
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан элчин сайд Фрийс Арнэ Петерсенийг хүлээн авч уулзан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны болон олон улсын тулгамдсан асуудлуудаар ярилцлаа.
Элчин сайд ярихдаа, Дани Улс Монголтой уламжлалтай сайн харилцаатайг дурдаад хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг хэлэв. Дани Улс, Данийн хатан хааны гэр бүлтэй Монгол Улс уламжлалт найрсаг харилцаатайг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дурдаад, Даниар дамжуулан тус улсын Засгийн газрын үзүүлсэн тусламж монголын ардчилал, хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэх, боловсрол, эрчим хүчний салбарын өөрчлөлтөд чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэв.
Дани Улс газар тариалан, мал аж ахуйн салбарт арвин туршлагатайг дурдаж, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг сонирхож байгаагаа Ерөнхийлөгч мэдэгдлээ. Мөн тогтвортой хөгжил, сайн засаглалыг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах чиглэлээр олон улсын тавцанд хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлжээ.