Дархадын дуу цуурайтна

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Дархадын дуу цуурайтна


“Монгол Ньюс” мэдээллийн төвд өнөөдөр дархад нутгийн нэрт мастер, гавьяат жүжигчин, дуучин Б.Даариймаа “Хөвсгөл нутгийн цуурай” тоглолтынхоо талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Улсын ардын дуу бүжгийн чуулгын байранд аравдугаар сарын 2-нд 15.00 цагт дархадын дуучин, гавьяат жүжигчин Б.Даариймаа “Хөвсгөл нутгийн цуурай” бие даасан тоглолтоо нийслэлийн үзэгчдэдээ өргөн барих гэж байна. Хөвсгөл нутгийн уугуул иргэн дархадын дууч эмэгтэй маань энэ үдэш урлагт зүтгэсэн 34 жилийн уран бүтээлүүдээсээ сорчлон ард түмэндээ дархад, хотгойд, аялгууг хүргэх ажээ. Тус тоглолтод ардын жүжигчин Д.Самбуу, хотгойдын нэрт дуучин гавьяат жүжигчин түүний багш Д.Надмид, охин Б.Бямбадулам нар оролцон ая дуугаа өргөх ажээ. Б.Даариймаа зөвхөн тайзан дээрээс уянгат сайхан дархад дуугаа дуулаад зогсохгүй судалгаа хийж, баялаг арвин түүхийг сонирхон цуглуулж явдаг хүн юм. Тэрбээр дархад ардын дууны өв санг хамгаалан өтгөс өвгөдөөс ая эгшигтэй нь өөрөө судлан цуглуулсан дархад дууны түүхийг эмхэтгэн “Онгон цойцон хангай”, “Дархад ардын дууны гайхам сайхан өв сан” хоёр ном гаргажээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж