
Эх сурвалжийн мэдээлснээр Б.Хурц Лондонд багахан хэмжээний зөрчил гаргасан байх магадлалтай аж. Тухайлбал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлээр шалгуулсан байж мэднэ. Тийм тохиолдолд заавал эх оронд нь болон тус улсад суугаа Элчин сайдын яам, Консулд мэдэгдэх шаардлагагүй аж. Харин талийгаач Д.Энхбатыг баривчилсан гэх хэргээр саатуулах байсан бол олон улсын интерполын шугамаар эрэн сурвалжлах учиртай. Б.Хурцыг интерполоор эрэн сурвалжлаагүй, ямар нэг хэргийн сэжигтэн байгаагүй гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн юм. Тиймээс Б.Хурцыг Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан үеийнх нь асуудал дээрх баривчилгаанд огт хамаагүй бололтой. Харин хууль бус наймааны хэрэгт холбогдсон байх магадлалтайг эх сурвалж хэлсэн юм.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга харь улсад сэжигтнээр татагдсан талаар холбогдох байгууллагуудад ямар ч мэдээлэл ирээгүй аж. Гадаад харилцааны яамны олон нийттэй харилцах газраас дараах хариултыг өглөө.
-Б.Хурцыг арав гаруй хоногийн өмнө Лондонгийн хууль сахиулагчид баривчилжээ. Ямар шалтгаанаар саатуулсан юм бол?
-Гадаад харилцааны яамны Консулын газарт энэ талаар албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Тийм учраас баривчилсан, баривчлаагүй гэж таамаглаж болохгүй.
-Лондонд суугаа Элчин сайд, Консул ч мэдээлэлгүй байгаа юу?
-Тухайн улсын хуулиар асуудлыг шийдэх ёстой. Ямар нэг хэрэгт сэжиглэсэн бол тухайн хүний эрхийг хүндэтгэж мэдээлэл гаргахгүй байж ч болно. Манай улсыг төлөөлж байгаа Консул Б.Энхбаяраас ямар нэг мэдээлэл ирээгүй байна. Уг нь гадаадад айлчилсан, түр амьдрахаар очсон бол Консулын хэлтэстээ бүртгүүлэх учиртай. Гэтэл манай улсын олонхи иргэн бүртгүүлдэггүй.
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нөлөө бүхий албан тушаалтан 10 гаруй хоног харь оронд саатуулагдсан байхад Гадаад харилцааны яам мэдээлэлгүй байна гэдэг үнэмшилгүй биш үү?
-Албаны мэдээлэл ирээгүй гэж хэлсэн. Гэхдээ ямар нэг хэрэгт холбогдсон бол тухайн улсын хуулиар шалгаж, сэжигтэй эсэхийг нь тогтоох учиртай. Түүний дараа албан ёсны мэдээлэл өгөх байх. Гэтэл энд янз бүрээр таамаглах боломжгүй.
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс танай яамнаас мэдээлэл хүссэн үү?
-Тэр талаар хэлж мэдэхгүй байна.
Тагнуулын ерөнхий газарт ч Б.Хурцыг Лондонд саатуулсан талаар өчигдрийн байдлаар ямар нэг мэдээлэл байхгүй байлаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ч тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин