Үзэл баримтлал солихыг дэмжсэнгүй

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Үзэл баримтлал солихыг дэмжсэнгүй

Намынхаа нэр, үзэл баримтлалыг солихоор  дарга нар нь Тунхаг бичиг гаргаад буй МАХН дотор хөдөлгөөн ихтэй байна. Шат шатандаа хэлэлцүүлэг эхэлж гишүүд байр сууриа илэрхийлээд эхэлжээ. Тэднээс хамгийн идэвхтэй ажиллаж буй нь  “Шинэ хөг­жил” сан, “МАХН-ын үнэт зүйлийг хам­гаалъя” бүлгэм, “Зөв сонголт” МАХН-ын гишүүд, дэмжигчдийн хөдөл­гөөн, “Шинэ үе-Ардчилал” төрийн бус байгууллагууд юм. Хэд хоногийн өмнө хэлэлцүүлэг өрнүүлж байсан тэдгээр байгууллагын 700 гаруй төлөөлөгч өчигдөр мөн л хамт­ран “МАХН-ын шинэч­лэл: Ухрах уу, урагшлах уу?” сэдэвт уулзалт-хэлэлцүүлгээ үргэлжлүүлэв. Хүүхдийн ордонд болсон энэ удаагийн уулзалтаар МАХН-ын гишүүдэд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үзэл бодлоо хэлэх нь ус агаар мэт хэрэгтэй гэдгийг үг хэлсэн гишүүн бүр онцолж байлаа. МАХН-ын дээд удирдлага гишүүдийнхээ үгийг хааж боодог, зөвхөн өөрийн хүрээллийн хүмүүсийг дээш татдаг, алдаа дутагдлаа намын нэр, үзэл баримтлалаас болсон мэтээр ухуулдаг гэдгийг тэд хэлж байсан юм. Гишүүдийн хэлж буйгаас үзвэл сар гаруйхны дараа хийхээр товлосон МАХН-ын их хурлын 801 төлөөлөгч сонгох үйл ажиллагаа тун “но”-той эхэлж байгаа аж. Анхан шатны үүрийн гишүүдийг хэсэг бүлгээр нь салхинд гарган хорхог, сархдаар “аргадаж” байгаад бүр дээрээс санал болгосон эрхмүүдийг 100 хувийн саналаар намын их хурлын төлөөлөгчөөр сонгуулах “жүжиг” тоглож буйг гишүүд ярьж байлаа. Лав л нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд дээр тийм тохиолдол гарчээ. Эсэргүү үг хэлэх гишүүн намын их хуралд төлөөлөгч болж орж ирэхээс дээд хүрээнийхэн ихэд эмээж буй гэнэ.

МАХН дотор аливаа сонголтыг 100 хувийн саналаар хийдэг нь хамгийн байж боломгүй, дээд зэргийн ардчилалгүй явдал болохыг гишүүд дор бүртээ шүүмжилцгээлээ. Хэдхэн хоногийн өмнө МАХН-ын дэргэдэх залуучуудын байгууллагын даргаар МАХН-ын даргын санал болгосон Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналаар сонгосон нь шинэ зууны ардчилсан оронд гарч болшгүй үзэгдэл байсан хэмээн тэд хэлж байв. Удахгүй эмэгтэйчүүд, ахмадын байгууллагын тэргүүнийг ч тийм байдлаар сонгохоор зэхэж буйг гишүүд буруу хэмээн үзэж доктор Н.Удвал, МАХН-ын ахмад кадр Б.Лантуу нарын эрүүл саруул байр сууурьтай гишүүдийг тэдгээрт нэр дэвшүүлэн өрсөлдүүлэх саналтай байгаагаа илэрхийлцгээсэн юм. МАХН-ын дээд удирдлагын хүрээнийхэн аль болохоор жирийн гишүүдийнхээ амыг хамхиж, нүд, чихийг таглаж байгаад санаагаа гүйцэлдүүлдэг явуургүй аргатайг оролцогчид хэлж, цаашид ийм байлгахгүйн төлөө тэмцэхээ илэрхийлэв.

“МАХН-ын шинэч­лэл: Ухрах уу, урагшлах уу?” сэдэвт уулзалт-хэлэлцүүлгийн үеэр түүнд оролцсон 700 гаруй төлөөлөгчийн дунд МАХН-ын уугуул нэрийг сэргээх нь зөв үү, МАХН-ын үзэл баримтлалыг солихыг юу гэж үзэж байна, зүүний чиглэлээ дагах нь зөв үү гэсэн асуултуудаар санал асуулга явуулсан юм. Судалгаанд хамрагдагсдын 70 хувь нь намын нэрийг өөрчлөх нь буруу, 57 хувь нь үзэл баримтлалаа солихыг дэмжихгүй, 49 хувь нь зүүний чиг баримтлалаа хадгалъя гэсэн хариулт өгсөн байна. Эндээс харвал хэлэлцүүлэгт оролцсон гишүүдийн дийлэнх нь МАХН-ын нэр, үзэл баримтлал, чиглэлийг өөрчлөхийг дэмжсэнгүй.

Энэ үеэр уулзалт-хэлэлцүүлэгт оролцож байсан Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяраас “Та намын их хурлаар намын даргын сонгуульд өрсөлдөх үү?” гэсэн асуултыг Баянзүрх дүүргийн гишүүн Б.Оюунчимэг тавьсан юм. Түүнд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Сүүлийн үед намын үзэл баримтлалын асуудлаар ярьснаас болж намайг албан тушаалаа эргүүлж авах гээд байгаа юм шиг зарим хүн боддог шиг байна. Миний хашиж байсан албан тушаалууд хангалттай. Ийм тушаалуудыг итгэж хашуулсан ард түмэндээ баярлалаа. Надад ямар нэг албан тушаал хэрэггүй. Ц.Нямдорж сайд зэрэг зарим хүн төлбөртэй нэвтрүүлгээр хүн доромжилж байна. Бид хүн доромжлох биш, зөвхөн намын нэр, үзэл баримтлал, байр сууриа л ярих ёстой. Намын нэр бол дарга нарын өмч биш. Үзэл баримтлал бол намын зүрх. Та нарыг унтуулж байгаад өөр зүрх солих гээд байна. Бид албан тушаалгүй хүмүүс тул энэ талаар чөлөөтэй ярих эрхтэй” гэсэн хариулт өглөө.

УИХ-ын 2008 оны сонгуульд сонгогчдодоо өгсөн амлалтаа биелүүлэхгүй байгаа МАХН-ын удирдлагыг гишүүд буруутгаж байв. МАХН зүүний социалист үзэл баримтлалаасаа 100 хувь ухарч буйг, хүүхдийн мөнгийг байхгүй болгож, Эх орны хишиг 1,5 сая төгрөгийн амлалтаа сарын 10 мянган төгрөг болгон иргэдээ хуурч буй гээд амлалтаас ухарсан жишээнүүдийг дурдаж байсан юм. Хүн амын 35,2 хувь буюу нийт хүн амын гуравны нэг нь ядуугийн данстай, ядуурлын шугамаас ч доогуур амьжиргаатай байгааг судлаачид дурдлаа. Ядуусын хэрэглээ ядуу бус хүн амын хэрэглээний гуравны нэгтэй л тэнцэж, хоол хүнсний хэрэглээний хувьд бүр тал хувиар доогуур байгааг жишээ болгосон юм. Байдал ийм байхад МАХН зүүний үзэл баримтлалаасаа хэрхэвч ухарч болохгүйг хэлэлцүүлэгт оролцогчид хэллээ. Ой модны сан, усны сав газарт ашигт малтмал эрэх, олборлохыг хориглох тухай хууль хэрэгжихгүй байгаа, тэдгээр газарт олгосон 1782 зөвшөөрөл бүхий 890 аж ахуйн нэгжид лиценз цуцалсны нөхөн олговор болгож 4,5-аас долоон их наяд төгрөг олгохоор Засгийн газарт ярьж байгааг доктор Н.Дашзэвэг буруутгалаа. Мөн үзэл бодол нийлэхгүй хүнийг Удирдах зөвлөлийн шийдвэрээр МАХН-аас хасдаг нь фашист маягийн харгис тогтолцоо гэцгээж байв.

МАХН-ын гишүүн хэсэг эрдэмтэн хэлэлцүүлгийн өмнөх шөнө хуралдаж намын дэргэд эрдэмтдийн зөвлөл байгуулснааэнэ үеэр зарласан юм. Тэд эрдмийн зөвлөлийн даргаар “Монгол” дээд сургуулийн захирал, доктор Н.Дашзэвэг,  эрдэмтэн нарийн бичгийн даргаар доктор Ц.Долгорсүрэн нарыг сонгож гишүүдэд доктор Х.Владимир, Ю.Атар, Н.Удвал, С.Молор-Эрдэнэ, Н.Пүрэвбаатар, С.Нарангэрэл, Б.Туяа нарын олон эрдэмтнийг багтаасан байна. Тэд намын онолын сэдвүүдээр лекц яриа зэргийг бэлтгэж, гишүүддээ толилуулж байх ажээ. Өнөөдрийн хэлэлцүүлгийн үер МАХН-аас шинэ хөдөлгөөн төрүүлнэ гэж байсан ч дараагийн хэлэлцүүлгээр уг ажлыг хийхээр хойшлуулжээ. Уулзалт-хэлэлцүүлгээс уриалга гаргаж МАХН-д шинэчлэлтийн бодлого зайлшгүй шаардлагатай болсныг тэмдэглэснээр арга хэмжээ өндөрлөлөө.

                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж