“Маруужингийн диваажин” ном худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

“Маруужингийн диваажин” ном худалдаанд гарлаа

Яруу зохиолч, найрагч Энх-Ануу "Маруужингийн диваажин" хэмээх шинэ уран бүтээлээ уншигчдын гарт хүргэжээ. Түүнтэй будаг нь ханхалсан шинэ бүтээлийнх талаар ярилцлаа.

-“Маруужингийн диваажин” дахь шүлгүүд яг л агшин хором мэт сэтгэгдэл төрүүлсэн, өвөрмөц сонин өгүүлэмжтэй болжээ. Шүлгүүдээ ямар үед, хэрхэн бичдэг вэ?

-Баярлалаа. Шүлэг бичихэд тусгайлан цаг гаргаж, төлөвлөж үзээгүй юм байна. Яг таны хэлдгээр тухайн агшин хоромдоо л төрдөг мэдрэмжүүд байдаг даа. Тухайлбал, заримдаа шударга бус зүйлд дургүй хүрэх, зүгээр л хүн байгаадаа бусдын атаархлыг төрүүлэх, зөв зүйл хэлээд ад болох ч юм уу эсвэл дэргэд байхаа нэгэнт больсон дотнын хүмүүсээ санахаараа хаа хамаагүй тэнэх бодлуудаа нийлүүлж үсэг, үг болгож цуглуулдаг. Дотроо хадгалагдаж үлдсэн дурсамж, мөрөөдөл, санаашрал, гуниглалынхаа хэлтэрхийнүүдийг л нийлүүлнэ гэсэн үг. Шүлэг гэж нэрлэхэд ч ахадмаар. Би http://forum.asuultserver.com/ форумд анх 2002-2003 оны үед элсэн орж тэндээс блог гэж зүйлийг мэддэг болж, улмаар толгойдоо харвасан мэдрэмж бүрийг яг тэр бууж ирж байгаа хэв, хэлбэрээр нь буулгадаг болсон. Миний хувьд тайван байх бас хөгжилдөх нэг хэрэгсэл гэх үү дээ. Шүлэг бүр гунигтай, бодлогширсон бас зовлонгоршсон бус бас ёжилсон, инээвхийлсэн өнгө аястай байгаа. Маруужингийн диваажин ном бол миний цахим орон зайд үлдээж байсан тэр мэдрэмжүүдийн ердөө л нэг хэсэг нь юм.

-Шүлэгчид ганцаардал, сар, бүсгүйн галбир, нярайн хөхрөөн гэхчлэн хүмүүсийн сэтгэлийн утсыг хөндсөн эмзэг сэдвүүдийг сонгон авч, өөрөө өөрсдийгөө тодорхойлцгоодог. Өөртөө гарчиг өгөөч гэвэл чи ямар нэр өгөх вэ?

-Би ямар нэг гарчигт баригдахыг хүсдэггүй хүн л дээ. Яагаад ч юм өөрийгөө хашиж хязгаарлачих гээд байх шиг санагддаг. Хаана чөлөө, зай байна тэнд л чөлөөгүй сууна даа. Би яруу найрагч биш, шүлэгч ч биш, зохиолч ч биш, тиймдээ ч өөртөө ямар нэгэн гарчиг оноож сэдвийн дагуу бичиж үзээгүй, тэгж чадах ч үгүй байх. Ихэнхдээ “Гарчиггүй” гэсэн л гарчигтай байх болов уу. Ер нь шүлгүүд болон бичлэгүүд маань ч гэсэн гол төлөв тухайн өдрөөрөө л “гарчиглагдсан” байдаг даа.

 -Яруу найрагчдаас хэнийг илүүтэй уншдаг вэ. Түүнээс чухам юу мэдэрч, олж авдаг вэ?

-Л.Өлзийтөгс, Б.Галсансүх, Р.Эмүжин, Г.Аюурзана нарын номыг уншдаг байсан. Тэр дундаа Л.Өлзийтөгсийн “Тэнгэрт ургадад модод” шүлгийн түүвэр нь надад маш гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Хэзээ ч мартагддаггүй юм уу эсвэл би мартахыг хүсэхгүй байгаа юм уу бүү мэд, ямар ч байсан сэтгэлд их тод мөр үлдээсэн юмдаг. Тэр номын үг бүр нь сайхан. Яг дуу шиг ном.  Л.Өлзийтөгс, Б.Галсансүх нарын номыг уншаад өөрийгөө хүн хэвээрээ л байгаа юм байна гэдгийг олж хардаг байсан даа. Сүүлийн үед ном уншсангүй ээ. Хоосорч байгаа юм байлгүй.   

-Шүлэг гэгч зүгээр л “хэлэх гэсэн үг” байж мэдэх юм. Хүмүүст таны хэлэхийг хүсдэг үг юу вэ?

-Хэлэхсэн гэснийг минь О.Дашбалбар агсан хэдийнэ хэлчихсэн шүү дээ. “Амьддаа бие биенээ хайрла” гээд шүлэг байдаг даа. Энэ шүлгээр маш их зүйлийг орчлонд үлдэж буй хүмүүст хэлэхийг, илгээхийг, захихыг, ойлгуулахыг хүссэн юм байна гэдгийг ухаарсан. Саяхан би 47-хон настай хайрт ахыгаа алдсан юм. Ах маань хорт хавдартай тэмцэж байгаад залуухнаараа өөд болсон. Тэгээд, “Би үхэхээс, үхлээс огтхон ч айхгүй байна. Хэн ч гэсэн үхдэг шүү дээ. Миний айж байгаа ганцхан зүйл нь өглөө нүдээ нээхэд та нарыгаа дахиад харахгүй байхвий гэсэн айдас. Бид энэ насандаа нэгэн гэр бүл болж төрсөн хүмүүс. Хойд нас гэж байгаад бид ахин төрлөө ч хэзээ ч бие биенээ танихгүй, зөрж өнгөрнө. Миний ах, миний дүү, миний эгч гээд хэн нь ч хэнийгээ хэзээ ч танихгүй. Энэ насандаа нэг гэр бүл болоод, бие биенээ тулж, түшээд, бид ямар аз жаргалтай юм бэ. Та нарыгаа хайрлаж, та нараараа хайрлуулна гэдэг энэ насны амьдралын минь хамгийн хагацамгүй, сайхан нь байлаа” гэж байж билээ. Түүнээс би урьд нь анзаардаггүй байсан зүйлсийг олж харсан. Үүнээс хойш би өөр болж, эргэн тойрон дахь юм бүхэн өөрөөр харагдаж, орчлон ертөнц өөрчлөгдөж эхэлж байгааг анзаарч эхэлсэн.
 
-Номыг чинь олж уншихыг хүссэн хүмүүст чиг зүгийг нь зааж өгнө үү?

-Маруужинд дуртай, дургүй хэн хүнд зориулагдсан Маруужингийн диваажин ном Улаанбаатар хотын номын бүх дэлгүүрээр байгаа. Энэ дашрамд номын эхийг бэлдсэн Батка, ивээн тэтгэж хэвлүүлсэн Тэлмэн нартаа талархалаа илэрхийлье.     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж