Үерийн аюултай бүсэд 1864 өрх суурьшиж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Үерийн аюултай бүсэд 1864 өрх суурьшиж байна

Энэ долоо хоногийн сүүлчээс эхлэн огцом дулаарч, говийн зарим нутгаар өдөртөө 15 градус хүртэл дулаарах юм байна. Гэнэт дулаарахаар хунгарласан  цас хайлж, шар усны үер бууж болзошгүй гэдгийг онцгой байдлын албаныхан сэрэмжлүүлсээр байгаа. Өнгөрсөн зуны аадар борооны улмаас нийслэлд үео бууж, олон арван айл гэрээ үерт урсган, хэд хэдэн хүний амь эрсэдсэн эмгэнэлт хэрэг гарсан. Энэ удаагийн шар усны үерээр энэ байдал давтагдахгүй гэх баталгаагүй байна. Улаанбаатар хотод өнөөдөр үерт өртөж болзошгүй 1864 өрх айл байгаа аж. Өнгөрсөн зуны үерээс хойш үерийн далан суваг, ус зайлуулах хоолойн орчимд болон уулын аманд буусан айлуудыг нийслэлийн шинэ суурьшлын бүс рүү шилжүүлсэн. Түүнээс хойш хийсэн судалгаагаар 1864 өрх айл үерт автаж болзошгүй бүсэд суурьшиж байгаа гэсэн судалгаа гарчээ. Хотын хэмжээнд 90 гаруй км инженерийн хийц бүхий барилга байгууламж, 40 орчим км шороон далан гээд нийт 130 гаруй км үер уснаас хамгаалах байгууламж байдаг. Шар усны үерээс сэргийлэхийн тулд үерийн далан, замын ус зайлуулах байгууламжийг цэвэрлэж эхэлсэн хэдий ч цас гүйцэд хайлаагүй учир цас мөсөнд дарагдсан хог их байгаа ажээ. Тиймээс дүүргүүдэд өдөр бүр жижүүр томилж, бөглөрсөн шугам хоолойг тэр даруйд нь цэвэрлэж байх үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас өгсөн байна. Жил болгон үерт автдаг “ТБД Андууд” төвийн арын даланг цэвэрлэхэд 16 сая гаруй төгрөг зарцуулжээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж