Ч.Сангарагчаа: Б.Хурцын хэргийг хэрэгсэхгүй болгосон

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Ч.Сангарагчаа: Б.Хурцын хэргийг хэрэгсэхгүй болгосон

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцыг Англи улсад энэ сарын 17-нд баривчилсан нь авлигын хэрэгтэй холбоотой байж болзошгүй гэсэн дуулиан дагуулаад буй билээ. Иймд бид Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаагаас энэ талаар тодрууллаа. 

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны даргыг гадаадад баривчилсан нь авлигын хэрэгтэй холбоотой гэх мэдээлэл тархаад байна. Үүнд та албан ёсны хариулт өгөхгүй юу. Үнэхээр танайх ийм үндэслэлээр шалгаж байсан юм уу? 

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурц баривчлагдсан гэх асуудлын талаар би хэвлэл мэдээллийн та бүхэнтэй нэгэн адил л мэдээлэлтэй байна. Харин авлигын хэргээр шалгагдаж байсан уу гэвэл, Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байсан. Түүнийг эрүүгийн хэрэгт сэжиглэн,  яллагдагчаар татаж, албан тушаалаа урвуулсан, бусдын өмчийг хулгайлсан, олон сая төгрөг хувьдаа завшсан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан нь үнэн. Энэ хэргийг бид үргэлжлүүлэн шалгах үүднээс дахин хугацаа аваад мөрдөн байцаах ажиллагааг үргэлжлүүлэх болж, Улсын ерөнхий прокурорт хандсан. Харин Прокурор энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон” байгаа. Ингээд манай давтан шалгах ажиллагаа Авлигатай тэмцэх газрын төвшинд хаагдсан.

-Хэзээ хэргийг хэрэгсэхгүй болгосон юм бэ. Ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байдаг юм?

-Хэдхэн хоногийн өмнө хэрэгсэхгүй болгосон, ямар үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосныг прокуророос өөрөөс нь асуух нь зүйтэй болов уу.

-УИХ-ын намрын чуулган маргааш эхэлж, Авлигатай тэмцэх газрын дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудал дахин хэлэлцэгдэх болж байна. Энэ асуудалд өнгөрсөн хугацаанд өөрчлөгдсөн зүйл бий болов уу. Та ямар мэдээлэлтэй сууж байгаа вэ?

-Энэ удаагийнх өмнөхөөсөө өөрчлөгдсөн зүйл байгаа. Яагаад гэвэл би өмнө нь “Намайг шалга, бас дахин шалга” гэж хэлж байсан. Өнгөрсөн зуны турш бүх эрх бүхий байгууллага нь энэ асуудалтай холбоотойгоор манай байгууллагыг, биднийг 100 хувь шалгасан. Санхүү, төсөв хөрөнгө гээд бүхий л зүйлийг шалгуулсан. Тэгэхээр нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж бодож байна.  Бидний хувьд хууль зөрчөөгүй гэдгээ тэдэнд баталж, нотолж өгсөн гэж бодож байна.

-Гэхдээ таныг төсвийн мөнгийг хууль бус зүйлд зарцуулсан, ажилтнаа зөвшөөрөлгүйгээр тагнаж чагнасан гэсэн үндэслэлээр албан тушаалаас тань чөлөөлүүлэх хүсэлтийг Улсын ерөнхий прокурор гаргасан шүү дээ?

-Албан бичгээр энэ байгууллагын дарга төсвийн хуулийг зөрчөөд мөнгө завшчихжээ гээд шийдчихэж болохгүй шүү дээ. Түүний цаана баталсан, нотолсон нотолгоо байж байж, тэр албан бичиг шийдвэрлэгдэх ёстой. Тэр шалгах ёстой байгууллагад нь бид 100 хувь шалгуулсан гээд хэлээд байна шүү дээ. Зуны турш шалгуулсан учраас дүн бодитой гарах байх. Яагаад гэвэл энэ байгууллагыг би удирдаж байгаагийн хувьд манай байгууллага, хамт олон хууль зөрчөөгүй гэдэгтээ итгэлтэй байгаа.

 -УИХ-ын Тусгай Хяналтын дэд хороо “Авлигатай тэмцэх газрын дарга нар Гүйцэтгэх ажлын тухай хуулийг зөрчсөн байна” гэсэн дүгнэлт гаргаад, Хууль зүйн байнгын хороонд хүргүүлчихсэн шүү дээ? 

-Аливаа асуудлыг, бас  хүний эрхтэй холбоотой асуудлыг шийдэх гэж байхад, албан бичиг юм уу, дүгнэлтээр шийдчихэж болдоггүй байхгүй юу. Цаад талд нь ямар баталгаа, нотолгоо байна вэ гэдгийг л хууль зүйн талаас нь шийдэх ёстой учраас, тэр албан бичиг, дүгнэлт нь бүгд Хууль зүйн байнгын хороо болоод УИХ дээр баталгаа нотолгоо талаасаа яригдах учраас одоо миний хувьд тэр нь зөв, буруу гэж урьдчилан тайлбарлаад байх шаардлагагүй.

-Өнгөрсөн хугацаанд “Таныг ажлаа өг гэдэг дарамт шахалтыг хэн нэгэн өгсөн үү?

-Би иймэрхүү улстөржсөн асуултад хариулт өгмөөргүй байна. Би бол хуулийн хүрээнд энэ байгууллагын дарга хууль зөрчиж үү үгүй юу гэдгийг албан ёсоор нотлох батлах хуулийн дагуу шийдвэрлүүлэх тухай асуудлыг л ярина.

Г.Дарь  
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж