал гаргахгүй. Энэ талаар гэрээнд тодорхой зааж харилцан тохиролцсон байгаа.

-Тухайлбал?

-Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, өөрөөр хэлбэл, сургуулиа орхисон, хуваарьт газар очиж ажиллаагүй тохиолдолд сургалтын төлбөр болон нийт төлбөрийн үнийн дүнгийн 70 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлж суралцагчаар буцаан төлүүлнэ. Сургуулиа төгсөөд аймгийн хөгжимт жүжгийн театрт таван жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллана. Энэ заалтыг хангаагүй бол мөн  төрийн сангаас гаргасан мөнгийг буцаан төлнө. Гэрээг оюутнуудтай зөвшилцөж байгуулсны дээр эцэг эх нь ч гэрээний нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.

-Сонгож авсан хүүхдүүд одоо сургуульдаа суралцаж байгаа юу?

-Тэгэлгүй яахав, гэрээгээ албан ёсны болгоод сургуульдаа очиж бүртгүүлсэн, Одоо хичээлдээ орох гэж байна. Дөрвөөс таван жилийн дараа манай аймгийн хөгжимт жүжгийн театр шинэ авьяаслаг боловсон хүчинтэй болно гэдэт итгэл дүүрэн байна

Ж.Мөнх-Очир
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж