Эрчүүд мэргэжлийн өвчтэй байх нь их

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Эрчүүд мэргэжлийн өвчтэй байх нь их

Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний төвийн дарга Д.Атармаатай ярилцлаа. -Танай төв анх хэзээ байгуулагдсан, үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлээс танилцуулна уу?

-Хөдөлмөрийн нөхцөл, мэргэж­лийн өвчин судлалын үндэсний төв нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг судлах, аюултай, хортой, эрсдэл бүхий ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг тодорхойлж, үнэлгээ дүгнэлт хийх, санал зөвлөмж гаргах, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг оношлох, эрт илрүүлэх, эмч­лэх, нөхөн сэргээх, сувилах, урьд­чилан сэргийлэх, хөдөлмөр зохи­цуулалт магадлал хийх, холбогдох байгууллага, мэргэжилтнүүдийг мэр­гэ­жил арга зүйн удирдлагаар хангах, сургалт сурталчилгаа хийх эрх бүхий Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны харъяа төрийн үйлчилгээний байгууллага юм.

Анх 1967 онд “Улсын мэргэжлийн өвчний диспансер” нэртэйгээр байгуулагдсанаас хойш тогтмол өргөжсөөр 2008 оноос Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний төв  болон үйл ажиллагаа явуулах болсон.
 -Танай төвийн хөдөлмөрийн нөхцөл тодорхойлох чиг үүргийн онцлог, давуу тал юу вэ?

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль 2008 онд шинээр батлагдаж гарсантай холбогдон 2008 онд тус төв нь Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын судлалын үндэсний төв болон үйл ажиллагаа маань өргөжиж, Хөдөлмөрийн нөхцөл судлалын албыг шинээр байгуулсан. Энэ алба маань Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж байгуулагуудын хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх, судлах, ажлын байрны эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх талаар санал зөвлөмж өгөх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Хөдөлмөрийн нөхцөлийг тухайн ажлын байранд ажиллаж буй ажиллагсдын эрүүл мэндийн байдалтай холбон үнэлгээ, дүгнэлт, заавар, зөвлөмж өгдөгөөрөө онцлогтой .

-Танай байгууллагын үйл ажиллагааг зохицуулдаг эрх зүйн орчин хэр боловсронгуй вэ? Энэ чиглэлээр ямар ажил хийгдэж байна вэ?

-Манай төв нь ХАБЭА-н тухай хууль, Эрүүл мэндийн тухай багц хуулиуд болон бусад хууль тогтоомжуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог. Харин тус төвийн үйл ажиллагааг зохицуулах тодорхой болгох чиглэлийн тогтоол, тушаал, шийдвэрүүдийг шинэчлэх, шинээр батлуулах шаардлага байгаа. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 107-р тогтоолд мэргэжлээс шалтгаалсан өвчний бүртгэл, тайлан, мэдээ гаргах заалтууд тусгагдсан байсан боловч 2009 оны 14-р тогтоолоор энэ заалтууд хүчингүй болсноор манай энэ асуудал бүрхэг болсон байх жишээтэй. Иймд бид тулгамдаад байгаа бодлогын асуудлуудаар ажлын хэсэг гарган санал боловсруулж, харъяа яамандаа оруулж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Тодруулбал, дунд хугацааны стратеги төлөвлөгөөтэй болох, мэргэжлээс шалтгаалсан өвчтэй хүмүүсийн хяналтын асуудлаар, ажиллагсдад урьдчилан сэргийлэх болон хугацаат үзлэг хийх журмыг батлуулах, мэргэжлээс шалтгаалсан өвчний бүртгэл, мэдээлэл, тайлан мэдээ гаргах журам, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөртэй болох, “Эрүүл-Аюулгүй ажлын байр” шалгаруулах болзол, журам боловсруулах зэрэг асуудлууд байна. 

-Мэргэжлээс шалтгаалсан өвчний өнөөгийн байдлыг харуул­сан тооцоо, судалгаа та бүхэнд байдаг байх? 

-Манай төв 1975-2010 он хүртэл мэргэжлийн өвчний улмаас хяналтанд орсон өвчтөнүүдийн архивын 35 жилийн баримтанд дэлгэрэнгүй судалгааг хийж дууссан. Энэ судалгааны дүнгээс танилцуулж болно. Тус төвд мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нийтдээ 8645 тохиолдол бүртгэгдсэнийг салбараар нь авч үзвэл уул уурхайн салбарт 5015 хүн буюу 58 хувь, барилгын салбарт 1211 хүн буюу 14 хувь, эрчим хүчний салбарт 1038 хүн буюу 12 хувь, бусад салбарт 1381 хүн буюу 16 хувь нь хамаарч байна.  Мэргэжлээс шалтгаалсан өвчний нийт тохиолдлуудаас зонхилон тохиолдож буй өвчнийг  авч үзвэл, уушигны гадны шалтгаант өвчин 61.6, мэдрэлийн өвчин 15.7, төрөл бүрийн бодисын хордлого 8,0, яс булчингийн тогтолцооны өвчин  5,8, цусны эргэлтийн системийн өвчин 4,0, бусад өвчин 4,9 хувийг тус тус эзэлж байна.

-Ямар мэргэжлийн, ямар ажлын байранд ажиллаж байгаа хүмүүс Мэргэжлээс шалтгаалсан өвчинд илүү өртөмтгий байна вэ?

-Тус төвд бүртгэгдсэн тохиолдлуудаас харахад уушигны гадны шалтгаант өвчнүүд  тоног төхөөрөмжийн машинист, малтагч, өрөмдөгч, нэвтрэгч нарт, тулах, хөдлөх эрхтний өвчнүүд хүнд машин механизмын операторуудад, өрөмдөгч, жолооч, засварчдад, шуугианаас үүдэлтэй сонсгол бууралт нэхмэлчин, дизельчин, турбины машинч, ороогч, конвеирийн машинистуудад тохиолдож байна. Харин химийн бодисын хордлогод лаборант, будагчин, аккумляторчин, мотор ороогч, химич, хлорын машинист нар илүү өртөж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байдаг.

-Сүүлийн үед ямар өвчнүүдээр хүмүүс  илүү өвчилж байна вэ?

-Олон жилийн судалгаанаас харахад хордлогын шалтгаант өвчлөлүүд ихсэх хандлагатай байна. Мөн манай оронд үйлдвэр, уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, шинээр ажлын байр бий болсонтой холбоотойгоор хамгийн залуу, ид хийж бүтээх насандаа яваа олон залуучууд энэ салбарууд руу ажилд орж байна. Тэдний хувьд эрүүл мэнд нь хэдэн жилийн дараа ямар нөлөөлөлд өртөхийг хэн ч хэлэх боломжгүй учраас ажилд орохоос нь өмнө ажил олгогч, иргэний хэн хэн нь манай эрүүл мэндийн үзлэгээр орж, тогтмол хяналтад байвал хэн хэнд нь илүү тустай байх болно гэж хэлэх байна.

-Ажиллагсдын хордлогод  өртөх шалтгаан нь юу бол?

-Хордлогод өртсөн хүмүүст судалгаа хийж үзэхэд ихэвчлэн төрөл бүрийн химийн урвалж бодис, бүтээгдэхүүнийг өргөнөөр ашигладаг салбаруудын ажилчдад олонтаа тохиолдож байна. Шалтгааныг нь тодруулахад ажиллагсдын дунд химийн бодисын талаарх мэдлэг хомс, хадгалалт, хамгаалалт сул, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журам зөрчигдснөөс бодис урвалд орж, химийн бодис алдагдаж гадаад орчинд хаягдсан, ууршсан зэргээс болж өвчилсөн тохиолдлууд бүртгэгдсэн байдаг. Энэ дашрамд нэг зүйлийг хэлэхэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж хүмүүсийг ажиллуулах нь нэг талаас ажил олгогчийн үүрэг боловч нөгөө талаас ажилчид өөрсдөө хууль эрх зүйн мэдлэгтэй, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зан үйлийг эзэмших хэрэгтэй. Би ямар орчинд ажиллаж байна, яаж өөрийгөө хамгаалах вэ гэдгээ мэдэж байж сая эрсдэлгүй ажиллах боломж бүрдэнэ гэдгийг анхаараасай  гэж хүсэх байна.

-Танай төвийн үүдэнд олон эрчүүд байгаа харагдсан. Тэд бүгд өвчтөнүүд үү?

-Тийм ээ. Манайд үйлчлүүлж байгаа хүмүүсийн ихэнх хувь нь эрчүүд байдаг, бас хяналтын өвчтнүүдийн 71 хувь нь эрчүүд. Мөн ажилд орохоор эрүүл мэндийн үзлэгт орж буй хүмүүсийн дийлэнх нь эрэгтэйчүүд байдаг юм.

 -Мэргэжлээс шалтгаалсан өвчний талаар телевизийн цуврал нэвтрүүлэг хийх гэж байгаа гэсэн. Нэвтрүүлэг нэг удаа яваад өнгөрөх үү, эсвэл цаашид үргэлжлэх үү?

-Манай төв нь иргэдийн эрүүл мэндийн боловсролд зориулсан “Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс сэргийлье”  сэдэвт зайны сургалтын цуврал интерактив СD  №1 /Химийн бодисын хордлогоос сэргийлье/-ийг бэлтгэн, хэвлүүлсэн. Энэхүү цахим ном нь 4 бүлэг, 21 дэд бүлгээс бүрдсэн, 250 мв хэмжээтэй, текст бүрийг дуу авианы хангамжинд оруулан, 120 гаруй хөдөлгөөнт зураг багтаасан цахим гарын авлага юм. Энэхүү гарын авлагыг олшруулан нийтийн хүртээл болгоод байна. Цаашид бид цуврал болгон хэвлүүлнэ.

Мөн аж ахуйн нэгж байгууллагууд болон олон нийтэд мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зорилгоор “Цахилгаан соронзон орон хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь”, “Үйлдвэрлэлийн тоос, түүний урьдчилан сэргийлэлт” зэрэг гарын авлагуудыг боловсруулан гаргах зэрэг сургалт сурталчилгааны ажлуудыг эхлүүлээд байна. Энэ 10-р сараас эхлэн үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин түүнээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, иргэд ажиллагсдыг эрүүл зан үйлд төлөвшүүлэх сургалт сурталчилгааг нийтэд хүртээлтэй болгох үүднээс “Ядамын Мөнхчулуун сан”-гийн дэмжлэгтэйгээр  “Боловсрол” телевизээр цуврал хичээлийг нэг жилийн хугацаанд явуулахаар болоод байгаа. Энэ цуврал хичээл маань удахгүй та бүхэнд хүрэх болно. Бас дэлхий нийтийн анхаарлын төвд буй “Асбест буюу шөрмөсөн чулуунаас шалтгаалсан эмгэг өвчнүүдийн талаарх мэдээллийг урьдчилан сэргийлэх чиглэлээр сурталчилгааг хийхээр төлөвлөөд байна.  

Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж