
“Өвөрхангай-Түншлэл” намрын баяр 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жил тус арга хэмжээ оролцогч, хэрэглэгч ихтэй, шинэ сонин бараа бүтээгдэхүүн арвинтай байлаа. Энэ сарын 24-нөөс эхлэн гурав хоногийн турш үргэлжилсэн намрын баярт Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дундговь, Өмнөговь, Төв аймгаас болон Өвөрхангай аймгийн 19 сумаас 200 орчим бизнесмэн оролцож, бараа бүтээгдэхүүнээ сурталчилжээ. Жил бүрийн түншлэлээр оролцогчдын шилдэг бараа бүтээгдэхүүнийг “брэнд” болгон шалгаруулдаг уламжлалтай. Энэ жилийн “топ”-оор,“Шинэ технологийг нэвтрүүлэгч” байгууллагаар “Дэлгэрэх хүнс” компани, “Шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэгч-Шинийг эрэлхийлэгч” байгууллагаар “АПУ” компани, “Шилдэг бүтээгдэхүүн”-ээр иргэн С.Одсүрэнгийн “ӨВ-Кимчи”, “Шилдэг органик бүтээгдэхүүн”-ээр иргэн Г.Агваанбалжирын шахмал түлш, “Гар урлалын шилдэг бүтээгдэхүүн”-ээр Хайрхандулаан сумын иргэн Д.Мөнхбатын монгол гутал, Хархорин сумын иргэн Д.Энхбаярын “Морин хуур”, “Хөдөө аж ахуйн шилдэг бүтээгдэхүүн”-ээр Баруунбаян-Улаан сумын иргэн Ч.Цоодолсүрэнгийн үхрийн ширэн сур, МҮХАҮТанхимын нэрэмжит шагналаар ШУТИС-ийн харъяа Өвөрхангай аймаг дахь Технологийн сургууль тус тус шалгарч, зохион байгуулах хорооны цом, хүндэт өргөмжлөлийг гардан авчээ.
Б.Батчимэг