Одоогоор хэдэн аймгийн хэчнээн суманд тусламж үзүүлэхийг эцэслэн тогтоогоогүй бөгөөд ОБЕГ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны судалгаанд тулгуурлан тоог гаргахаар болжээ. Нийт гаргах зардлын 50-иас доошгүй хувийг малчдад үзүүлэх бодит зардалд, үлдсэн хэсгийг тусламж хүргэх тээврийн зардалд зарцуулахаар төлөвлөжээ. Их хэмжээний цас орж, шуурсны улмаас хаагдсан даваа гүвээг онгойлгох, зам гаргах, хунгар цэвэрлэх ажлыг малчдад тусламж үзүүлэх ажилтай хамтатгахаар болсон байна. Малчдад үзүүлэх бодит тусламж гэдэгт төл, малын тэжээл, загасны тос, хуурай сүү зэрэг багтах ажээ.
Тэгэхдээ бусад байгууллагуудаас үзүүлэх тусламжтай давхцуулахгүй байхаар сумдыг сонгохоор болжээ. Тусламжийн ажлыг зургадугаар сарын 1 хүртэл явуулахаар төлөвлөсөн байна. Төслийг тодорхойлохдоо Тогтвортой амьжиргаа -2 төслийн Бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдах бүрэлдэхүүн хэсгийн зааврын дагуу сумын орон тооны бус Онцгой байдлын штабын мэдээллийг үндэслэн сумын төслийн зохицуулагч сумын техникийн хороотой хамтран шаардлагатай үйл ажиллагааны зардлын төсвийг боловсруулж Засаг даргын зөвлөлөөр батлуулах ажээ.
Уг асуудлаар 21 аймагтай онлайн ярилцлага хийхээр зарлаад байсан ч Төрийн холбоонд саатал гарч хойшлоод байна.
Д.ОЮУН