Тамхины хуульд өөрчлөлт оруулахыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Тамхины хуульд өөрчлөлт оруулахыг дэмжив

Тамхины хуульд өөрчлөлт оруулахыг дэмжив
Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. 

Хуулийн төсөл батлагдсанаар :
Олон нийтийн үзвэр үйлчилгээний газар, ажлын байр 100 хувь тамхигүй болж олон нийт дам тамхидалтан өртөн халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэл буурна

Тамхины зар сурталчилгаа багасч тамхины хэрэглээ буурна
Нийгмийн эрүүл мэндийн бодлого, арга хэмжээ, тамхины хяналтын талаар төр, тамхи үйлдвэрлэгчийн хоорондын харилцааны хэм хэмжээ төлөвшин, тамхины хяналтын бодлого, арга хэмжээ, тамхи үйлдвэрлэгчийн бизнесийн үйл ажиллагааны зааг ялгааны талаар төрийн байгууллага, ажилтан, олон нийтийн мэдлэг, хандлага, хариуцлага нэмэгдэнэ

Тамхины хайрцаг, сав боодолд тавих шаардлага, зохицуулалт сайжирч тамхины хор хөнөөлийн талаарх бодитой мэдээллийн хүртээмж нэмэгдэнэ

Хүн ам, ялангуяа хүүхэд, өсвөр үеийхний дунд тамхины хэрэглээ болон тамхинаас үүдэлтэй халдварт бус өвчнөөс шалтгаалсан нас баралтыг бууруулах боломжтой юм.

2009 онд явуулсан халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн шаталсан судалгаагаар нийт хүн амын 27,6 хувь нь тамхи хэрэглэдэг. Үүний 48 хувь нь эрэгтэйчүүд, 6.9 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ тоог 2005 оныхтой харьцуулахад эрэгтэйчүүдийн тамхины хэрэглээ 0.1 хувиар буурч эмэгтэйчүүдийнх 1.1 хувиар өсчээ. Хоёр хүн тутмын нэг нь гэртээ, гурван хүний нэг нь ажлын байрандаа дам тамхидалтад өртдөг нь судалгаанаас тодорхой болсон байна.

Шинэчилсэн бүртгэл 61 хувьтай байна
Иргэний шинэчилсэн бүртгэлд насанд хүрсэн 1.151.236 /нэг сая нэг зуун тавин нэгэн мянга хоёр зуун гучин зургаа/ хүнийг хамруулсан нь нийт хүн амын 61 хувь гэсэн үг юм. Харин насанд хүрээгүй 448.707 хүүхэд буюу нийт хүүхдийн 56 хувийг бүртгэлд хамруулжээ.

Дундговь, Дорноговь, Булган, Говьсүмбэр, нийслэлийн Багануур, Багахангай дүүрэгт шинэчилсэн бүртгэлийн явц 74.6-87.0 хувьд хүрсэн бол Баян-Өлгий, Ховд аймагт 31.3-45.7 хувьтай буюу удаашралтай байна.

Иргэд төрсний гэрчилгээгээ хаяж үрэгдүүлсэн, овог нэр нь зөрсөн, иргэний үнэмлэхний хүчинтэй хугацаа дууссан зэрэг нь шинэчилсэн бүртгэлийн явцад нөлөөлж байна. Иймээс 1951 оноос хойш төрсөн иргэний төрсний гэрчилгээний лавлагааг шуурхай олгохын тулд иргэний баримтын архив 24 цагаар, нийслэлийн хороод бямба гаригт ч ажиллаж байгаа юм.

Хөдөө орон нутгийн оюутнууд байнга оршин суугаа газартаа шинэчилсэн бүртгэлд хамрагдах ёстой гэж байсныг өөрчилж, удахгүй тухайн сургуульд нь бүртгэж эхлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам ярилцаж байна.

Орон нутагт ажилласан төлөвлөгөөг батлав
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны наймдугаар сарын 24-29, есдүгээр сарын 3-5-ны өдрүүдэд говийн болон газар тариалангийн бүс нутгийн найман аймагт ажиллан, Оюутолгой, Тавантолгой, Дулаан уулын ураны хайгуул, Зүүнбаянгийн нефтийн туршилт, олборлолтын талбай, Булган, Орхон, Дархан, Сэлэнгийн ургац хураалтын байдалтай танилцсан юм.

Тэрбээр орон нутагт ажиллах үеэрээ Засгийн газраас хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөр, ялангуяа ашигт малтмалын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, “Атрын гуравдахь аян”-ыг бүх талаар дэмжин үргэлжлүүлэх, өвөлжилтийн бэлтгэлээ хангах талаар ард иргэдэд ярьж, орон нутгийн болон байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтай танилцан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн юм.

Ерөнхий сайд С.Батболдын хөдөө орон нутагт ажилласны дагуу авах арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталж тогтоол гаргалаа.

Энэ дагуу төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөв, эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган хэрэгжүүлэх.

Уул уурхайн ашигт малтмалын олборлолтыг нэмэгдүүлэх, түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан ашигт малтмал боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүх бололцоог судлан, “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” байгуулах бэлтгэл ажлыг эрчимжүүлэх.

Гашуунсухайт, Шивээ хүрэнгийн боомтын шалган нэвтрүүлэх цогцолбор, суурьшлын бүс, тэдгээрийн дэд бүтцийг ерөнхий төлөвлөгөөний дагуу барьж байгуулах, концессийн гэрээний ажлыг шуурхай зохион байгуулах.

Уул уурхайн болон боловсруулах үйлдвэрт ажиллах инженер, техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчдыг ерөнхий боловсролын сургууль төгсөгчид, орон нутагт ажилгүй байгаа залуучуудаас элсэлт авч их, дээд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд нэгдсэн бодлоготойгоор бэлтгэх.
Зүүн болон өмнийн говийн уул уурхай, аж үйлдвэрлэлийг дагасан хүн амын төвлөрөл, хотжилтыг хот байгуулалтын нэгдсэн бодлогоор төлөвлөж, зохион байгуулахыг салбарын сайд нар, холбогдох албан тушаалтнуудад даалгав.


Хамтарсан хороо хуралдана

2010 оны аравдугаар сарын 11-12-ны өдөр Улаанбаатар хотноо болох Монгол, Европын холбооны хамтарсан хорооны 13 дугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн удирдамжийг зөвшөөрч, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлахыг Монгол Улсын Шадар сайд, Хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга М.Энхболдод даалгав.

Хурлаар талуудын улс төр, эдийн засгийн өнөөгийн болон гадаад бодлогын талаар харилцан мэдээлэл сонсоно. Мөн хөгжлийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, үр дүн, 2007-2010 оны хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх хөтөлбөр, төслийн талаар ярилцах юм. Хэрэгжүүлэх бололцоо бүхий төслүүдийн талаар санал солилцож, эрчим хүч, дэд бүтэц, нийгмийн хамгаалал, аялал жуулчлал, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар яриа, хэлэлцээ хийхээр төлөвлөж байна.

Европын Холбооны стандартыг Монгол Улсад нэвтрүүлэхэд хамтран ажиллах, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлон, төсөл хэрэгжүүлэх боломж, Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулах Түншлэл, хамтын ажиллагааны Хэлэлцээрийн талаар хөндөж, үүний үр дүн, агуулга,  харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлийн талаар санал солилцоно.

Нотариатын тухай төслийг дэмжив
Хуулийн төсөл болон холбогдох 26 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 70 гаруй хуульд тодорхой төрлийн бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлэхээр заасан байдаг. Эдгээрээс 30 орчим нь шаардлагагүй шат дамжлага бий болгож, иргэн, хуулийн этгээдийг чирэгдүүлэн, эдийн засгийн дарамт үүсгэдэг нь судалгаагаар тодорхой болжээ. Хуулиас гадна захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргаж байгаа нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актад заавал нотариатаар баталгаажуулах тухай хэм хэмжээ тогтоож иргэд, байгууллагыг чирэгдүүлж байна.

Иймээс нотариатын үйл ажиллагааг зах зээлийн жишигт нийцүүлэн боловсронгуй болгох, төр, захиргааны болон шүүх, хууль хяналтын байгууллагад иргэд гуравдагч этгээдийн оролцоогүйгээр шууд хандах эрх зүйн таатай нөхцлөөр хангах, нотариатыг зайлшгүй тохиолдлоос бусад үед иргэдийн хүсэлтийн дагуу хийж байх, энэ харилцаанд төрийн оролцоог багасгах нь зүйтэй гэж үзэн хуулийг шинэчлэн сайжруулахаар төлөвлөжээ.

Шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар :
–    Иргэн, хуулийн этгээдийн хуулийн өмнө хүлээх үүрэг, хариуцлага дээшлэнэ
–    Төрийн байгууллага, шүүх, хууль хяналтын байгууллагад иргэд нотариатчийн оролцоогүйгээр шууд хандах боломжтой болно
–    Нотариаттай холбоотой баримт бичиг гэрчлүүлэх шат дамжлага, төлбөр хураамжийн дарамт багасна
–    Нотариатчид шударга өрсөлдөх боломж нэмэгдэнэ гэж Засгийн газар үзэж байна.


ТОВЧХОН

“Ой, хээрийн түймрийн хохирлыг тооцох журам”-ыг хавсралт ёсоор батлав. 1996 онд батлагдсан Ой, хээрийн түймрээс хамгаалах тухай хууль, түүний дагуу гарсан зарим журам, зааврыг 2007 оны Ойн тухай хууль, даган гарсан журам, зааварт нийцүүлэн шинэчлэх зайлшгүй шаардлагатай болсон байна. 2009 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар Ойн экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлан мөрдүүлж эхэлсэн. Энэ бүхнээс үүдэн “Ой, хээрийн түймрийн хохирлыг тооцох журам”-ыг өөрчлөх шаардлагатай болсон байна. Сүүлийн 5 жилд манай улсад 798 удаа түймэр гарч 48 хүн амь насаа алдан 2.1 сая газрын ой шатаж, 22.5 тэрбум төгрөгийн экологийн болон эдийн засгийн хохирол учирчээ. Ой, хээрийн түймрийн ихэнх нь хувь хүний болгоомжгүй үйлдлээс болсон бөгөөд эзэн холбогдогчийн 60 хүртэлх хувийг илрүүлж байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм.

  • АНУ-ын Вашингтон хотноо 2010 оны аравдугаар сарын 6-11-ний өдөр болох Олон улсын валютын сан, Дэлхийн банкны Захирагч нарын 2010 оны жилийн ээлжит чуулга уулзалт, Бүгд Найрамдах Филиппин Улсын Сэбү аралд мөн оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 3-ны өдөр болох Азийн хөгжлийн банкны хандивлагчдын ээлжит бага хуралд Сангийн сайд С.Баярцогтыг оролцуулах нь зүйтэй гэж үзэв.
  • Монгол Улсын буцалтгүй тусламжаар БНАЛАУ-д барьсан “Найрамдал” эмнэлгийн барилгын их засварт зориулан 300 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шилжүүлэх болов. УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн 2008 онд БНАЛАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр тус улсын Үндэсний Ассамблейн даргатай байгуулсан албан ёсны хэлэлцээрт тусгагдсаны дагуу их засварт шаардлагатай  300 сая төгрөгийг 2010 оны төсөвт суулгаж батласан юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж