Элчин сайдтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Элчин сайдтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Данийн вант улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фрийс Арнэ Петерсен итгэмжлэх жуух бичгээ өнөөдөр өргөн барив. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Элчин сайд Фрийс Арнэ Петерсенийг хүлээн авч уулзан хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын тулгамдсан асуудлуудаар ярилцлаа. Элчин сайд ярихдаа, Дани улс Монголтой уламжлалтай сайн харилцаатайг дурдаад хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг хэлэв.

Дани улс, Данийн хатан хааны гэр бүлтэй Монгол Улс уламжлалт найрсаг харилцаатайг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дурдаад, “Данида” сангаар дамжуулан тус улсын Засгийн газрын  үзүүлсэн тусламж монголын ардчилал, хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэх, боловсрол, эрчим хүчний салбарын өөрчлөлтөд чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэв. Ерөнхийлөгч цааш нь хэлэхдээ, Монгол Улс Скандинавын авлигагүй, нээлттэй засаглалтай орнуудтай харилцаагаа өргөжүүлэх,   Данитай цаашид хөрөнгө оруулалт, ноу хау, технолгиор дамжуулан боловсрол, соёл, байгаль орчныг хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Дани улс газар тариалан, мал аж ахуйн салбарт арвин туршлагатайг дурдаж, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг сонирхож байгаагаа Ерөнхийлөгч мэдэгдлээ. Ерөнхийлөгч ярианыхаа төгсгөлд тогтвортой хөгжил, сайн засаглалыг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах чиглэлээр олон улсын тавцанд хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлэх ялдамд 10 дугаар сарын 7-9-нд Дани Улсад хийхээр төлөвлөсөн айлчлал хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд шинэ түлхэц болно гэдэгт итгэж байна гэж тэмдэглэсэн билээ. Ерөнхийлөгч шинэ элчин сайдад ажлын амжилт хүсэв.

Туршлагатай дипломатч, нийтлэлч

Элчин сайд Фрийс Арнэ Петерсен 1952 онд Скакен хотод төрж, 1978 онд Копенгагены их сургуулийг эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй дүүргэсэн байна. Тэрээр   Үндэсний Аудитын албанд тасгийн дарга, Гадаад хэргийн яаманд Улс төр, Эдийн засгийн тасгийн дарга, сайдын ажлын албаны дарга, Орос, Дорнод Европын газрын захирал, Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Төрийн дэд нарийн бичгийн дарга, Европын Холбооны гишүүн улсуудын Сайд нарын зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайдтай адилтгах Гадаад хэргийн яамны тэргүүн, Төрийн байнгын нарийн бичгийн дарга, Кайр дахь Данийн ЭСЯ-нд I нарийн бичгийн дарга,  АНУ-д Данийн вант улсын Элчин сайд зэрэг алба хашиж байсан туршлагатай дипломатч юм. 2010 оны эхнээс БНХАУ-д суугаа Данийн вант улсын Элчин сайдаар ажиллаж байна.  Элчин сайд Фрийс Арнэ Петерсен 1997-2006 онд Дани, Америкийн сан, 1997-2005 онд Дани, Оросын Эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаархи Засгийн газар хоорондын Зөвлөл, 1995-2000 онд Данийн Олон улсын хөрөнгө оруулалтын сан, Хөгжиж байгаа орнуудын үйлдвэржилтийн сан, Төв болон Дорнод Европын хөрөнгө оруулалтын сангийн Удирдах зөвлөлийн гишүүн, хам даргаар, 1996 оноос Копенгагены болон Аархусын их сургуулийн гадаад шалгагчаар сонгогдон ажиллаж байжээ. Тэрээр  Данийн болон АНУ-ын Их сургуулиуд, улс төр, бизнесийн байгууллагуудад гадаад бодлогын сэдвээр лекц уншиж, хэвлэлд олон нийтлэл бичсэн, Данийн Вант Улс, Бельги,Бразиль, Болгар, Египет, ХБНГУ, Япон, Иордан, Люксембург, Румын, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Тайландын төр, засгийн шагналууд хүртсэн хүн ажээ.

Эх сурвалж president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж