Ирэх өвөл цас ихтэй байх нь

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Ирэх өвөл цас ихтэй байх нь

Ирэх өвөл өнтэй сайхан өвөлжиж чадах уу гэсэн асуулт олон хүний сэтгэлийг зовоож буй. Өнгөрсөн өвлийн хатуу сургамж малчдад төдийгүй хот суурин газрынхныг жиндүүлсэн хэвээр байна. Тиймээс ч энэ жил урьд өмнөхөөс илүү ихээр өвс хадлан, малын тэжээл бэлтгэж байгаа. Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Д.Нэргүй “Цас зуд, ган гачиг тохиолдож болзошгүй зүйл гэсэн сэтгэхүйг хаях хэрэгтэй. Уур амьсгалын өөрчлөлт дэлхий дахиныг нэрмээд байгаа энэ цаг үед зуд ган гэдэг зайлшгүй тохиолдсоор байна хэмээн сэтгэж, цагийн хатууд зохицуулан мал аж ахуйгаа эрчимжүүлэн хөгжүүлэх цаг болсон” хэмээн өгүүлсэн. Үнэхээр ч ирэх жилийн өвөл хатуухан болж магадгүйг цаг уурчид сануулж байна. Намар нь сайхан налгар байгаад тайвшралгүй, нэг өдрийг бол ирэх өвлийн бэлтгэлдээ базаахад зориулахаас аргагүй нь. Жил бүрийн наймдугаар сарын сүүлч үед хүйтний улирлын цаг агаарын төлөв байдлын урьдчилсан мэдээг Ус цаг уурын хүрээлэнгээс гаргадаг. Одоогийн байдлаар нийт нутгийн 40 орчим хувьд нь, 10 хувьд нь гантай байгаа нь эдгээр газруудад ирэх өвөл хатуухан тусахаар байгаа ажээ. Түүнчлэн нийт нутгийн 10 хувьд бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, өөрөөр хэлбэл нутаглаж болох малын тоо толгой 500 хувиас ч их байгаа юм.Нийт нутгийн таван хувьд нь багтаамж 3-5 дахин хэтэрсэн, 40 хувьд багтаамж 1-3 дахин хэтэрсэн буюу бэлчээр хүрэлцээгүйд хүрчээ. Зуншлага сайтай нутгуудад ийнхүү хэт олон тооны мал намаржиж байгаа нь дээрх нутгуудад ч өвөлжилт хүндрэхгүй гэсэн баталгаагүй болгож байгаа юм.

Монгол орны нутаг дэвсгэрийн 35 хувь нь өөрийн сумын нутагт мал өвөлжүүлэх боломж муу байгаагаас өөр нутагт отор нүүдэл хийхээс аргагүй юм байна. Ийм байдал Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Увс, Баян-Өлгий аймгийн ихэнх сум, Дундговь, Ховд, Өвөрхангайн зарим сумдад үүсч магадгүй гэдгийг цаг уурчид сануулж байна. Бэлчээрийн даац их хэмжээгээр хэтэрсэн нутагт Баян-Өлгийн Улаанхус, Алтай, Саг­сай, Баяннуур, Ховдын Мөст, Увсын Бөх­мөрөн, Наранбулаг, Тариалан, Цагаан хайрхан, Малчин, Баянхонгорын Баян-Өндөр, Баянлиг, Баянговь, Жинст, Өлзийт, Баацагаан, Гурванбулаг, Өвөрхангайн Баян-Өндөр, Баянгол, Нарийнтээл, Архангайн Хангай, Хашаат, Булганы Гурванбулаг, Рашаант, Дашинчилэн, Хөвсгөлийн Төмөрбулаг, Өмнөговийн Гурвантэс, Сэврэй, Баяндалай, Ноён, Ханхонгор, Ханбогд, Дундговийн Хулд, Гурвансайхан, Баянжаргалан, Дэрэн, Дорноговийн Хөвсгөл, Өргөн, Алтанширээ, Иххэт, Мандах, Хэнтийн Галшар, Дэлгэрхаан, Төв аймгийн Лүн, Сүхбаатарын Уулбаян, Халзан, Сэлэнгийн Орхонтуул, Баруунбүрэн сумдад тохиолдож болзошгүй гэсэн урьдчилсан мэдээ гарчээ. Харин Говь-Алтай, Завхан аймгууд, Өвөрхангай, Увс, Ховдын зарим сумдын нутгаар зуншлага харьцангуй сайн байсан ч таана хөмүүл мэтийн сонгинолог ургамлууд голлож ургасан бөгөөд өвөл хаврын үндсэн бэлчээрийн ургамал болох хагд, борог өвс багатай байгаа ажээ.

Намрын сар найм биш нэг л өглөө сэрэхэд хяруу цавцайтал унасан байх нь мэдээж. 2010-2011 оны хүйтний улирлын цаг агаарын төлвөөс харахад ирэх өвөл хур тунадас олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна. Ирэх аравдугаар сард Хангайн уулархаг нутаг ба говийн нутгийн хойд хэсгээр, арваннэгдүгээр сард Монгол Алтайн нуруу ба Хэнтийн уулархаг нутаг, Хангайн нуруу ба Алтайн өвөр говиор бусад саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байгаа юм байна. Тиймээс цас орж, цасан бүрхүүл тогтон, уул даваа хаагдахаас өмнө хадлан тэжээлээ бэлтгэх хэрэгтэйг нурших нь илүүц биз ээ. Ирэх жил хур тунадас ийн ахиу байх боловч агаарын температур олон жилийн дунджийн орчим болон олон жилийн дунджаас дулаан байхаар төлөв гарчээ. Ирэх аравдугаар сард агаарын температур баруун зүгийн нутаг, төв ба говийн нутгийн баруун хэсгээр, арваннэгдүгээр сард баруун зүгийн нутгийн баруун хойд, төвийн нутгийн баруун өмнөд, говийн нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 1-1,5 градусаар дулаан байх магадлалтай гэнэ. 

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж