LSE: Монголд хөрөнгө босгоё

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

LSE: Монголд хөрөнгө босгоё

Фотог inet.mn

Анхаарал татсан бага хурал

Олон улсын санхүүгийн төв гэгдэх Лондонгийн Хөрөнгийн бирж Монголыг онилсон дараачийн арга хэмжээгээ “Чингис” зочид буудалд зохион байгууллаа. Монголын Хөрөнгийн зах зээлийн хоёрдугаар бага хурал өчигдөр болж, Монголын хөрөнгө оруулалтын орчин, Монголын Хөрөнгийн бирж дээрх арилжааны ирээдүй, компанийн засаглал болон хөрөнгийн зах зээлийн стратеги зэрэг сэдвүүдийг хөндсөн юм.

Лондонгийн хөрөнгийн бирж Монголын зах зээлийг анх 12 сарын турш судалснаар том зах зээл байгааг олж харж. Тиймдээ ч өнгөрсөн жилээс Монголд чиглэсэн бодит ажлаа эхлүүлжээ. Тухайлбал, энэ хурлын анхных нь түрүүчийн онд болж байсан бол өнгөрсөн зун тус бирж дээр Монголын компаниудын өдөрлөг болж байсан юм. Дараачийнх нь арга хэмжээ өчигдөр болсон нь энэ. “Чингис” зочид буудлын хурлын танхимд болсон дээрх бага хурлын үеэр танхим пиг дүүрсэн. Нээлт 08.55 цагт болсон ба орчуулагчийн асуудал зохион байгуулагчдыг сандаргав. Товлосон орчуулагчийн чадвар дутаж дутуу хагас орчуулснаар оролцогчдыг гонсойлгосон. Юутай ч эхний илтгэлүүд орчуулгагүй “явж”, зохион байгуулагчид түргэн авснаар Монголын №1 орчуулагчдын нэгийг авчирсан юм.

Бага хурлын үеэр, Монголын хөгжил Лондонгийн санхүүжилтийн нөлөө, Монголын Хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийн тухай, Лондонгийн Хөрөнгийн бирж ба эмэржин зах зээлүүдийн тухай гэх мэт нэлээд чухал цаг үеийн анхаарал татсан сэдвүүдээр илтгэл тавьж байсан юм.

Хэвлэлийн бага хурал зохион байгууллаа

Лондонгийн Хөрөнгийн биржээс Хөрөнгийн анхдагч зах зээлийг хариуцсан захирал Трейси Пиэрс, Монголд асар хурдацтай хөгжлийн хэрхэн зохицуулах талаар илтгэл тавьж, сэтгүүлчдэд багахан цаг гаргасан юм. Хатагтай Трейси Пиэрс сэтгүүлчидтэй хийх уулзалтын эхэнд, Монголын Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх шаардлагатай хэмээн үзэж буйгаа хэлээд уул уурхайн компаниудыг хөрөнгийн зах зээлд оролцоход дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бүх талын туслалцаа, боломж олгоно, Лондонгийн Хөрөнгийн бирж Монголын компаниудад гадаадын хөрөнгө оруулалтыг татахад дэмжлэг үзүүлье, цаашид үйл ажиллагаа өргөжүүлэхэд хэрэгтэй хөрөнгийг босгоход тусална гэж бодож байна. Мөн Монголын Хөрөнгийн зах зээл хөгжихөд бүх талын зөвлөгөө дэмжлэг туслалцаа гаргаж өгнө. Өнөөдөр компаниуд болон тэдэнд туслах зөвлөгөө өгдөг компаниудтай уулзаж энэ талаар саналаа солилцож, яаж монголын хөгжилд тусалж болох вэ гэсэн ярилцахаар ирсэн гэв. Хэвлэлийн бага хурлын үеэр Монголын бүх хэвлэл, мэдээллийн сурвалжлагч нар цугласан байсан ба тэдний асуултад хэрхэн хариулсныг тоймлон хүргэе.

-Монголын Засгийн газар бонд гаргана гэж ярьсаар хугацаа алдаж байна. Дэлхийн  эдийн засаг тогтворгүй байгаа энэ цаг үед Засгийн газрын бонд гаргах гэж байгааг та юу хэлэх вэ?

-Монголын уул уурхайн компаниудаас гадна Монголын Засгийн газар хөрөнгийн зах зээлд хувьцаанаас өөр төрлийн санхүүгийн хэрэгсэл гаргаж хөрөнгө босгох нь Монгол Улсын хөгжилд хэрэгтэй гэж бодож байна. Үүний тулд олон ажил хийх шаардлагатай байх, тухайлбал хууль эрх зүйн орчин. Лондонгийн Хөрөнгийн бирж энэ үйл ажиллагааг дэмжихэд бэлэн байна.

-Монголын Хөрөнгийн биржийн менежментийг гадаадын багт өгөх сонгон шалгаруулалтын эцсийн шатанд Лондонгийн Хөрөнгийн бирж унасан гэх яриа байгаа. Гэхдээ эцсийн шийд гарахаас өмнө энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа нь Засгийн газрын эцсийн шийдвэрт нөлөөлөх гэсэн оролдлого гэж үзэх хүмүүс байна. Үүнд та юу хэлэх вэ?

-Олон улсын сонгон шалгаруулалтын явц үргэлжилж байна. Бид саналаа өгсөн байгаа. Үүнд Лондонгийн Хөрөнгийн бирж Монголын Хөрөнгийн биржийн менежментийг авснаар төрөл бүрийн давуу тал, техникийн экспиртүүдийн дадлага туршлагаа тод томруун тусгаж өгсөн байгаа. Удирдлагын багаар шалгарснаар, бид юу санал болгож чадах вэ, ямар технологи нэвтрүүлж болох вэ гэдгээ хүргэсэн.

Лондонгийн Хөрөнгийн бирж юугаараа давуутай вэ гэхээр дэлхийн өнцөг булан бүрт шинээр үүсч хөгжиж байгаа улс орнуудын төрөл бүрийн компаниудын өөрсдийн эгнээндээ нэгтгэдэг.

-“Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын зах зээлд гарах тухай яригаж байгаа. Лондонгийн Хөрөнгийн биржийн шалгуурт нийцэх үү?

-Би энд зөвхөн нэг компанийг онцолж яримааргүй байна. Ямартай ч Монголын компаниудад Лондонгийн биржид бүртгэлтэй болж, олон улсын зах зээлд гарахад тодорхой шалгуур үзүүлэлтийг хангасан байх ёстой.

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьд нэмэлт хөрөнгө эрэлхийлж, олон улсын зах зээлд гарах гэж байгаа. Тэгэхээр би энд Лондонгийн Хөрөнгийн бирж маш олон төрөлжсөн хөрөнгийг төвлөрүүлж чадсан байгаа гэдгийг нэмж хэлье.

Бид компанийн засаглалын тодорхой дүрэм журамтай. Олон салбар дээр өөрсдийн дүрэм журмын дагуу нягталж үзнэ. Эрдэнэс компанийг ч эдгээр шалгуур үзүүлэлтийн дагуу судалж үзнэ.

Монголчууд олон улсын зах зээлд гарахад бэлэн үү?

Лондонгийн Хөрөнгийн бирж 200 жилийн түүхтэй. Монголд илүүтэй хөгжих уул уурхайн компаниудад хөрөнгө босгоход туслахаас гадна олон улсын тавцанд нэр хүндийг өсгөхөд дэмжлэг үзүүлнэ гэж байна.Монголын компаниудад хоёр зах зээлийг санал болгож байгаа юм. Гол зах зээл буюу зах зээл байр сууриа олсон акул компаниудын оролцдог зах зээл. Хоёр дахь AIM буюу жижиг дунд зэргийн компаниудын хөрөнгө босгоход тусалдаг зах зээл. Энэ зах зээлд гарсан Монголын анхны компани бол “Петроматад” хөрөнгө босгох ажил нь амжилттай яваа. 

Мөн давхар бүртгэлтэй байх асуудлыг нааштайгаар зохицуулж, Монголын Хөрөнгийн биржид ч Лондонгийн Хөрөнгийн биржид ч бүртгэлтэй байх тогтолцоог бий болгох гэнэ.

Юутай ч Англичууд Монголд хөрөнгө босгож өгье хэмээн өргөн хүрээтэй баг бүрэлдэхүүнтэй ирээд буцлаа. Хөрөнгө оруулагчдын хувьд манай улсыг улс төрийн эрсдэлгүй гэж дүгнэсэн байна. Энэ дашрамд олон улсын зэрэглэл тогтоодог “Фийч” Монголыг мөн эрсдэлгүй хэмээн дүгнэснийг дурдъя.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж