“Итгэл алдсан” гэдгээр огцруулалт хийж болно

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

“Итгэл алдсан” гэдгээр огцруулалт хийж болно

Дмитрий Медведев Шанхайд хийж байгаа хэлэлцээр дээр. Фото: kremlin.ru

Ирээдүйд “итгэл алдсан тухай” гэдэг тодорхойлолтыг ашиглан огцруулалт хийж болохыг Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев үгүйсгэсэнгүй гэж "Интерфакс" мэдээлж байна.

"Өнөөдөр би анх удаагаа энэ тодорхойлолтыг ашиглав. Гэхдээ тэр дахин давтагдахыг үгүйсгэхгүй” хэмээн Хятадын Шанхай хотноо Оросын сэтгүүлчдэд Медведев мэдэгдсэн байна.

Есдүгээр сарын 28-ны өглөө Москва хотын мэр Юрий Лужковыг ерөнхийлөгчийн зарлигаар огцруулсан юм. Ерөнхийлөгчийн зарлигт хотын захирагч итгэл алдсаны улмаас албан тушаалаасаа зайлуулагдлаа гэж томьёолсон байв.

Москва хотын түр захирагчаар хотын дэд мэр Владимир Ресин томилогджээ. Лужковыг огцруулсан шалтгааныг зарлигт бүрэн хэмжээгээр заасан гэж Медведев мэдэгдэв. “Би ОХУ-ын ерөнхийлөгчийнхөө хувьд Юрий Михайлович Лужков Москва хотын мэр байж чадна гэсэн итгэлгүй болсон” гэж Медведев хэлээд гаргаж байгаа шийдвэрийнхээ талаар ерөнхий сайд Владимир Путинд зарлигт гарын үсэг зурахаасаа өмнө мэдээлсэн гэжээ.

Ресиныг захирагчын үүрэг гүйцэтгэгчээр томилсноо тайлбарлахдаа “Тэр туршлагатай, байдлыг мэднэ. Хуулийн дагуу нэр дэвшигчийг сонгоод надад танилцуулах хугацаанд тэр хүн системийн ажлыг авч явж чадна. Москваг хэн толгойлохыг би шийдэх болно” хэмээн Медведев хэлсэн байна.

“Итгэл алдсантай холбогдуулан” гэдэг тодорхойлолтыг Оросын ерөнхийлөгч байхдаа гурван удаа ашигласан юм. Хамгийн анх ийм зарлигийн дагуу Ненецийн автономийн тэргүүн Алексей Бариновыг огцруулсан ба зарлигт Путин гарын үсгээ зурсан байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж