Цөмийн энергийн хуулийг би шүүмжилсэн

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Цөмийн энергийн хуулийг би шүүмжилсэн

УИХ-ын гишүүн П.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсан хэдий ч хэрэгжүүлж чадахгүй гацаанд ороод байгаа гол шалтгаан юу байна вэ?

-Ажлын хэсгийнхэн саяхан хуралдсан. Манай ажлын хэсгийн хуралдаан намрын чуулганы анхны хуралдаан болох шиг боллоо. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хангуулах талаар Байгаль орчны байнгын хорооны Ажлын хэсгийнхэн Түлш эрчим хүчний яам, байгаль орчны яамны холбогдох албан тушаалтнуудын хууль хэрэгжүүлэх талаар хийж буй ажлын явц байдлын талаар мэдээлэл солилцсон юм.

-Ажлын хэсэг ямар үр дүнд хүрээд байна?

-Энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд ихээхэн бэлтгэл ажил шаардлагатай. Маш олон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа хууль юм. Олон аж ахуй нэгжийн лиценз цуцлагдана. Оруулсан хөрөнгө оруулалт, үүний ард хүмүүсийн ажил амьдрал бий. Иймд хугацааны хувьд удаж байна гэлгүй нарийн сайн боловсруулах хэрэгтэй юм. Аль аль талынх нь эрх ашгийг тооцон алтан дунджийг олж тогтоох хэрэгтэй болоод байна. Эдгээр аж ахуйн нэгжийн лицензийг одоо цуцлана гэхэд дараагаар нь юу болохыг тооцох хэрэгтэй. Иймд энэ ажлын хэсэг ойр ойрхон хуралдаж ажлыг хэрэгжүүлж буй хүмүүсийн ажил байдалтай танилцаж чиглэл, зөвлөмж өгч байна.

-Аж ахуй нэгжүүдийн лицензийг цуцлахад нөхөн төлбөрийн асуудал гарч ирж байгаа биз дээ. Одоогоор нөхөн төлбөр хэр их өсөөд байна?

-Энэ л толгойны өвчин болоод байна. Нөхөн олговрын хэмжээ 4,7 их наяд төгрөг болж байна. Ийм хэмжээний бэл бэнчин Засгийн газарт байгаа эсэх асуудал бий. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулинд нөхөн олговрыг олгосны дараагаар лицензийг цуцлах тухай заалт байна. Иймд одоо ямар арга замаар хэрхэн яаж шийдэх вэ гэдгийг л ярьж байна.

-Өнөөдөр эдгээр компаниудад нөхөн төлбөрийг гаргаад өгчихлөө гэхэд тэдэнтэй зөрөөд нинжа нар ороод ирнэ шүү дээ?

-Тиймээс л энэ хуулийг хэрэгжүүлэхэд их хэцүү байдалтай байгаа юм.  Хууль байлаа ч гэсэн захирагддагүй ийм л хэсэг иргэдтэй болчихоод байна даа. Алтны ордыг төр хуулийн дагуу лицензийг нь хурааж аваад гаргахад үнэхээр нинжа нар зөрөөд л ороод ирнэ. Нинжа нар тэр уурхайн учруулж байсан хор хохирлоос илүү их хөнөөлтэй. Тэдгээр иргэнээ хэрхэн зохицуулахаа шийдсэний дараагаар л хуулийг хэрэгжүүлэх болоод байна.
 
-Ажлын хэсгийнхэн энэ тал дээр ямар нэгэн арга, гаргалгаа хайсан уу?

-Бид харин бодоод л байна. Ажлын хэсгийнхний хувьд цуглахдаа энэ талаар ярилцаж байгаа. Би ажлын хэсгийн гишүүний хувьд энэ хуулийг үе шаттай хэрэгжүүлмээр санагдах юм. Нэгдүгээр ээлжинд энэ ангиллын уурхайн үйл ажиллагааг зогсоож, ийм хамгаалалтад аваад, ямар байдлаар гаргах гэх зэргээр тогтоож болох юм. Өөрөөр хэлбэл, хамгаалалтын бүс тогтоож, цэрэг цагдаа болж байж нөхөн сэргээх арга хэмжээ авахгүй бол болохгүй. Энэ бүхнээс шалтгаалж хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг ч үгүйсгэж чадахгүй нь.
 
-Ер нь үүнтэй адилаар батлагдан гарсан ч гэсэн үйлчлэх чадвараа алдаад байгаа, бүр сөргөөр нөлөөлж буй ч хуулиуд байгаа хэмээн шүүмжилж байна. Таны хувьд өнгөрсөн хугацаанд баталж гаргасан хуулиудаас эргэн харах зүйл хэр байна вэ?

-Тийм шүү. Жишээ нь Цөмийн энергийн тухай хуулийг батлагдахаас нь эхлээд шүүмжилж байсан гишүүний нэг нь би шүү дээ. Энэ хуулийг батлах болоогүй, наадах чинь маргаантай зүйл үүсгэнэ гэж байсан. Мөн Цөмийн энергийн хууль батлагдсаны дараагаар Цөмийн энергийн агентлагийн хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг шүүмжилж байгаа хүн. Тухайн үед би хэлж л байсан. Уран олборлоод явж байхад нь алт гараад ирвэл яах вэ, алт олборлож байхад нь уран илэрвэл яах вэ гээд. Агентлаг нь зөвшөөрлийг олгодог, хянадаг, ийм том төвлөрсөн эрх мэдэлтэй байж болох юм уу гэдгийг их л шүүмжилсэн. Одоо үүнийх нь гор нь эхнээсээ гарч л байна шүү дээ. Тухайлбал, Цөмийн энергийн тухай хууль гарснаар энэ салбарын ажил урагшаа явчих юм болов уу гэсэн чинь харин ч бүр зогсчихлоо. Тухайлбал, “Хаан Ресурс” компанийн лицензийг сунгахгүйгээр зогсоочихлоо. Ураны гол ордынхоо лицензийг ийнхүү зогсоогоод орхичихлоо. Мөн тэр “Шиншин” гэдэг компанийг үйлдвэрээ байгуулан дөрвөн зуугаад монгол ажилчин аваад олборлолтоо эхэлж, анхны бүтээгдэхүүнээ гаргах гэж байхад нь Цөмийн энергийн газрын гурван байцаагч давхиж очоод үйл ажиллагааг нь зогсоогоод, хаалга үүдийг нь лацдаад хаячихаж байгаа юм даа.

-Тухайн байцаагчид ямар хуулийн зүйл заалтыг баримтлан ийнхүү үйл ажиллагааг зогсоож байгаа хэрэг вэ?

-Цөмийн энергийн агентлагийн байцаагч нарын гаргасан актыг би үзсэн л дээ. Ерөнхий агуулга нь цөмийн энергийг олборлох, ашиглах, хайх, тээвэрлэхтэй холбогдсон заалт байгаа юм. Үндэслэлд нь та бүхний полиметал, хар тугалга, цайр олборлож буй газар нутагт ураны нөөц байна. Тиймээс уран олборлох зөвшөөрөл авах ёстой. Хариуд нь компани манайх уран олборлохгүй гэхээр “нөөц нь байгаа учраас ураны зөвшөөрөл авах ёстой” гэж байна. Үгүй яах вэ ураныг олборлоё гэж бодьё. Гэтэл Монголд ураныг олборлоод хайгаад, тээвэрлээд, боловсруулахтай холбогдсон агуулах сав, гэрээ хэлцэл нь тэгээд хаана байна. Хаана ч байхгүй л байгаа биз дээ. 

Орчин үеийн технологиор уран буй хэсгийг нь тусгаарлах технологиор салгаад, олборлосон хар тугалга, цайраа шинжилдэг газраар нь урантай эсэхийг нь шинжлүүлээд явж болно. Гэтэл тэр “Шиншин” компани гэхэд л Монгол Улсын хуулийн дагуу явж байсан компани байсан. Гэтэл Цөмийн энергийн агентлаг гэх нэг нөхөр очоод полиметал олборлох үйл ажиллагааг нь зогсоочихож байна. Гэтэл зөвшөөрлийг өгдөг, хянадаг, цуцалдаг эрхийг нэг гарт төвлөрүүлж болдоггүйн жишээ энд харагдаж байгаа юм.

-“Хан Ресурс”-ийн хэрэг шүүхэд явж байгаа. Ер нь энэ асуудлыг шийдэхийн тулд ямар арга зам байна вэ. Шүүмжлэх чухал биш засах арга зам чухал биз дээ?

-Одоо бол Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулахаас өөр ямар ч арга байхгүй. Энэ өөрчлөлтийн талаар би нарийн судалж байна. Би мэргэжлийн хүн биш ч энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын удирдлагууд, эрдэмтэн, судлаачдын үгийг сонсч байна. Энэ чиглэлийн үйл ажиллагаа нь хөгжсөн улс орнуудын хууль эрх зүйн орчныг сонирхлоо. Эхний хувилбараар бодоход энэ хуулиар зохицуулсан зүйлийг гурав хуваах саналтай байна. Нэгдүгээрт, зөвшөөрлийг нь олгодог эрх нь Ашигт малтмалынхаа газарт байг.  Уран гэдэг чинь адилхан л ашигт малтмал гэсэн үг. Ялгагдаад байх онцын зүйл бараг байхгүй. Хоёрт, Цацрагийн хяналт гэж нэг чухал зүйл бий. Цацрагийн хяналтын тухай тусгай хууль манай улсад үйлчилж байсан. Гэтэл Цөмийн энергийн хууль, Цацрагийн хяналтын тухай хуулийг тусад нь байхад нийлүүлж нэг хууль болгосон. Цацрагийн хууль гэдэг чинь зөвхөн цөмийн энерги дээр хэрэгждэг зүйл биш шүү. Энэ бол цацраг ялгаруулагч олон зүйл дээр хэрэглэгдэх ёстой юм. Гуравдугаарт, яг цөмийн энергийн тухай хуулиар олборлох, ашиглах, боловсруулах зэрэг мониторинг, хяналтын тогтолцоон дээр суурилсан ийм зохицуулалтай байх ёстой. Иймд хуулийг ялгаж салгаж өгөхгүйгээр одоогийн хуулиар яваад, цөмийн энергийн газар гэдэг бөндийсөн, бүх юмаа базаж хамсан газар байсаар байх юм бол Монголын цөмийн энергийн салбар урагшлахгүй. Одоо энэ чигээр байх юм бол Монголоос цөмийн энергийн салбарт хамтран ажиллах гэж байгаа гадаадынхан эхнээсээ гарч явах болно. Одоо тэд тээнэгэлзсэн байдалд орчихсон байгаа. Хөрөнгө оруулалт хийчихээд байж байтал шинэ хууль гараад үйл ажиллагааг маань зогсоочихлоо. Их эрчтэй ажиллах гэсэн бодол нь яадаг юм билээ гэх бодлоор солигдчихсон байна.

-Та чинь тэгэхээр “Хан Ресурс” гэх компанийн үйл ажиллагааны лицензийг цуцалсанаас болоод Цөмийн эрчим хүчний салбарын том асуудал руу орж, энэ салбарын асуудлыг хөндөх болсон юм аа даа?

-Ер нь бол Цөмийн энергийн тухай хууль гэдэг чинь тэр салбарыг бүхэлд нь хөндөж байна. Тэгэхээр хуулийг хөндөнө гэдэг чинь тухайн салбарыг тэр чигээр нь хөндөхөөс өөр аргагүй юм шүү дээ.

-Та “Монгол Улс ураны талаар ямар бодлого баримталж байгаа вэ” гэх асуулгыг Ерөнхий сайдад тавьж байсан. Тэр асуулгаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Өнөөдрийн байдлаар ураны орд газрууд хэний мэдэлд байна вэ, төр ямар бодлого баримталж байна?

-Ураны салбарт төдийгүй маш олон салбарт хамтран ажиллая гэх бодлогыг Засгийн газраас гаргасан. Энэ салбарт хамтран ажиллах талаар олон улстай санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамгийн сүүлд л гэхэд АНУ-ын Цөмийн эрчим хүчний дэд сайд гарын үсгээ зурсан.

Хяналт тавих үүднээсээ цөмийн энергийн салбарт хоёр орон хамтран ажилладаггүй. Олон улсын Цөмийн энергийн газрын хяналтын хүрээнд гурваас дээш орон хамтран ажилладаг. Жишээ хэлэхэд Орос Монгол хоёр энэ салбарт хамтран ажиллана гэвэл манай орон цөмийн эрчим хүчний талаар туршлага багатай, Орос асар их мэдлэгтэй учир тэднийг цөмийн бөмбөг хийгээд байвал бид мэдэх боломжгүй. Харин гурван орон хамтран ашиглаж байгаа үед хяналтыг бие биедээ тавих боломжтой болно.  

-Монгол Улсын хувьд гол харилцагч хэн байх вэ?

-Бид харин гол харилцагчаа тогтоож чадахгүй байна. Үнэнийг хэлэхэд Монголын ураны нөөцөн дээр гадаадын том том улсуудын өрсөлдөөн явж байна. Хятад маш их сонирхож байна. Орос бүр “Дорнод Монголын уран” манай мэдэлд байх ёстой ч гэх байдалтай байна. Яг тэгж хэлээгүй мөртлөө цаагуураа явуулж буй үйл ажиллагаараа тийм хандлага гаргаад л байгаа. Мөн Япон асар их сонирхож байна. Францын “Арева” групп бүр ороод ирсэн. Гэхдээ орд газрын алийг нь аль улс сонирхож байгаа нь ялгаатай.

Жишээ нь манай Дорнодын ураны орд бол алтаар бол үндсэн орд юм. Эрдсийн агуулга өндөртэй. Үүнийг гадныхан их сонирхож байгаа. Дорноговьд илэрч буй ураны орд бол алтаар хэлэх юм бол шороон орд. 60 см-ийн гүнээс олборлож, газрын гүнд нь уусган боловсруулалт хийж ураныг гаргаж авах зэргээрээ ялгаатай. Ийн сонирхож буй олон орноос алийг нь сонгон, ямар гоё гаргалгаа хийж, энэ салбараа хөгжүүлэх нь төрийн мэргэн ухаанаас хамаарахаар болж байна.

-Уул, уурхай, олборлолт, ашигт малтмалыг дагалдан байгаль орчны бохирдлын асуудал дагадаг нь хууль мэт болчихлоо. Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, мөн Ногоон бүлгийн гишүүний хувьд байгаль орчны нөхөн сэргээлтийн талаар ямар бодолтой байна вэ?

-Байгаль орчноо нүднээ илт, улаан цайм сүйтгэж байгаа дээр нь төр хатуу нударгаа үзүүлэх хэрэгтэй. Онги, Орхон, Хараа, Ерөө, Заамар гээд модыг нь устгаад, голын эх дээр газар ухаад байгааг нь зогсоох хэрэгтэй. Манай улс энэ хэдэн голынхоо ай савд алт олборлоогүйгээс болж сөнөчихгүй. Үүнгүйгээр говийнхоо хоёр толгойг ашиглаад, уран, газрын тосоо ашиглаад явахад Монгол Улсад “хаваажид” шүү дээ. Монгол Улсад бодлого байх хэрэгтэй. Ийм төрлийн газарт нь зөвшөөрөл өгөхгүй гэдэг бодлогоо л тодорхой болгож өгөх ёстой юм. Нөгөө талаар хэтэрхий туйлшрах хэрэггүй. Байгалиа хамгаалж байна гээд энд тэндгүй очиж үйл ажиллагааг нь зогсоож, буу шийдэмдээ тулах, дарамтлаад байх хэрэггүй. Жишээлбэл би Дорнодынхоо газрын тос, ураны асуудалд энд байгаа хоёр компанийн үйл ажиллагааг явуулах ёстой гэж боддог. Үүнээс нь нутгийн ард түмэн, Монгол Улс үр ашгаа хүртэх хэрэгтэй. Байгаль орчны яам харин стандарт гаргачих. Газрын тосны талаар бид ийм бодлого баримтална гээд л гаргачих. Одоо бол манайд ямар ч стандарт алга.  Хэрэв ингээд гаргачихвал бид нарт ч амар, үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад ч амар. Одоо уран, газрын тосны чиглэлд байгальд халгүй асар өндөр технологи бий болчихсон байна. Тэр технологийг л стандарт болгочихвол л болчихно.

-УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд асуулга асуудаг. Таны өнгөрсөн хугацаанд гаргаж хөндсөн асуулгаас үр дүнд хүрсэн  зүйл юу байна. Жишээ санахад  “Оюутолгой” ХХК-иас нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээ нь  Оюутолгойн ордод ажиллах монголчуудын ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын гэрээний заалттай нийцэхгүй байгаа талаар асуулга тавьж байсан шүү дээ?

-Миний тавьсан нэг асуулгыг үр дүнтэй болсон гэж бодож байгаа. Яагаад гэвэл Улаанбаатар хотод 3300 ажлын байр бий болгож, суваг шуудуу цэвэрлүүлэх, морин эргүүл хийлгэх, үүний хөлсөнд тодорхой хэдэн төгрөг өгнө гэснийг нь би эсэргүүцээд та нар үүнийхээ оронд Оюутолгойд ажиллах ажилчидаа сургахад 12 тэрбум төгрөгөө зарцуулж болдоггүй юм уу гэсэн асуулт тавьсан юм. Өчигдөр харин яг энэ хэмжээний мөнгийг хог шүүрдүүлээд өгөх биш мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцагчдад зориулахаар болсныг мэдлээ. Энэ чинь үр дүн мөн биз дээ. Асуулт, асуулгууд үр дүнтэй. Хүн хэдий сайн ч хэлэхээс нааш санадаггүй гэдэг шиг асуулт тавиад их хурал, байнгын хороон дээр сонсоод, Засгийн газарт чиглэл өгөөд, алдаа оноогоо засаад явбал ажил урагштай байдаг. Би чамайг орж ирэхийн өмнө  бас дахиад нэг асуулга тавих гээд л бичээд сууж байсан юм.

-Үр дүнд хүрсэн бол сайхан л хэрэг байна. Ерөнхий сайдад ямар асуулт тавих гэж байгааг чинь сонирхоод яриагаа өндөрлөх үү?

-“Цөмийн эрчим хүчний талаарх хуулийн хэрэгжилт ямар байна вэ” гэх асуулт.

-Баярлалаа.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж