ХХС-гаас эрүүл мэндийн даатгал төлнө

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

ХХС-гаас эрүүл мэндийн даатгал төлнө

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах үндсэн чиглэлийн  төслийн тухай, Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нарын санаачлан боловсруулсан “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 10 орчим асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр Эмчилгээний зардал гаргах тухай  асуудлыг Засгийн газраас хэрхэн шийдвэрлэсэн талаар Эрүүл мэндийн сайд С.Ламбаагаас тодруулсан юм.

-Засгийн газрын хуралдаанаар Эмчилгээний зардал гаргах тухай  асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ.  Эрүүл мэндийн салбарт ямар шинэчлэл хийгдэхээр болж байна вэ?

-Эрүүл мэндийн салбарт төр хариуцаж байгаа иргэдийн мөнгөн дээр 10.3 тэрбум төгрөг нэмэгдэхээр боллоо. Манай улсад эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй 400 мянган гаруй хүн байна. Эдгээр хүмүүсийн  нөхөн төлбөрийг Хүний хөгжил сангаас гаргахаар боллоо. Үүнд 9,3 тэрбум төгрөг шаардлагатай. Ер нь Хүний хөгжил сангаас олгох мөнгийг орон сууц, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэл, мөн бусад төрлийн үйлчилгээнд зарцуулна гэх дөрвөн ангилалтай. Тэр ангиллын хүрээнд авч үзэх юм бол өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн даатгал төлөөгүй иргэдээ эрүүл мэндийн даатгалд хамруулж, 100 хувийн даатгалд хамруулах өөрчлөлт хийх боломжтой болголоо. Цаашид манай тооцоогоор авч үзвэл нэг хүнд 200 мянга орчим төгрөгийн эрүүл мэндийн даатгалын санг Хүний хөгжил сангаас бүрдүүлэхээр болж байна.  Ийм байдлаар зохион байгуулахаар төсөв дээр ажиллаж байна.

-Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх тал дээр тодорхой  өөрчлөлт гарч байгаа юу?

-Ер нь эрүүл мэндийн даатгалын тарифыг өөрчлөх үйлчилгээний оношийн хэсгийг өөрчилсөн байгаа. Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар өөрчилсөн. 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Хуучин орыг санхүүжүүлж байсан юм. Жишээлбэл нэгдсэн гуравдугаар эмнэлэгт 600 орыг санхүүжүүлнэ гэх ч юм уу. Одоо бол тийм зүйл байхаа больж байна. Үндсэнд нь зургаан зүйлийг санхүүжүүлж байна. Үүнд, эмнэлэгт хэвтэх, гэрээр эмчлэхийг санхүүжүүлж байгаа, мөн онош тавих, шинжилгээ өгөхийг нь 30 мянган төгрөгөөр нэг удаа санхүүжүүлж байгаа. Түүнээс гадна нөхөн сэргээлт, сувиллыг мөн даатгалаар санхүүжүүлэх тогтолцоонд шилжсэн. Амбулаторийн үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар санхүүжүүлдэг болсон. Нэг орыг 200  мянган төгрөг гээд бүх эмнэлэгт адилхан өгчихдөг байсан бол одоо өвчний оношоор санхүүжилт өгөхөөр болсон юм. Зүрх судасны мэс засал хийлгэсэн бол 670 мянган төгрөг даатгалаас авна. Мухар олгойн мэс засал хийлгэсэн бол даатгалаас 20 мянган төгрөг авна. Даатгалын мөнгийг ялгавартай тогтоогоод ирэхээр эмнэлгүүд нь өөрөө хөгжлийн шатандаа орж байгаа. Хамгийн нарийн эмчилгээ сувилгааг хийх юм бол их нөхөн төлбөр авна, ойр зуурын эмчилгээ хийх юм бол маш бага мөнгө авдаг байх болно. Эрүүл мэндийн даатгалын хэмжээ энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 76 тэрбум төгрөг болж өсөн, Даатгалд эрүүл мэндийн даатгалын эзлэх хэмжээ 39 хувьд хүрсэн. Хуучин энэ тоо 18 хувьтай л байсан. Тийм учраас эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэлд маш том шинэчлэл хийгдэж байгаа гэж ойлгож болно.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж