Канадын Ерөнхий сайдтай ганцаарчлан уулзжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Канадын Ерөнхий сайдтай ганцаарчлан уулзжээ

Канад Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус улсын Ерөнхий сайд Стивен Харпертай  ганцаарчилсан уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Ерөнхий сайд нар Монгол Канадын өнөөгийн байдлыг өндрөөр үнэлж, хоёр орны хоорондын улс төр, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

Ерөнхий сайд С.Батболд уулзалтын үеэр цаг агаарын нөхцөл байдал, байгалийн нөөц баялаг, хүн амын нягтаршил, геополитикийн байршлаараа Монгол Улстай маш төстэй Канад Улсын хөгжлийн загвар, стандарт, техник технологиос эх орондоо нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Энэ чанараараа Канад нь Монгол Улсын хөгжлийн загвар орон болох ач холбогдолтой юм гэж Ерөнхий сайд онцоллоо. 

Канад улсын Ерөнхий сайд Стивен Харпер Монгол Улсын гүйцэтгэх засаглалын тэргүүний айлчлал хоёр улсын харилцаанд түүхэн шинэ хуудас нээж байгааг тэмдэглээд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх эрмэлзлэлтэй байгаагаа мэдэгдлээ. Монгол Канад хоёр улсын Ерөнхий сайд нар энэ байр сууриа өргөтгөсөн албан ёсны хэлэлцээний үеэр мөн илэрхийлэв. Энэ ажлын хүрээнд хоёр улсын хоорондын” Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ийг байгуулах явцыг түргэвчлэхээр Ерөнхий сайд нар тохиров. Мөн Монгол Улс нь “Явган цэрэг эсэргүүцэх газрын мини”-ийн тухай Оттавагийн Конвенцид нэгдэн орох эрмэлзлэлээ  нотоллоо. Түүнчлэн Ази номхон далайн бүс нутагт болон дэлхий дахинд тогтвортой байдлыг хангахад оруулж буй хоёр талын цэргийн сургалтын хамтын ажиллагааг өндрөөр үнэлэв гэж Засгийн газрын Хэвлэлийн албанаас мэдээллээ.     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж