Иргэнлэг зоригт эрхэм нөхөд өө!
Нэг талаас байгалийн баялагтаа тулгуурлан байж эдийн засгийн эрчимтэй хөгжлийн замд орох боломж нээгдэж монголчууд бидний итгэл найдвар сэргэж байгаа боловч нөгөө талаас төр, нийгмээ өөрийн дур зоргоор эрхшээн захирах гэсэн хөрөнгөлөг цөөнхийн дарангуйлал хүчирхэгжин буй зөрчилдөөнт цаг үед та бид Иргэний Зориг намынхаа ойг тэмдэглэж байна. Та бидний хамтдаа туулсан энэ 10 жил олонх боловч шударга бусаар хүчгүй буурай тал нь болчихоод байгаа ард түмнийхээ төлөө, түүнтэй хамт тэмцэж ирсэн он жилүүд байлаа.
Монголын нийгэм иргэдээ гэх сэтгэлтэй засаглалаар дутагдсаар байна. Хөрөнгө мөнгөөр, сонголт бус булхай луйвраар үүсэн тогтносон төр засаг маань иргэдийнхээ итгэлээр дутагдаж байна. Монголын улстөрчид, улс төрийн хүчнүүд төдийгүй нийтээр хамтран байж төвхнүүлэн шийдвэрлэх ёстой хамгийн гол асуудал энэ болжээ. Мөнгө цацаж сонгогчоо худалдан авах чадвартай нь биш сэтгэлтэй, мэдлэгтэй нь улс орноо удирдах цагийг наашлуулахын тулд бид бүхнийг хийх хэрэгтэй болоод байна. Нийгэм маань шударга бус байгаагийн гол учиг нь бид төрийн эрх мэдлээ цөөнхөд алдсанд байна. Энэ цөөнх нь эрх мэдлийн төлөө, бусад нь амьдрахын төлөө тэмцсээр тэдний хөлд чирэгдэж өдөр хоногийг аргацаан өнгөрөөхөд хүрч байна. Шударга ёс бидний амьдралын норм, ердийн хэм хэмжээ байх ёстой.
Нийгэмд баян ядуугийн ялгаа амагт оршсоор ирсэн. Гэхдээ л шударга ёс үйлчилдэг нийгэмд бүгд өөрийн чадавхиар хичээнгүйлэн хөдөлмөрлөж тэр хэрээрээ амьдралаа хүний зэрэгтэй авч явах боломж байдаг. Харин бидний Монгол Улсад өнөөдөр яаж ч хөдөлмөрлөөд албан ёсны цалин орлогоороо өрхийн тэргүүн гэр бүлээ тэжээж чадахгүй, хүү нь нас дээр гарсан эхээ өргөн асарч чадахгүй байна. Энэ бол жам бус, хүний ёсноос гадуур үзэгдэл. Бид нийгмээ зөв зохион байгуулж чадаагүйн уршиг. Ардчиллын олгодог бүхий л боломжийг цөөнхөд завшуулсны уршиг юм. Иймд одоо оршин буй нийгмийн удирдлагын хүрээ, тогтолцоонд эрс өөрчлөлт хийх цаг болжээ. Үүнийг бүр Үндсэн хуулийг хамарсан өргөн хүрээнд хийх шаардлагатай байна. Энэ тухайд нийгэмд олон санаа бодол бий. ИЗН тэр бүрийг нийтээр хэлэлцэн хамгийн оновчтой, хөгжлийн зорилтод нийцсэн хувилбарыг сонгож улс төрийн тогтолцоонд суурь өөрчлөлт хийхийн төлөө байна. Үүний зэрэгцээ бид парламентын засаглалдаа үнэнч байх ёстой бөгөөд түүнийг дэлхийн улс орнуудын түүхээр үр ашигтай нь нотлогдсон сонгодог хэлбэрт оруулан өөрчлөх хувилбарыг анхааралтай авч үзэх болно. ИЗН энэ чиглэлд улс төрийн бусад хүчнүүд, иргэний хөдөлгөөн, ТББ-тай хамтран ажиллахад бэлэн байна. Одоогийн мөнгө болон сонгуулийн булхай, ард түмнээ хуурсан мөнгөний амлалт дээр суурилсан тогтолцоо нийгмийн урагшлах хөдөлгөөнд саад учруулагч хүчин зүйл болж хувирсан нь хэнд ч илэрхий юм.
Манай засаглалд олон нийтийн хяналт, бодит оролцоо, түүний санаа бодлын тусгал үгүйлэгдэх болсоор удлаа. Ашиг сонирхолын зөрчилтэй нь хүн бүрт ойлгомжтой мөнгө төгрөгтэй холбогдсон шийдвэрүүдийг гаргадаг болчихоод байгаа парламентыг ард түмний хүсэл зоригийн бодит илэрхийлэл, тусгал байхаар сонгодог болгохын тулд юу хийх вэ. Төрийн сонгуулийн дүн бодитой гардаг байхын тулд түүнийг хувийн атгаг сонирхлоос ангид байлгаж чадах ямар хувилбар байна вэ. Үүний хариу нь өнөөдөртөө пропорционал буюу хувь тэнцүүлсэн систем гэж ойлгогдож байна
Хэрэв УИХ-ын гишүүд надад дахин сонгогдох ямар боломж байна вэ, сонгогчдоо энэ удаад яаж хуурч болох вэ гэдэг талаас нь биш харин парламентыг нийгэм дэх санаа бодол, олон түмний хүсэл зоригийн ямарваа нөлөөгүй тусгал байлгахаар бодож сонгуулийн хуулийг өөрчлөхийг хүсвэл хувь тэнцүүлэх зарчмаар ирэх сонгуулийг явуулахаас өөр аргагүй юм. Монголчууд шуудай мөнгө, авдар архи ачаад хөдөөлж яваа хэн нэгэнд биш улс орныг хөгжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх цэгцтэй бодлого, хувилбар санал болгосон улс төрийн намд санал өгдөг болно гэсэн үг юм. Угаасаа бидний сонгож авсан парламентын гэгдэх засаглалын тогтолцоо үүнийг шаардаж байна.
Үүний зэрэгцээ бид улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт хийхээс аргагүй. Улс төрийн нам гэдэг нь дарга нар ба гишүүдийн хооронд эзэн, барлагийн харьцаа тогтсон, феодал ёсоор дотоод амьдрал нь зохицуулагддаг байх учиргүй билээ. Намуудын дотоод амьдралын суурь зарчмууд нь хуульчлагдсан нэг тоглоомын дүрэмд захирагдах ёстой. Өөрөөр хэлбэл аливаа намын дүрэм, дотоод үйл ажиллагааны зарчим нь бүхэлдээ ардчилал, шударга ёсны нийтлэг шаардлагад нийцэж байх учиртай. Энэ нь асуудал дэвшүүлэх, түүнийг олж харах, асуудалд хандах болон шийдэх арга барил, шийдлийн сонголт, үзэл бодол, байр сууриар улс төрийн хүчнүүд ялгарахад өчүүхэн ч саад болохгүй нь ойлгомжтой юм. Намууд ердийн нэгэн ТББ биш харин нийгмийн амьдралын цаашдын чиг хандлагыг тогтоох хүсэлтэйгээ бас чадвартайгаа ард түмэндээ хандан илэрхийлсэн хүмүүсийн олонлог учраас тэдний дотоод тоглоомын дүрмийн тухайд нийгэм өөрийн шаардлагаа хуулиар дамжуулан тавих эрхтэй. “Хор найруулах” гэдэг дүрэм журмаар аливаа шийдвэр нь гардаг улс төрийн намын нэрээр эрх мэдэлд хүрсэн улстөрчид хэзээ ч олны төлөө сэтгэл гарган ажиллах чадваргүй байдаг юм байна. Үүнийг та бид өнгөрсөн жилүүдэд ханатлаа үзлээ. Намын үйл ажиллагааны болон шийдвэр гаргах механизмд нь төрийн зүгээс хуульчлагдсан шаардлага тавин оролцсоноор бид өнөөдөр тогтоод буй намын удирдлагын хүрээний цөөн хүний дарангуйлалт хандлагаас нийгмээ ангижруулах чиглэлд томоохон ахиц гаргаж чадна. Монголын нийгэмд тулгамдаад буй хамгийн хурц асуудлуудын нэг нь намын нэрээр туйлан хувийн сонирхлоо нийгэмд тулгагч цөөнхийн дарангуйлал юм.
Сонгуулийн тогтолцоо, намуудын тоглоомын дүрмийг өөрчилж чадсанаар бид хувь хүн хууль бусаар нийтийн хөрөнгөөс завшиж, төрөөс төрсөн тэрбумтан эсвэл төрөөс төрсөн олигарх болж хувирдаг жигшүүрт явдлыг зогсоож чадна. Ийм өөрчлөлт хийхэд манай дарга нарт эрх мэдэл биш эр зориг л дутах болов уу гэж айж байна.
Үндэсний Тагнуулын академийн Судалгаа, эрдэм шинжилгээний төв “Үндэсний аюулгүй байдал ба гадаад бодлого” сэдвээр 4500 орчим хүний дунд социологийн судалгаа хийжээ. Иргэний эрх, эрх чөлөөний аюулгүй байдал хэр хангагдсан бэ гэдэг асуултанд 9,8% л “сайн” гэж хариулжээ. 61,6% нь улсын эдийн засгийн аюулгүй байдал баталгаа муутай байна гэж үзсэн байна. Оршин суугаа нутаг оронд маань экологийн байдал “муудаж байна” гэж 59,9% нь хэлж байна. Ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг нэрлэхэд “шударга бус байдал” гэдэг хариултыг хамгийн их буюу 33,6% нь сонгожээ. Ямар улсын нөлөө бидэнд хамгийн хүчтэй мэдрэгдэж байна вэ гэсэн асуултад 61,5% нь Хятад гэж хариулжээ. Судалгаанд оролцож санал бодлоо илэрхийлсэн хүмүүс Монголын эрх баригчдад хийх ажил, боловсруулах, хэрэгжүүлэх бодлогынх нь чиглэлийг зааж өгсөн байна. Хамтын оюун ухаанаа гишүүний мөнгө гэдгийг олж авахад, хэмжээг нь нэмэгдүүлэхэд, зөвтгөн тайлбарлах үндэслэл олоход биш харин олон түмний сэтгэлийг зовоож эргэлзээ төрүүлж буй асуудлуудыг шийдэж тэдэнд итгэл найдвар, эрч хүч өгөхийн төлөө УИХ-ын дийлэнх суудлыг эзэлсэн МАХН болон АН-ын нөхөд маань ажиллаж шийдвэр гаргах боломжоо бүрэн ашиглах хэрэгтэй байна. Бидний бүрэн эрхийн хугацаа бараг талдаа орлоо.
Бас нэгэн судалгааны дүнг товчлон иш татахыг хүсч байна. Үүнийг УИХ-ын Судалгаа шинжилгээний албаныхан хийжээ. Хүний Хөгжил сангаас 2010 онд эрдэнэсийн хишиг нэрээр бэлэн мөнгө тараасан нөхцөлд манай улсын өрхүүдийн орлого нийтдээ 130-300 тэрбум төгрөгөөр өснө. Ингэснээр өрхийн орлогод эзлэх цалин болон өөрийн үйлдвэрлэлийн орлого буурч тэтгэвэр тэтгэмжийн орлогын хувь хэмжээ өсөх юм байна. Судлаачид үүний үр дагаврыг “иргэдийн хөдөлмөрлөж орлого олох сонирхол багасах хандлагатай” болно гэж томьёолжээ. Би бол шууд улс үндэстний амьдрах чадварыг хорлосон явдал болно гэж хэлмээр байна.
Бүгдэд толгой дараалан бэлэн мөнгө тараахын уршиг үүгээр зогсохгүй. УИХ-ын судлаачид бэлэн мөнгө тараавч хүмүүсийн хадгаламжид өөрчлөлт гарч нэмэгдэхгүй. Үүний оронд хүмүүс зүгээр олдсон мөнгөө шууд зарлагадаж импортыг ихэсгэхэд хүргэснээр худалдааны тэнцэл алдагдана гэж үзэж байна. Мөн энэ мөнгөний зарцуулалт дотоодын үйлдвэрлэлийн өсөлтөд хүчтэй эерэг нөлөө үзүүлж чадахгүй юм байна. Учир нь бэлнээр тараагдах энэ олон тэрбумаас ДНБ-ний 2-3% тэнцэх мөнгө л үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээнд зарцуулагдахаар байна. Энэ жилдээ багтаагаад тараах мөнгө иргэдийн хадгаламжийн хэмжээг нийтдээ 800 сая орчмоор л нэмэгдүүлж банк санхүүгийн системд ч олигтой үр нөлөө үзүүлж чадалгүй өнгөрнө гэж судлаачид тооцоолжээ. Тэгсэн хэрнээ хүн бүрийн гар дээр очсон бэлэн мөнгө инфляцийн хэмжээг 8 хүртэл хувиар өсгөнө гэж судлаачид анхааруулж байна.
Үүнийг л хамгийн хорлонтой бодлого гэж нэрлэх учиртай байх. Эрх баригч намууд маань үйлдвэрлэл, үйлчилгээг тэтгэн дэмжиж, ажлын байр олноор бий болгохын тулд ухаан зарахгүй байна. Эрүүл мэнд, боловсрол, байгаль орчноо хамгаалахад оруулах мөнгөндөө гар татаж байна. Тэгсэн хэрнээ хүмүүсийнхээ гар дээр бэлэн мөнгө тавиад зарлагадуулах хүсэлтэй байна. Улс орны удирдлага ийм бодлого хэрэгжүүлэх нь улс орны цаашдын хөгжлийн замыг хааж, ирээдүй хойч үеийхэн маань хүний дайтай амьдрах боломжийг үгүй хийхэд хүргэх юм.
Дэлхийг хамарсан санхүүгийн том хямрал боллоо. Бид хямрал болсон болоогүй гэлцсээр өөрийн эрхгүй түүнд өртсөн билээ. Том хямрал том ухаарал, том өөрчлөлт, том бодлого авчрах ёстой байх. Том өөрчлөлт их том санаа бодолд хүргэдэг байх. Гэтэл бид уул уурхайгаас хэтдээ орох мөнгийг урьдчилан хүүтэйгээр авч 70 мянгыг тараачихаад удахгүй дахиад 50 мянгыг өгнө гээд сууж байна. Байгалийн гэнэтийн гамшиг тохиолдоогүй л бол мөнгө хөрөнгөө эмнэлэг, боловсрол, ажлын байр, үйлдвэржилт, дэд бүтцэд зарцуулахын тулд аливаа улс оронд төр засаг, парламент, Засгийн газар байдаг учиртай. Хаана ч ийм байдаг. Ийм байх ёстой.
Уул уурхайн салбар бидэнд их мөнгө өгөх нь ойлгомжтой байна. Гол нь түүнийг хэрхэн ашиглах вэ гэдэг асуудал юм. Хөрөнгийн хуримтлал үүсгэж түүгээрээ илүү эрчтэй, илүү оюунлаг салбаруудыг бий болгон байгаль цаг агаараас, түүхий эдийн нийлүүлэлтээс үл хамаарах хүчирхэг эдийн засагтай болох ганц боломж маань уул уурхай, эрдсийн олборлолт, боловсруулалт гэж ойлгогдож байна. Гэтэл бид энэ салбараас олох хөрөнгө мөнгийг хамгийн үр ашиггүй, үрлэгэн, нийгэмд уршигтай байдлаар зарцуулахаар яаравчилж байгаа. Эдийн засгийн шинэ, дэвшилтэт салбаруудыг тэтгэх талаар бодохгүй юмаа гэхэд ядаж уул уурхайн салбараа өөрийг нь эхний ээлжинд хөгжлийн илүү өндөр төвшинд хүргэх талаар ажиллах ёстой. ДНБ-ний 30%, экспортын 88% өгч байгаа энэ салбарт эрдэс ашиглан үйлдвэрлэл явуулж буй 40 орчим ААН-ээс дөнгөж 10 нь л баяжуулж, боловсруулж чадаж байна. Оюутолгой, Тавантолгойн төслийг тойрон маргалдаж нэгэндээ цэцэрхэх, түүнд хувийн ашиг сонирхлоо ямар нэг байдлаар хавчуулах гэж зүтгэсээр цаг хугацаа алдах нь эцэстээ улс орноо л хохироож байгаа хэрэг юм. Үүний оронд залуучуудаа мэргэжүүлэн бэлтгэх, байгалиа хамгаалах стандарт шаардлагуудаа боловсруулах, механизмыг нь боловсронгуй болгох, улсад төдийгүй орон нутагт үр ашгаа өгөх талаас нь зохицуулалт хийхэд анхаарах хэрэгтэй байна.
Уул уурхайгаас орох их мөнгө ярьж олон түмнийг горьдоосоор олон жил болсон ч хүмүүсийн маань дийлэнхийн амьдрал өөдлөх биш уруудсаар байна. Нялх үрсээ гудамжинд хаясан эхчүүдийн тоо он гарсаар ихээр нэмэгдэж байгаа тухай сониноос уншлаа. Хууль хяналтын байгууллагууд эцэг эхийг нь олж шийтгэл ногдуулахаар ажиллаж байгаа тухай ч бас бичжээ. Хүүхдээ хаясан эх, түүнийг шийтгэхийг хүссэн төр хоёр аль аль нь гутамшиг бөгөөд эмгэнэл мөн. Энэ нялх үрсийн эцэг эхэд ажил, орлого хэрэгтэй, хүүхдэд төрийн хайр халамж хэрэгтэй. Бас манай эрх баригчдад хүнлэг сэтгэл хэрэгтэй байна. Түүнээс биш тэр нялх үрс Монголд хүн болон төрж азгүйтсэнийхээ төлөө гудамжинд хаягдан шийтгэгдэх ёсгүй, “Би харсаар байж өлсгөж үхүүлснээс хэн нэг нь эсвэл төр засаг нь аваад хүн болгог” гэж арга ядсан эх бас шийтгүүлэх ёсгүй гэж бодож байна. Хүмүүст зүгээр л жаахан мөнгө тараан хуурч байгаад түүнийгээ гэнэт бөгөөд хулгайгаар зогсоогоод өөрсдөдөө тэрбум төгрөг хуваарилдаг манай эрх баригчид үүнд буруутай. Хүүхдийн мөнгийг зогсоох биш харин нэмэх ёстой байлаа. Хүрэхгүй бол гишүүдийн гэх мөнгөнөөс хасаж байгаад хүүхдийн мөнгийг нэмэх ёстой байлаа.
Гурван жилийн турш хүүхдэд сардаа арав гаруйхан мянган төгрөг өгч байгаад гэнэт больсон хэрнээ гишүүдийн гэх мөнгө арван саяас эхлээд одоо тэрбум хүрчихээд байна. Мөрөөрөө ажил хөдөлмөр эрхлээд, үр хүүхдээ өсгөөд амьдрах боломжийг хүмүүст бий болгож өгөхийн оронд зүгээр тараан өгдөг хэд гурван төгрөгөөр хуурсаар өнөөг хүргэсэн эрх баригчид л үүнд буруутай. Нэг нь “ардчилал” нөгөө нь “жинхэнэ ардчилал” гэж ярьсаар 20 жил болсон эрх баригчид үүнд буруутай. Хүүхдийн мөнгө бол ИЗН анхнаасаа дэмжсэн цорын ганц мөнгөний амлалт байсан юм. Бодитой хэрэгжиж байсан, цаашид нэмэгдүүлэх боломжтой цорын ганц сонгуулийн мөнгөн амлалт байлаа.
ИЗН-ын та бидний авилгалын эсрэг нийтийг уриалан эхэлсэн тэмцэл үр дүнгээ өгч байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Арван жилийн өмнө Монголын улс төрд шинэ ёс зүй, шинэ хэм хэмжээ тогтооно, нийгмийг доройтуулж, төрийг мөхөөж буй авилгатай тэмцэнэ хэмээн та бид анхдагч зорилтуудаа тодорхойлж байсан билээ. Түүхэн ахар хугацаанд зорилтууд маань бүрэн биелээгүй нь мэдээж хэдий ч бидний тэмцэл үр дүнд хүрч байгаа. Төрийн албан тушаал хашигсад жил бүр хөрөнгө орлогоо мэдүүлж хянуулж байдаг боллоо. Авилгалтай тэмцэх газрыхан төрөөс төрсөн тэрбумтан, олигархуудыг уудлан илчилнэ, шударга ёс, төрийн албаны цэвэр ариун байдлын төлөө тууштай ажиллана гэж олон нийт найдаж байгаа билээ.
Авилгал, ажилгүйдэл, архидалттай тэмцэн үгүй хийхийн төлөө, боловсролтой, бүтээгч, баян монгол хүнийг буй болгохын төлөөх бидний “ААА ба БББ” хөтөлбөр маань ИЗН-ын цаашдын үйл ажиллагааны хандлага, агуулгыг тодорхойлсоор байх болно. Энэ Хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлсэн зорилтууд маань ажил хэрэг болж ард түмний амьдралд нөлөөлөн үр ашгаа өгөх цаг ирнэ гэдэгт бид итгэлтэй байна. Үүний тулд өнөөгийн шатанд бид олон түмний дэмжлэг итгэлээр төрийн бодит эрх мэдэлд хүрэхийн төлөө шургуу ажиллах хэрэгтэй болжээ. Цаг хугацаа явсаар, эрх мэдлийг хэрэгжүүлэгч хүчнүүд өөр зуураа тэмцэлдэж эсвэл эвсэн найрсч байх боловч хүмүүсийн дийлэнх олонхийн амьдралд эргэлтийн шинжтэй өөдрөг, эерэг үр дүн гаралгүй их удлаа. Монгол хүнд, Монголын үр хүүхдийн ирээдүйд чиглэсэн үр ашигтай бодлого, чин сэтгэлийн хүчин чармайлт өнөөг хүртэл алга байна.
ИЗН-ын бид олон сайхан зарчим, зорилт тунхаглан зарлавч эрх мэдэл үгүй бол ажил хэрэг, амьдрал практик бололгүй өнгөрөх болно. Эрх мэдэл үгүй цагт зарчим ч тэр, зорилт ч тэр сумгүй буутай л адил гэж бодож байна. Тиймээс бид ирэх сонгуулиар УИХ-д олонх болж чадахгүй юмаа гэхэд өөрийн бүлэгтэй болохын төлөө хамгийн шургуу байдлаар ажиллах хэрэгтэй байна. Бүлгийн төвшинд хүрнэ гэдэг бидэнд асуудал шийдвэрлэхэд илүү өргөн боломжтой оролцож нөлөөлөх, буруу, улс орны эрх ашигт нийцэхгүй бодлого, шийдвэрийн эсрэг илүү хүчтэй сөрөн зогсох боломж олгоно.
Бид Монголд ардчилал ирсний 20 жилийн ойг тэмдэглэж байгаа билээ. Завшааныг ашиглан ардчиллын төлөө нийт хүчнүүдэд хандан “Зам мэддэг байх нэг хэрэг. Замаар алхах өөр хэрэг” гэдэг үгийг сануулан хэлмээр байна. Ардчилал бол Монголын нийгэмд дэвшил авчрах зам мөр мөн гэдэгтэй маргалдах хүн үгүй нь мэдээж. Харин нэгэнт сонгосон замаараа элдэвт татагдан жолоо алдалгүй, зам зуурын ашиг хонжоо харалгүйгээр, тууштай замнах нь чухал юм. Өнөөдөртөө л би ялж байвал бусад нь яахав гэсэн байр сууринаас олон түмний итгэл найдвараар тоглох нь эргээд хатуухан хариу болж ирдэгийг 2000 оны сонгуулиар бид бүгд амссан гэж бодож байна. 2000-2004 он ардчиллын төлөөх хүчнүүдийн хувьд хүнд сорилтын жилүүд байсныг бүгд санаж байгаа. Авилгын сүлжээ, албан тушаалын наймаа, төрийн албыг хувьдаа ашиг завшаан хайх хэрэгсэл болгож хувиргах, намын нэр нүүрээр халхавчлан хариуцлагаас зайлсхийх зэрэг өнөөдөр бид даван туулах ёстой болоод байгаа бүхий л бохир, эрүүл бус, уршиг нь бидний амьдралд хамгийн хортойгоор мэдрэгдэж байгаа үзэгдлүүд чухам тэр жилүүдэд нийгэмд бугшин бэхжиж авсан билээ.
Нийгмийг ийм ялзармал төлөвт хадгалах хүсэлтэй хүчин Монголд маань байсаар байгаа учраас л 2008 оны долдугаар сарын нэгний эмгэнэлт үйл явдал тохиосон юм. Монголын ардчиллын хамгийн том шалгуур нь энэ өдөр байсан болов уу. Долдугаар сарын нэгний үйл явдал нь эрх мэдэлд улайрсан хариуцлагагүй улстөрчдийн хийрхэл болон сонголтоо луйвардуулан булаалгасан олон түмний жигшил дургүйцлээс эхтэй байлаа. Долдугаар сарын нэгний үйл явдалд хүргэсэн өнгөн бус далд үнэн учир шалтгааныг манай нийгэм өнөөг хүртэл тайлан мэдээгүй гэж бодож байна. Үр дагаврыг нь ч эрүүл, эв нэгдэлтэй, шударга нийгэмд ноёрхож байх учиртай зарчмаар шийдээгүй гэж бодож байна. Зөвхөн олныг дагаж дарвисан балчир хүүхдүүд маань л чулуу шидэж цонх хагалсан хэргээр ял сонсоод өнгөрсөн учраас ингэж хэлэхээс аргагүй юм.
20 жил ардчиллаар замнасны эцэст бид одоо өөрсдөдөө зарим нэгэн асуулт тавьж үзэх шаардлагатай болжээ. Улс төрийн намууд хаанаас ийм их хэмжээний мөнгө олж ийм ядуу ард түмнийг сонгуулийн суртачилгааны нэг сарын хугацаанд цатгаад дээр нь нэмж горьдлого төрүүлээд саналыг нь аваад байна вэ. 15 жилийн өмнө хийсэн судалгаагаар 36 хувьтай гарсан ядуурлын хэмжээ саяхан хийсэн судалгааны дүнтэй бараг адилхан байхын учир юу вэ. Дэлхийн томоохон хотын нэг дүүрэг ч хүрэхгүй хүн амтай улс орны хамгийн их амьдрах чадвартай, бүтээлч, эрэлхийлэгч нөөц боломжтой 200 мянга шахам залуу эх орноосоо дайжин харьд цагаачлан амьдрахад хүрсний учир юу вэ. Яагаад ард үлдэж хоцорсон хэдийх нь 950 мянга буюу бараг тал нь төр засагтаа ядуу, нэн ядуу гэж цоллуулаад хоног өдрийг аргацааж ядан сууна вэ. Байн байн ядуугаа тоолох гэж, хувь хэмжээг нь тогтоох гэж төр засаг оршдог бил үү. Хүн амын тун өчүүхэн хэсэг нь хангалуун амьдарч байхад яагаад дийлэнх олонх нь нэг бол ядуурлын туйлд хүрч эсвэл ядуурал эхлэх албан ёсны үзүүлэлтийн босгон дээр дэнсэлж амьдралаа залгуулж байна вэ. Үүний хариулт ойлгомжтой бизээ. Бид өнгөц, чимэг төдий ардчилалтай байна, ардчиллын үр шимээ бид цөөхөн хэсэг бүлэг хүнд алдсан байна, ардчилал маань өмгөөлөл хамгааллаар дутагдсаар байна.
Одоо бид 20 жилийн өмнө тунхагласан зорилтуудаа дахин тунхаглахад хүрээд байна. Юуны өмнө намын нэрээр төрийг, төрийн бодлогыг завхруулагчдаас салж тэдний эрхшээлээс гарцгаая. Өөрсдөө амьдралаа шийддэг болцгооё. Одоо нэгэнт үүсгэн буй болгосон ардчилсан тогтолцоогоо төгөлдөржүүлэх шаардлагатай байна. Энэ зорилт бидний нэгэн үеэр дуусахгүй мөнхийн гэж хэлж болохоор зорилт юм. Гэхдээ бид үүнийг эрчтэй бөгөөд зоримгоор хийж эхлэх ёстой. Үүнийг хийж чадах залуус өнөөдөр бойжиж бий болсон гэдэгт би итгэж байна. Төр, нийгмийн байгууламжуудаа улам бүр боловсронгуй болгох, хууль эрх зүйн орчноо шинэчлэн төгөлдөржүүлэх нь миний ойлгож байгаагаар ардчилсан ололт амжилтуудаа хамгаалан хөгжүүлэх бидний замнал байх юм. Энэ нь санал бодлоо илэрхийлэх төдийгөөр хязгаарлагдахгүй мэдлэг боловсрол, тэсвэр тэвчээр, эр зориг шаардсан өдөр тутмын чимхлүүр ажил байх болно. Бас худал хуурмаг бүхэнтэй, өчүүхэн ашиг хонжоо хайсан популист хандлагатай, төрийн ажил албатай нь холилдсон шунаг сувдаг хүсэл сонирхолтой өдөр тутам, цаг ямагт хуулийн хүрээнд, нийгэмд заншиж тогтсон хэм хэмжээний хүрээнд тэмцэлдэн ялж дийлнэ гэсэн үг билээ.
90 оны монголчууд ололт амжилтаа завшуулан шударга бусаар хохирч үе дамжсан ядууралтай ард түмэн болохын тулд ардчиллыг дэмжээгүй нь ойлгомжтой. Тэд шударга тогтолцоот нийгэмд шударгаар хөдөлмөрлөн үр хүүхдийнхээ ирээдүйд итгэлтэй амьдрахыг хүссэн юм. Бидний зорьж ирсэн ардчилал маань иргэд нь баян чинээлэг, эрх чөлөөтэй, ирээдүйдээ итгэлтэй нийгмийг цогцлоох боломжийг нээж өгдөг тогтолцоо. Үүнийг дэлхийн туршлага нотолсон. Иймд ардчиллын төлөөх хүчнүүдийн өнөөгийн зорилт нь ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засгийн бүхий л бололцоог нээж ашиглан ард түмэнд ядуурлаас гарах боломжийг нь олгоход оршино. Энэ бол бидний үүрэг. Энэ бол шударга ёс. Ард түмэн биднээс үүнийг хүсч байгаа.
х х х
Сэтгэлд гуниг хурж, итгэл алдран няцмаар олон буруу, муухай зүйл Монголын нийгэмд байгаа нь үнэн хэдий ч бид ирээдүй өөд итгэлтэй харах ёстой. Нийгмээ өөрчилснөөс хойш өнгөрсөн 20 жилд бид үндсэндээ үсрэнгүй хөгжилд хүрэх нь бүү хэл улс төрийн тогтолцоогоо боловсронгуй болгож төр засгаа ч төвхнүүлж чадаагүй явна гэхэд хилсдэхээргүй байна. Өнөөгийн “эрхэм гишүүн” гэдэг төвтэй төрийг “эрхэм монгол хүн” гэдэг бодлогоор солих цаг болжээ. Мэргэд, чадвартнаа өргөн тэтгэдэг, эв эеийг эрхэмлэн тогтоох чадвартай, улс орноо гэх чин сэтгэлд суурилсан төр засгийг бид хүсч байна.
Худал хуурмагаар төрд эзэрхэгчдийг халж сайн цагийг Монголдоо авчрахын төлөө ИЗН-г дэмжээрэй гэж ард түмнээсээ хүсье. ИЗН үүссэн цагаасаа ард түмнийхээ дуу хоолой, хүсэл зоригийн илэрхийлэл байсаар ирсэн билээ.
Намын эрхэм нөхөддөө хандан: бидний Иргэний Зориг бага буурай нам биш шүү. Бид хүчтэй нам шүү. Арван жилийн турш том гэгдэх намуудад адлагдсаар өнөөг хүрсэн хэдий ч бид урьдын адилаар цөхрөлгүй, няцалгүй, эрч хүчээр дүүрэн амьдарч тэмцэх ёстой. Монголын маань ирээдүйд та бидний үүрэх ачаа, гүйцэтгэх үүрэг их шүү. Эрх баригчидтай харьцуулахад Иргэний Зориг нам мөнгө санхүү, хур нөөц боломжоороо дутуу мэт харагдавч ирээдүйд хандсан тэмүүлэл, тууштай туйлбартай зүтгэл, дэвшилт үзэл санаа, цэх шулуун зарчмаараа бид хүчирхэг билээ. Өдрөөс өдөрт цэцэглэн хөгжих амьдралыг Монгол орондоо цогцлоох гэсэн ард түмнийхээ чин эрмэлзлэлийг нь ямагт эрхэмлэж чаддаг учраас Иргэний Зориг нам маань хүчирхэг юм шүү гэж хэлье.
Санжаасүрэнгийн Зориг “Монгол хүний саруул ухаанд би итгэдэг” гэж хэлснийг та бүгд санаж байгаа. Монголчууд бидний цаашдын амьдрал, түүх ч ариун сэтгэлээс эхтэй саруул ухаанаар шүүн тунгаасан гэгээн зам мөр байх болно гэдэгт би итгэж байна.