Баруун-Урт хотод махны нийлүүлэлт ховор байна

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Баруун-Урт хотод махны нийлүүлэлт ховор байна

Сүхбаатар аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсан нь иргэдийн амьдралд багагүй нөлөөлж байна. Одоогийн байдлаар найман суманд энэ өвчний голомт илэрсэн тул малын түүхий эдийн худалдаа арилжаа аймгийн төвийн хувьд үндсэндээ зогсоод байгаа. Тэр дундаа аймгийн төв рүү голомттой бүсээс малын мах оруулахыг хорьж, эрүүл бүсээс өндөр хяналтын доор нийлүүлж байгаа.

Өвчний голомтгүй сумдаас ирж байгаа махыг захууд бөөний үнээр нь авч зарж байна. Гэтэл иргэд хөдөөнөөс орж ирж байгаа махыг захын үүднээс шууд бөөний үнээр нь худалдан авах гэж өрсөлдсөнөөс  өчигдөр Баруун-Урт хотын махны захын үүдэнд багагүй асуудал үүссэн.

Хэрвээ махыг дотогш нь оруулж лангуун дээрээс нь авбал 1500 төгрөг нэмэгдэх учир худалдан авагчдын хямд өртөгөөр мах авах гэсэн оролдлого нэлээд шуугиан дэгдээж, цагдаагийн зохицуулалтаар өндөрлөлөө.

Өнөөдөр байдлаар Сүхбаатар аймагт хоёр төрлийн мах худалдаалагдаж байгаа бөгөөд адууны мах 3000, хонины мах мөн 3000 төгрөгөөр зарагдаж байна.

Д.Ану

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж