Юрий Лужков “Нэгдмэл Орос” намаас гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Юрий Лужков “Нэгдмэл Орос” намаас гарлаа

Москва хотын захирагч асан Юрий Лужков “Нэгдмэл Орос” намаас гарлаа гэж "Интерфакс" агентлаг мэдээлэв. Намын Төв гүйцэтгэх хорооны удирдагч Андрей Воробьев хэлэхдээ  зохих өргөдлийг “Нэгдмэл Орос” намын удирдлага есдүгээр сарын 28-ны мягмар гаригт авсан гэжээ.

Юрий Лужков “Нэгдмэл Орос” намаас гарах өргөдлөө хотын захирагчаас халагдахаас хоёр хоногийн өмнө бичсэн байсан гэж Воробьев нэмэн хэлэв. Намын дүрмийн дагуу өргөдөл бичсэн цагаас Лужков автоматаар намаас хасагдсан байж болох аж.

Өмнө нь Лужков намаасаа гарч байгааг хотын захиргааны эх сурвалж агентлагт мэдээлсэн байжээ. Тухайлбал, намаас гарч буйгаа тайлбарласан захидалдаа Юрий Лужков намын нөхдөө түүний эсрэг хэвлэл мэдээллийн дайн хийж байхад буруу зөвийг олох хүслээ гаргаагүй ба намынхаа гишүүнийг хамгаалан дэмжсэнгүй гэж буруутгасан байв гэж агентлаг мэдээлжээ. Мөн Лужков хотын намынхандаа дэмжлэг үзүүлсэнд нь талархсан байна.

Юрий Лужков “Нэгдмэл Орос” намын Дээд зөвлөлийн дарга нарын нэг байсан юм. Тэрээр нам байгуулагдсан өдрөөс гишүүн нь байлаа. Москва хотын захирагчаар Юрий Лужков 18 жил ажилласан юм.

Хотын захирагчийг огцруулсны дараа “хэрэв Лужковт ерөнхийлөгч итгэхгүй байгаа бол түүнд эрх баригч нам итгэл үзүүлэхгүй байж болно” гэж ерөнхийлөгчийн тамгын газрын нэгдүгээр орлогч Владислав Сурков мэдэгдсэн байна. Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дараа түүнийг Оросын бусад намуудын удирдлага дэмжин Лужковыг халсан нь хууль ёсны хэрэг гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж