“Тэмээн поло”-гийн тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

“Тэмээн поло”-гийн тэмцээн боллоо

Дорноговь аймгийн Сайншанд суманд “Монгол тэмээ-2010” үндэсний их наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд  боллоо.  Энэ үеэр “Тэмээн поло” тэмцээн болж, Өвөрмонгол болон Монголын зургаан аймаг, 20 багийн 100 гаруй тамирчин оролцож өрсөлдөв. Тэмцээнийг Тэмээн поло, спорт уралдаан, аялалын холбоо, Биеийн тамир спортын улсын хороо, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулжээ. Тэмээн поло тэмцээн нь Үндэсний спортын Их наадмын есөн төрлийн нэгд багтжээ. Тэмцээнд Өвөрмонголын өөртөө засах орны Баяннуур хошууны баг тамирчид оролцсон нь тэмцээнийг сонирхолтой болгосон юм. Өвөрмонголд энэ спортын төрөл сайн, хөгжсөн төрийн бодлогын хэмжээнд тамирчдаа дэмждэг юм байна. Өнгөрсөн жил Баяннуур хошуу тэмээн поло спортын төрлөөр улсдаа тэргүүлсэн.
Эзэн Чингисийн үед монголчууд “болуу” хэмээх морь, тэмээн дээрээс бөмбөг булаалдах наадаанаар тоглож байсан тухай түүхийн сурвалжид өгүүлдэг. “Болуу” гэдэг нь модны үзүүрт ширэн бөмбөг бэхлэсэн одоогийнхоор цохиур маягийн зүйлийг хэлдэг. Энэ үг хувирч “морин поло”, “тэмээн поло” хэмээх спортын төрлийн нэр болжээ. Тэмээн полоны тэмцээнд  Өмнөговь аймгийн Манлай сумын Эрдэнэбал ахлагчтай баг түрүүлж, Дорноговь аймгийн Сайхандулаан, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын багууд удааллаа. Манай улсын хамгийн эртний түүхтэй боловч сүүлд дахин дэлгэрсэн хамгийн залуу спорт болоод буй энэ спортын төрлөөр өнгөрсөн хугацаанд 50 гаруй спортын мастер цолтон төржээ. 200 мянган тэмээтэй манай улс дэлхий дээр байдаг хоёр төрлийн тэмээний гол цөм суурь болж байгаа тул тэмээгээ хайрлах, өсгөн үржүүлэх, сурталчлах хэрэгтэйг Тэмээн поло, спорт уралдаан, аялаын холбооны тэргүүн, Татварын ерөнхий газрын дарга Ц.Оюунбаатар онцолсон. Их наадмын үеэр “Цагаан тэмээ сэтэрлэх ёслол”, Сайхан хос шалгаруулах тэмээт жагсаал, “Ижий говь” яруу найргийн наадам, хурдан тэмээний улсын уралдаан, шилмэл ингэ буур шалгаруулах болон тэмээний уналга эдэлгээний тоног хэрэгсэл, шир, ноос, сүүгээр хийсэн бүтээгдэхүүн, цагаан идээний үзэсгэлэн худалдаа болсон юм.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж