Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Улс төрийн золиос

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурц Лондонд баривчлагдсан шалтгааныг тодруулахад Монголын эрх, үүрэг бүхий байгууллагууд хэтэрхий урт хугацаа зарцуулж байна. Түүнийг  баривчлагдсанаас хойш арав гаруй хоног өнгөрч байхад манай дипломат байгууллагууд, хуулийнхан “яагаад” гэдгийг судалсаар. Энэ зуур Б.Хурц гэдэг хүн энэ улсын хамгийн чухал хариуцлагатай байгууллагад биш гэмт хэргийн ертөнцөд ажилладаг байсан мэт муу муухайгаар дүүрсэн мэдээллүүд цацагдаж байна. Албаны хүмүүсийн өнөөг хүртэл олж мэдэх гээд чадахгүй байгаа ч юм уу, эсвэл нууцлаад байгаа тэрхүү баривчилгааны шалтгаан нь Б.Хурцад өөрт нь байсан юм гэдэг ойлголтыг олон нийтэд суулгах зорилготой “ажиллагаа” сүүлийн өдрүүдэд өрнөж байгаа ч юм шиг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг энэ албанд тохоон томилсон учир улстөрчдийн бие бие рүүгээ тавьж байгаа суманд энэ үйл явдал хачир болж байна. Дипломат алба, хууль цагдаагийнхан амаа үдчихээд байгаагаараа энэ байдалд бүр ч ташуур өгч, өөгшүүлэв. Англичууд төрийн албаны шугамаар хуралд оролцохоор явсан Монголын хариуцлагатай албан тушаалтныг саатуулчихаад ийм олон хонохдоо эл үйлдлээ тайлбарлахгүй нуугаад байгаа гэхэд итгэхэд бэрх. Үнэхээр тэд тусгаар улс орны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнх нь аппаратын ажилтныг баривчилсан, хорьсон алин болохоо дипломат албанд нь хэлэхгүй, тодруулах гэхээр тээг тушаа хийгээд байгаа бол Монгол Улсын нэр хүнд дэлхийн тавцнаа хаана явна аа гэж асуумаар байна.Азийн зүрхэнд ардчиллын гал бадраасан, АНУ-ыг гурав дахь хөршөө гэдэг бидний монголчууд өнөө ад үзэгддэг лалынхантай адилхан юм гэж үү? Уг нь иргэнийг нь хорьж саатуулсан бол тухайн улсад дипломат шугамаар 72 цагийн дотор мэдэгдэх ёстой байдгийг ГХЯ-ны ажилтан хэлж байна. 

Хамгийн сүүлийн мэдээгээр Францын цагдаагийн байгууллагаас Б.Хурцыг шилжүүлэн авах хүсэлт тавьсан гэнэ. Энэ үнэн бол Тагнуулын ерөнхий газрын ажилтан байхдаа 2003 онд Д.Энхбатыг гүйцэтгэх ажлын шугамаар Францаас хууль бус аргаар хил давуулж авчирсан гэх үндэслэлээр баривчилсан гэдэг нь батлагдаж байгаа юм.  Улс орны аюулгүй байдал төрийн нууцтай холбоотой хариуцлагатай албаны аппаратын удирдлага ингээд хэзээ өмнө болсон асуудалд ороогдон хоригдсон бололтой. Гадаадын улс орны хууль цаазыг бүдүүлгээр зөрчин, газар нутагт нь гүйцэтгэх үйл ажиллагаа явуулсан хэрэг ийнхүү улс орны маань “нүүрийг түллээ”.  Чухамдаа биднийг хойд Солонгос, Албани, Ирантай адилтгаж харуулсан энэ тэнэг хэргийн жинхэнэ хариуцлага хүлээх ёстой эзэн Б.Хурц мөн үү? УИХ-ын 2004 оны сонгуулийн өмнө улс төрийн хожил хайсан шоуны золиос нь Б.Хурц болж хувирч байгаа бололтой. Мэдээж, англичууд, эсвэл францчууд түүнийг цаазлахгүй, тамлахгүй. Тэгэхдээ үүгээр дамжин үзүүр нь атгагдсан хэргийг шүүж таарна. Энэ тохиолдолд харин  үүрэг гүйцэтгэсэн ажилтан биш гүйцэтгэх албадад үүрэг өгсөн улс төрийн албан тушаалтнууд хариуцлагын жинхэнэ эзэд байх ёстой бус уу.

 С.Зоригийн аллагыг илрүүлж, эзэд нь тодорхой болоход Ардчилсан нам нэр нүүргүй болно гэсэн цуу, үүнийгээ үнэмшилтэй болгох зорилгоор дэглэсэн “С.Зоригийн аллагын сэжигтнийг Францаас авчирлаа” гэдэг жүжгийн тайлал нь өнөөдөр Лондонд болж байгаа хэрэг явдал гэвэл хол зөрөхгүй. Хэрэв шоу, жүжиг, золиос байгаагүй юм бол Д.Энхбатыг дээрх аллагад буруутай гэдгийг нотлохгүй яасан юм бэ? Энэ олон жил өнгөрөхөд жинхэнэ эзэн, захиалагчийг нь олохгүй яасан юм бэ?

2003 онд болсон дээрх явдлын хариуцлагыг үүрэх ёстой эздийн нэгээр тэр үеийн төрийн эрхийг барьж байсан намын дарга, Ерөнхий сайд Н.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан, одоо ч байгаа Ц.Нямдорж нарыг нэрлэж болох юм биш үү. Тушаах эрх мэдэл тэдэнд байсан биз дээ. Өчигдөр болсон Засгийн газрын хуралдааны үеэр хууль зүйн сайд “ Энэ хэргийг нээлттэй ярья, хэн буруутайг хэлэлцье” гэсэн мэдээлэл байна. Хэрэв энэ үнэн бол хэргийн үзүүр экс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга руу чиглэхийг тааж ядах юмгүй.

Айлчлалаар мордсон С.Батболдын эзгүйд намынх нь ч танхимынх нь ч нэр хүндэд нөлөөлөхүйц эвгүйхэн хоёр хэрэг дуулиан тарьж байна. Хууль зүй дотоод хэргийн сайд нь хуучин явуулж байсан гүйцэтгэх ажлаараа Монголоор тогтохгүй дэлхийд “нэрээ гаргалаа”. Мөн дандаа намынхаа “чихийг халууцуулдаг” залуучуудын байгууллага нь “нэрээ сольж, дахин төрлөө” гээд байсан худлаа болж, удирдлагад нь бас нэг том  гарын луйварчин шургалсан хэрэг гарч хэвлэлээр шуугиж байна.  

                                                                                                                З.БОРГИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж