Иргэдэд торгууль ногдуулахгүй

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Иргэдэд торгууль ногдуулахгүй

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр иргэний шинэчилсэн бүртгэлийн талаар авч хэлэлцсэн юм. Энэ асуудлаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатараас дараах асуултад хариулт авлаа.
-Одоогоор иргэний шинэчилсэн бүртгэл улсын хэмжээнд хэдэн хувьтай явж байна вэ.  Аймгууд хэр ахицтай байгаа бол?

-Хамгийн сүүлийн мэдээллээр иргэний шинэчилсэн бүртгэлд нэг сая 151 мянган хүн бүртгэгдээд байна. Аймгуудад янз бүр,  зарим аймаг 70 гаруй хувьтай байхад зарим нь 30 гаруйхан хувьтай байна. Тиймээс иргэний шинэчилсэн бүртгэлийг идэвхжүүлэхээр боллоо.

Энэ хүрээнд ирэх аравдугаар сарын 31-н хүртэл ажлын өдрүүдэд 24 цагаар хоёр ээлжээр ажиллаж,  лавлагаа өгч байхаар боллоо. Манай ажилтнууд өнгөрсөн хугацаанд маш их ачаалалтай ажилласан учир амралтын өдрүүдэд ажиллах боломжгүй байна.

-Бүртгэл арваннэгдүгээр сарын 1-н гэхэд цэгцэрнэ гэж ойлгож болох уу?

-Арваннэгдүгээр сарын 1-н гээд бүр мөсөн дуусчих юм  биш. Хүүхэд мэндэлж, 16 нас хүрсэн залуус иргэний үнэмлэх авна гээд бүртгэлтэй холбоотой явц тасардаггүй учраас  үргэлжлээд л явагдана. Мөн оюутан, цэргүүдийг байгаа газарт нь очиж бүртгэхээр болсон.

-Аравдугаар сарын 1-нээс хойш шинэчилсэн бүртгэлд хамрагдвал торгууль ногдуулна гэсэн үү?

-Торгуультай гэдэг худлаа.

-Иргэний бүртгэлийн гадаа дугаарласан хүмүүсийг харахад баримт зөрчилтэй хүмүүс их байгаа бололтой. Өдөрт хэдэн хүнд үйлчилж байна вэ?

-Өдөрт 1000 гаруй хүнд үйлчилж байна. Иргэний үнэмлэхийнх нь регистр зөрчилтэй, эцэг эхийн нэр зөрүүтэй, насаа нэмж, хассан гээд янз янзын шалтгаан байна. Иргэний үнэмлэх олгохдоо төрсний гэрчилгээг нь үндэслээгүй, улаан паспортоо үндэслэснээс зөрчил их гарч байна л даа.  Тэр үеийн улаан паспорт зөрчил ихтэй, засч болдог байсан нь одоо зөрчил болоод байна. Үүнийг л арилгахаар цэгцэлж, шинээр бүртгэж, 10 хурууны хээ авч байгаа юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж