Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Юрий Лужков шүүхдэнэ

Москва хотын экс-мэр өөрийг нь огцруулсан шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргана гэж түүний найз Төрийн думын депутат Иосиф Кобзоны ярианаас иш татан “Каспаров.ру” сайтаар мэдээлжээ.

Иосиф Кобзон өмнө нь хотын захиргаанд ирээд Лужковын хамт хэдэн цагийг өнгөрсөн байв. “Би Лужковт заргалдаад юу ч олж долоохгүй гэж хэлсэн ч тэр зарчимч хүн учраас өөрийнхөөрөө л явах бололтой” хэмээн Кобзон ярьсан байв. Лужков өөрөө энэ мэдээлэлд албан ёсны тайлбар хийгээгүй байлаа.

Хотын захирагч асан ерөнхийлөгчийн шийдвэрийг эсэргүүцсэн гомдлоо арав хоногийн дотор Дээд шүүхэд гаргаж болох бөгөөд Дээд шүүх өөрийн шийдвэрээ мөн л арав хоногийн дотор гаргах ёстой.

Сануулахад, есдүгээр сарын 28-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев өөрийн зарлигаар Лужковыг албан тушаалаас нь зайлуулсан билээ. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Наталья Тимаковагийн хэлснээр Юрий Лужковт “сайн дураараа огцрох эсвэл “хатуу тодорхойлолтоор” явах” сонголт байсан гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж