Ганц Ч.Сангарагчаагийн асуудал биш

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Ганц Ч.Сангарагчаагийн асуудал биш

Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжаваас дараах тодруулгыг авлаа.

-Маргааш УИХ-ын намрын чуулган нээгдэх гэж байна. Танай прокурорын
байгууллагаас өнгөрсөн хаврын чуулганы үеэр оруулж ирээд шийдэгдэж
амжаагүй Авлигатай тэмцэх газрын даргын асуудлыг энэ чуулганаар хамгийн
түрүүнд ярих байх гэсэн хүлээлт нийгэмд байна?

-Авлигатай
тэмцэх газрын удирдлагуудыг эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж
эхэлсэнтэй холбоотойгоор УИХ-аас тэдгээр хүмүүсийн бүрэн эрхийг
түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын Ерөнхий прокурорын газраас хуулийн дагуу
тавьсан. Харамсалтай нь УИХ хуулинд заасан хугацаанд асуудлыг шийдээгүй.
Шийдэх ч сонирхол байхгүй нь илт харагдаж байсан. Сүүлдээ элдэв
шалтгаан заасаар чуулган завсарлуулах хүртэл арга саам хэрэглэсэн  Хууль
зүйн байнгын хорооны энэхүү байр сууринд Улсын Ерөнхий прокурорын хувьд
шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэхдээ яахав, УИХ тараад явчихаагүйгээс хойш
хэлэлцэх байлгүй. Хэлэлцэх ч үүрэгтэй.

-Тусгай хяналтын дэд
хороо энэ талаарх дүгнэлтээ гаргасан гэж сонссон. Нууц гээд
хэвлэлийнхэнд огт задлахгүй байгаа. Танайд энэ дүгнэлтээ хүргүүлсэн үү?

-Тусгай
хяналтын дэд хороо дүгнэлт гаргасан гэсэн. Дүгнэлт гаргаж өг гэснээр нь
Хууль зүйн байнгын хороонд гаргаж өгсөн байх. Харин одоо Хууль зүйн
байнгын хороо энэ асуудлыг хойш нь тавих ямар ч боломжгүй. Даруй
шийдэхгүй бол төрийн ажил цалгардсаар байх болно. Төрийн эрх барих дээд
байгууллагаасаа эхлээд төрийн ажлыг энэ мэтээр хойш нь чангаагаад байвал
бусад төрийн байгууллагууддаа ажлаа сайн, түргэн хий, хүнд сурталгүй
шуурхай ажилла гэсэн шаардлага тавих ёс зүйн эрхгүй болно.

-Тухайлбал энэ асуудлыг хуулийн хугацаанд нь шийдээгүй гээд мөрдөн байцаах үйл ажиллагаанд ямар хор хохирол учирсан хэрэг вэ?

-Манайх
мөрдөн байцаах үйл ажиллагаанд хяналт тавьдаг байгууллага. Үүнийг
саатуулснаар эрүүгийн хэргийг мөрдөн илрүүлэх үйл ажиллагаанд ноцтой
хохирол учирсан. Тухайлбал, удирдлагууд нь цаг хугацаандаа мэдүүлгээ
өгөхгүй, дуудсан цагт нь ирэхгүй, өмгөөлөгчтэй өмгөөлөгчгүй гэдэг
шалтгаанаар ажлыг маш их чирэгдүүлсэн. Нөгөө талаас нотлох баримт устгах
ажиллагаа ч хийгдсэн. 30 хоногийн хадгалах хугацаа нь дууссан гэдэг
шалтгаанаар Авлигатай тэмцэх газрын хяналтын камерын нэлээд бичлэгийг
устгасан байдаг. Мөн Авлигатай тэмцэх газрын мэдээллийн компьютерийн
хардыг нь сольсон ноцтой хэрэг гарсан. Мөрдөн байцаах газарт авчирч
өгсөн компьютерийн харданд нь ямар ч мэдээлэл байхгүй байгаа. Хуучин
мэдээлэл ч байхгүй, хов хоосон байсан. Энэ мэтээр мөрдөн байцаах үйл
ажиллагаанд саад учруулж, нотлох баримтуудыг устгахад нь цаг хугацаа
алдсан явдал шууд нөлөөлсөн. Хэдий тийм ч мөрдөн байцаагчид сайн
ажилласан гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Тэд өөр аргаар, өөр нөхцөл
байдалд хэрэгцээтэй мэдээллүүдээ олж  амаргүй нөхцөлд тэдний хууль бус
үйл ажиллагааг нотолсон. Тэдний хэргийг шүүхэд шилжүүлэх шатанд ойртсон.
Одоо УИХ-ын шийдвэрийг л хүлээж байна.

-Өнгөрсөн хавар энэ асуудлыг ярьж байх үед УИХ дахь АН-ын гишүүд асуудлыг шийдчих гээд, МАХН-ын гишүүд хойш сууж байгаа байдал илт харагдаж байсан л даа. Бас Ч.Сангаррагчаа даргын удаа дараа хийсэн мэдэгдлүүдээс улстөржилт явагдаад байгаа юм уу гэж ойлгогдож байсан. Ер нь энэ асуудалд улс төр ороод байгаа юм биш үү?

-Прокурорын байгууллага УИХ-д асуудлыг тавихдаа хуулийн өмнө, төрийн өмнө ямар үүрэг хүлээсэн түүнийхээ дагуу л асуудлыг оруулж ирсэн. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд энэ асуудлыг ярих үед өөрийн чинь хэлснээр илэрхий хоёр талцсан маягтай байсан нь үнэн. Ардчилсан намын бүлэгт хамаарагддаг УИХ-ын гишүүд энэ хэргийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэх шаардлагатай гэж байсан бол МАХН-ын бүлгийн гишүүд хойрго байсан нь үнэн. Одоо ч Ч.Сангаррагчаа тэргүүтнийг өмгөөлж хамгаалах талаар Төрийн ордноор яриад яваа гишүүний тухай мэдээлэл бидэнд ирж л байна. Ингэж төрийн түшээд дээрээсээ эхэлж асуудалд бүлэглэж намчирхаж хандаад байвал ард түмний төрд, намд итгэх итгэл улам л алдрахыг ойлгомоор юм даа.

-Зарим хүмүүс асуудалд намчирхаж байна гэлээ. Хэрвээ намрын чуулганаар өнгөрсөн хаврынхтай адилаар үйл явдал өрнөвөл танай байгууллагаас яах вэ?

-Ер нь төрийн дээд байгууллага УИХ-аасаа эхлээд асуудалд ийм байдлаар хандаж гэм буруутай этгээдэд ял завшуулах, хуулийн байгууллагын үйл ажиллагаанд ноцтой саад тотгор учруулсаар байх аваас үүнийг зүгээр хараад суух боломжгүй. Би ерөнхий прокуророор томилогдохдоо улстөрчдийн аяар  мануухай болох гэж ирээгүй. Монгол Улсын хуулийг сахиулах гэж, хууль хамгаалах байгууллагуудаас ард түмний хүсэн хүлээж байгаа тэр хүсэлтийг хэрэгжүүлэхийн тулд, хууль ёсыг сахиулах итгэл үнэмшилтэйгээр ирсэн. Урьд нь хуулийн байгууллагынхныг энэ мэтээр номхчилж байсан бол энэ нь бүтэхгүй гэдгийг хэлчихье.

-Урьд нь төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэрэг байнга яригдаж ирсэн ч нам гүм л болчихдог шүү дээ. Танай байгууллагаас яагаад заавал Ч.Сангарагчаагийн хэрэг дээр ингэж ач холбогдол өгөөд байгаа юм бэ?

-Төрийн өндөр албан тушаалтан, гадаадын иргэдтэй холбоотой хэргийг шалгаж байхад явцын дунд хэргийг нь зогсоочихдог, намжаачихдаг явдал бий. Гэхдээ энэ УИХ-д оруулаад байгаа энэ асуудал нь ганц Ч.Сангаррагчаагийн хэрэг биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бол Авлигатай тэмцэх газартай бүхэлд нь холбоотой. Авлигатай тэмцэх газрыг Монгол Улс, УИХ, Засгийн газар хэчнээн их яриа хөөрөө болж байж, итгэл найдвараа өгч байгуулсан билээ. Монгол орон хээл хахуульд автлаа, Монголын ардчилал хэврэг боллоо гэж гадна, дотны байгууллагаас сануулсаар байж нэг ийм байгууллагатай болсон. Хуулийн бусад байгууллагын ажилтнуудаас хэд дахин илүү цалинтай, хэд дахин илүү хангамжтай, эрх мэдлийн хувьд хэн ч гар хүрэхийн аргагүй нэг ийм байгууллага байгуулж авчихаад удирдлагаасаа эхлээд хууль зөрчөөд эхэлбэл юунд найдаж суух вэ. Зөвхөн өөрийгөө хамгаалдаг, зөвхөн өөрийнх нь төлөө үйлчилдэг хэдэн хүмүүсийн хүрээллийг бий болгосон ийм байгууллага болгон хувиргаж бүр эрүүгийн гэмт хэрэг үйлдчихээд байхад нь ганц Ч.Сангарагчаагийн хэрэг гэж үзэж болохгүй юм. Монгол төр бодлого гаргаж, зорилго болгож байгуулсан энэ байгууллагын удирдлага нь хууль завхруулаад явж байгааг тохиолдолд прокурорын байгууллага ч тэр, төрийн түшээд ч тэр, УИХ ч туйлын анхааралтай зарчимчаар хандах ёстой. Энэ бол ганц нэг хувь хүний хэрэг биш гэдгийг олон нийт ойлгож байгаа байх аа.


Б.Энхээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж