Бүртгэлд хамрагдаагүй гэж торгууль ногдуулахгүй

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Бүртгэлд хамрагдаагүй гэж торгууль ногдуулахгүй

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Улс орон даяар явуулж буй шинэчилсэн бүртгэлийг дөрвөн сарын хугацаанд хийж, аравдугаар сарын 31-нд дуусгавар болгон 11 сарын 5-нд Засгийн газарт танилцуулах билээ. Иргэдийн дунд аравдугаар сарын 1-нд амжиж бүртгүүлэхгүй бол торгууль ногдуулна гэсэн ойлголт байгаа тул энэ талаар холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа. Иргэний бүртгэл мэдээллийн төвийн албаны хүний мэдээлснээр иргэдэд ямар нэгэн торгууль хүлээлгэх асуудал байхгүй бөгөөд гол нь товлосон хугацаандаа бүртгэлд хамрагдахыг иргэдэд анхааруулж байна.  

    Өнгөрөгч долдугаар сарын 5-нд улс орон даяар эхлүүлсэн иргэний шинэчилсэн бүртгэл энэ сарын 24-ний байдлаар  нийслэл хотод 50 гаруй хувь, хөдөө орон нутагт 63 хувьтай  буюу улсын хэмжээнд 61 хувьтай үргэлжилж байгаа аж. Иргэдийн хамгийн их чирэгдүүлж буй төрсний гэрчилгээний лавлагааг ирэх сарын 31-нийг дуустал 24 цагаар олгохоор болсон тул энэ хугацаанд амжиж иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдахыг холбогдох хүмүүс анхаарууллаа.

    Одоогоор шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй иргэдийн дийлэнхийг төрийн байгууллагад ажилладаг, цаг зав багатай хүмүүс эзэлж байгаа учир албан байгууллагууд нэгдсэн журмаар ажилчдадаа чөлөө олгож, шинэчилсэн бүртгэлд хамруулахыг Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс уриалж байгаа аж.

    Ирэх сарын 31 хүртэл үргэлжлэх шинэчилсэн бүртгэлд хамрагдаж чадаагүй иргэдэд ямар арга хэмжээ авах, хэрхэн бүртгэлд хамруулахыг одоогоор шийдээгүй байна. Бүртгэлийн хугацаа дуусч, дүн мэдээгээ танилцуулсны дараа бүртгэлд хамрагдаагүй иргэдийн судалгааг гаргаж, дараагийн боломжтой арга хэмжээг авах ба ямартай ч одоогийн байдлаар торгууль оногдуулах, хариуцлага тооцох асуудал яригдаагүй байгаа юм байна.

    С.Отгон
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж