Тэжээлээ бэлтгэх үү, малаа барах уу?

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Тэжээлээ бэлтгэх үү, малаа барах уу?

Бага балчраасаа малч ухаанд суралцан өсдөг уламжлал мартагдан, “Мал маллахыг марксизмаар заалгахгүй” хэмээн цээжээ дэлддэг омог бардам өвгөцүүл маань хэдийнэ халиад оджээ. Өнөөдөр хоёр саяулаа маханд дуртай ч мал маллах ухаанд суралцсан нь цөөн. Гадаадын нэгэн сэтгүүлч “Монголчууд малаа өвөл хаврын цагт өлбөрөөж үхүүлдэг” гэсэн гашуун үг унагасан байдаг. Гэвч энэ бол хатуу боловч үнэн гэдгийг Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судалгаа харуулж байна. Сүүлийн жилүүдэд жилийн дөрвөн улирал ихээхэн өөрчлөгдөж, зун намрын улирал богиносч, өвөл хаврын улирал уртсан, жилийн 100-120 хоног нь л дулаан байх болжээ. Үүнээс үүдэн хүйтний улиралд бэлчээрийн ургамлын шимт чанар буурч, малын бодисын солилцоо алдагдаж турж эцэн доройтдог байна. Цагийн хатууд малын тэжээл хомсдохын зэрэгцээ хээлтэй, хөхүүл малын тэжээлийн хэрэгцээ нэмэгддэг. Гэтэл яг л тэр үед малчдад нөөцөлсөн өвс тэжээл байдаггүйгээс мал өлбөрнө. Тиймээс цаашдаа тэжээсэн малаа өөрсдийн залхуугаас алдаад дуусчихгүйн тулд тооны хойноос бус чанарт анхаарах хэрэгтэйг эрдэмтэд сануулж байна.

Малч ухааныг уламжилж авдаг үе нэгэнт өнгөрсөн болохоор саяхнаас ХААИС-д малчны анги нээжээ.  Малчны ангийг эхний жил нь 35 хүн суралцаж төгсчээ. Тэд өдгөө үеийнхнээсээ илт ялгарахуйцаар ажиллаж, мал аж ахуйг жинхэнэ утгаар нь бизнес болгож эхэлсэн байна. Өнөөдөр манай улсын малчин өрхийн 50 гаруй хувь нь 34 хүртэлх насныхан гэнэ. Тэдэнд малчдын эрдэм бүү хэл бэлчээрийн ургамлын талаарх ойлголт байдаггүйд мал аж ахуйн мэргэжилтнүүд харамсаж байлаа. Хангай нутагт бол нэг ам метр талбайд 40 гаруй төрлийн ургамал ургадаг. Нийт 113 сая га бэлчээрийн газартай ч ердөө 1,8 сая га-гаас нь хадлан бэлтгэх боломжтой байгаа нь мал аж ахуйг урсгалаар нь хөгжүүлэх боломжгүйг харуулж байна. Монгол нутагт 2800 нэр төрлийн ургамал байгаагаас 600 төрлийг нь л мал иддэгийн дээр 800 төрлийн эмийн ургамлаас 300-г нь л мал иддэг гэхчилэн шинжлэх ухааны нарийн зүйлсийг малчид маань огт мэддэггүй гэнэ. Түүнчлэн манай улсын мал аж ахуйн салбарт дэлхийд байхгүй стандарт үйлчилдгийг Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Д.Нэргүй өгүүлж байлаа. Монголын 40 орчим сая мал өнөөдөр малчдын өмч байдаг. Гэтэл бэлчээр, ургамал, ус, давс нь иөрийн мэдэлд байдаг. Малчид хувийнхаа малыг өсгөхийн тулд төрийн “өмч”-ийг сохор зоос ч төлөлгүй ашиглаж байгаа нь зохистой харьцаа биш бөгөөд үнэгүй тусмаа үрэгдэж хорогдох нь их байдгийг сануулж байлаа. Улсын хэмжээнд жилд 263 мянган тонн мах, 500 сая литр сүү үйлдвэрлэдэг. Дээр нь арьс шир, ноос ноолуур гэхчилэн нийтдээ 20 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэнэ. Хармсалтай нь энэ хэмжээнд хүрдэггүй бөгөөд хүргэх тал дээр малчид толгойгоо ажиллуулдаггүй нь өнөөх л аж ахуйч бус чанар, залхуу хойрго зантай холбоотой ажээ. Малчин өрх бүр үйлдвэрлэгч байх бүрэн болмж байдаг ч гараа хөдөлгөн мөнгө олдог нь тун цөөн гэнэ. Монголд 170 мянган малчин өрхөд багаар бодоход 360 мянган малчин байдаг. Тэдний ихэнх нь 200 хүрэхгүй толгой малтай гээд бодохоор хөдөлмөрийн нөөц хөдөөд байна гэсэн үг. Малчдын тал хувь нь зун намрын урин цагт  хадлан тэжээл бэлтгэхэд оролцож болохоор байгаа ч ганц мод гал болдоггүйн үлгэрээр аргаа олохгүй суусаар өвөлтэй золгочихдог ажээ. Тиймээс малчин өрхүүд нэгдэн нийлж бүлэг байгуулан,  хадлан тэжээлээ гар аргаар ч болов бэлтгэх эхлэлийг энэ жилээс тавьсан гэнэ. Ингэснээр нэг хүн өдөрт дунджаар 170-180 кг гар тэжээл бэлтгэжээ. 

Манай орны цаг уурын байдал жилээс жилд өөрчлөгдөж байгаа энэ цаг үед малчид “Цаг хүйтэрч, цас зуд болж магадгүй” хэмээн таамаг дэвшүүлж бус ган зуд гэдэг гамшиг байнга нүүрлэх юм гэсэн сэтгэхүйгээр бэлтгэлээ базаасан цагт л  халуунд халж, хүйтэнд хөрч өсгөсөн сүргээ эсэн мэнд онд оруулах билээ. Мал аж ахуйн орон гэсэн гоё тодотголтой ч малаа маллаж мэддэггүй улс болон хувирсан нь төрөөс баримталж буй бодлогод алдаа байгааг ч харуулна. Түүнчлэн хэдэн мянган жилээр тариа тарьж амин зуулгаа залгуулж ирсэн хятад, солонгос, япончууд өдгөө тариаланчдаа бэлтгэсээр сургасаар л байна. Тиймээс манайх ч малчдаа илүү олноор нь сургах хэрэгтэй болжээ. Малчин мэргэжлийн диплом өвөртөлчихөөд хотод дарга болохоор үлдчихгүй л бол дээд боловсролтой малчин хүн арай л алсыг харах нь дамжиггүй.

Д.Цээпил
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж