”Баавар” Дашзэвгийн нээсэн ертөнц

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

”Баавар” Дашзэвгийн нээсэн ертөнц

“Шашир дэлтэй шаргаараа
Шандын говийг туулах уу даа
Өтгөн сүүлтэй хүрнээрээ
Өргөн хангайг давах уу даа
Хоёр л борынхоо тарганд
Найрланхан сууж жаргая
Хойтох сайдынхаа эзгүйд
Намаржин сууж найрлая “

“Хоёр бор” Монгол ардын уртын дуунаас
“Адаацаг сум маань хоёр өндөрлөгтэй юм. Нэг баатартай, нэг дуучинтай. Бас тэгээд хоёулаа Дашзэгвэ нэртэй” гэж ерээд онд Дундговь аймгийн даргаар ажиллаж байсан Б.Дамдинсүрэн нэгэнтээ үнэлсэн  гэдэг. Нэг нь хөдөлмөрийн баатар Бямбын Дашзэгвэ, нөгөө нь “Эр бор харцага” “Хоёр бор” уртын дууг  нийслэлд болсон аймгийн декаданд дуулан урлагийн томцуулыг гайхшруулсан  Жамбын Дашзэгвэ. Энд би Жамбын Дашзэгвэ гэж сонин, бас их содон хүний тухай өгүүлнэ. Түүнийг нутгийхан “Баавар”  гэж баатар амидаагаас нь ялгадаг.   “Баавар” гэсэн үгийг  Я.Цэвэлийн толиос шүүрдвэл  “Эмээлийн чимэг”, эмээлийг сүр оруулдаг гол  хэрэгсэл гэжээ. Тэгэхлээр ямар ч байсан  сум орондоо чимэг болсон эрхэм хүн учраас түүнийг “Баавар” хэмээн нэрлээ буйзаа.

Ж.Дашзэгвийн нээсэн нэг дэх ертөнц.
Дашзэгвийнх гэдэг айл гал голомтоо бадраагаад зургаа хонож байтал их зудын түрүүчийн дохио болж халуун намраар цас нэвсийтэл дарав. Энэ нутгийн ахмадуудийн нэг халзан Жамц “Залуу хүн чангахан юмаар амлах нь зөв”  гэж тэр үед өгүүлсэн нь тухайн үедээ тавласан шиг сонсогдсон ч алт  шиг сургамж байж дээ.  Их хүйтэрч шуурга өнжихгүй шуурч ахуйд зориг зүрх мохох өдөр байсан ч Халзан Жамц гуайн үгэнд л зүрхээ чангалж явж. Цас ч их унаж. Хүйтэн ч гэж тас няс. Мал тарган тулдаа л давахад нэг юм бодогдож. Зуд, зуд л гэнэ тарган мал бол давах л юм байна хэмээн эрэмшиж. Залуу хүний зориг зүрх ч амтагдаа биз. Түүнээс хойш 15-16 зуд таарч. Зудыг давах арга ухаан ч сууж. Овооны ар өвөр дэх айлын нэгнийх нь үхээд л, нөгөөх  болохоор туурай нь тачигнаад л соргог сэрмүүн байгааг ажиллагааны ялгааных гэхээс яахав. Дараагийн их зуд 1976 оных. Эдний  сум-нэгдлийн даргыг мал үхүүллээ гээд “Аавынх” аваад явчихдаг жил. Тэр жил Дашзэгвийнх  нүүгээгүй. Яг тийм жил өнгөрсөн оных доо гэж тэр ярьж сууна. Өнгөрсөн өвөл бас  нүүсэнгүй. Эхнэр, хүүгийн хамт гурвуулхан өнгөрсөн жилийн хатуу зудтай “Зодолдсоор” өвөл, хаврыг давж.  Бусад жил Туулын хойт нуруу,Өнжүүл хүрч оторлоод л явсан. Отроос олох юм ч бий, гарах юм ч бий.  Тэднийх уул нь 2002 оноос хойш бараг өвөлжөөндөө ирээгүй байж. Энэ жилийх бол ердөө л тохиолдол гэнэ. “Баавар”-ынх нүүгээд эхэлтэл цас дарчихаж. Тэгэхлээр арга буюу өвөлжөө рүүгээ эргэсэн нь харин хожчихож. Нүүгээгүйн гарз гэж байнаа гэж Дашзэгвэ өгүүлж байна. Үгүйдээ тэжээлд их мөнгө зарна. Бас мал юм хойно ганц нэгээр нүд анина. Ямар төмрөөр хийчихсэн амьтан биш.  Гэхдээ л амтай бүхэн хатуу хахирыг нь гайхан өнгөрсөн зудыг сайн давжээ “Баавар” Дашзэгвэ. Ж.Дашзэгвэ өгүүлрүүн:

-Бид дээр үеэс тэнгэрээ эцэг, газраа эхтэйгээ зүйрлэж шүтэн дээдэлж ирсэн ард түмэн. Дэлхийн дулаарал, хүч түрсэн цөлжилт, хуурайшил чийг өгөхгүй малчин биднийгээ  олон жил тарчлаасан даа. Эцэг тэнгэр чийгээ өгвөл эх байгаль харамлахгүй гэдгийг энэ жилийн ургац харууллаа.  Энэ жилийн ургацын олон нэр төрөлтэй байгааг хар даа. Энэ бол байдсан чийгний өгөөж. Намар өвлийн их чийг олон жил сэргээгүй үндсийг хөөгөөд өгсөн нь тэр. Дэрс хэзээ ингэтэл шимэлдэглэн ургаж байсан юм_. Арав, хориод жил хараагүй л байхгүй юү.  Шарилж энд тэндгүй ургалаа. Зарим тойромд суугаа хүн харагдахааргүй шивээлэн ургалаа. Монгол, агь, хялгана, бут, бударгана ч энэ жил шиг ургахыг ойрын жил харсангүй. “Зуд зургаан зулагтай” гэдэг. Яах аргагүй зуд гарзтай ч байдсан чийгээ үлдээгээд явлаа. Энэ жил их сонин жил юм. Байдсан чийгийн нөлөөгөөр мал овоо тэнхэртэл зургаан сар туждаа гандлаа. Байдсан чийгний ногоо гурван хуруу хэртэйдээ цул уураг байдаг юм билээ.  Энэ үеийн ногоо малд эрдэнэ л гэсэн үг. Долоо, найман сард харин дажгүй шүү. Үүлэнд нөлөөлөө биз дээ. Улсын баяраас хойш сүрхий халж “Хярвасласан” нь бас ургац хатаагаад авч чадсан ч найман сард сэргээгээд авлаа.  Амь тариа шүү. Үүнийг би Адаацагийнхаа жишээн дээр ярьж байна шүү. Өдөр нь нохой гаслам халаад шөнө нь хүйтрээд байна гэдэг чинь байгалийн тэнцвэр алдагдсаны л дохио. Харин зарим шөнө хар чийг унаж хонох боллоо. Хар чийгэнд ногоо их ургадаг. “Ногоо шөнө ургадаг” гэдэг үнэн л дээ.  Бидний багад манан татаад үүл газардаад л чийг дутдаггүй байсан болохоор ургамал бүхэн ургадаг байж.   Хуурайшилт   урт үргэлжлэхээр усгүй үүл тэнгэрт хуримтлагдаад байна. Судлаачид ч ингэж ярих юм билээ.

Түүний ярианаас  хонь үнэртээд байх шиг санагдана. Тэр өөрийгөө “Хонины хүн” гэж нэрлэнэ. Арга ч үгүй биз дээ, хонь маллах ертөнцийг өөртөө бүрэн нээсэн хүн.   Байдсан чийгний ногоог гурван хуруу  хэртэйд идсэн мал тарганыхаа суурийг тавьчихдаг гэнэ. За тэгээд 10-11 сард халиман тарга авахуулчихвал даа гээд тэр аархана. Санаа нь амарч байгаа нь тэр. Халиман таргатай бол баргийн зудад хэлтийж хазайхгүй.  Халиман тарга авчихсан хонины сүүлний дээд талд дэлэм үс, их бие, гэдэсний заагт бөөрөнхийлж хуйлсан юм шиг, ус, шилний нь араас дагз руугаа нөмөрсөн үс янзтэй урганадаа. Таргалж гүйцсэн малын үс хүртэл тэгэж гүйцэж урган монгол малын сүр хүчийг гайхуулдгийг Дашзэгвэ ажиглажээ. Нөгөө баатар Б.Дашзэгвэ болохоор “Хонь үснийхээ үзүүрийг хүртэл таргалдаг” гэж ярьдаг. Тэгэхлээр “Баавар” Ж.Дашзэгвийн яриа үүнтэй дүйж байгаа биз. Сүүлийн хорин жилийн ган гачиг, зуд турханд өртөөд халиман таргатай мал харагдаагүй гэнэ. Өөхөн бөөрөнхий тарга хоёр шуурганы ая даахгүйг Дашзэгвэ олон жилийн ажиглалтаар бүр нотолчихож.  Гүйцэд махлаагүй,  махан таргагүй  мал өвлийн 1-2 сард л турчихдаг. Дашзэгвэ малын тооны хойноос хөөцөлдөхийг үздэггүй. Яагаад гэхлээр тоо олшрох тусам чанар орхигддог. Тийм болохоор хуцаа өнжөөж нийлүүлэгт тавьдаг. Тэр хооронд сувайрсан мал өөхөн, махан, халиман таргаа гүйцэд авч өвлийг давах чалх суудаг.


Ж.Дашзэгвийн нээсэн хоёр дахь ертөнц.

Хонь хариулгаас их шалтгаалдаг аж. Энэ бол Дашзэгвийн нээсэн хоёр дахь ертөнц.  Өвлийн маллагаанд уулын нөмрөөс илүү алсын нөмөр хэрэгтэй. Тэнд бээрээ нь гардаг.  Жаахан бүлээцээд ирэхээр нь салхи жишүүлэн нар тусах газар дагуулснаа үдээс хойш салхи сөргүүлэх маягаархариулдаг аргатай. Нар шингэхдээ хамгийн сүүлд тусдаг газар хужир тосгуулан тавьж  хужирлаад хотлуулна. Ингэхэд хотондоо бээрчих хонь гэж үгүйдээ. Хотондоо бээрчихлээ, осгочихлоо гэдэг чинь ганц хүйтнийх биш хоол ундны нь хэмжээ, орц жор таараагүйнх л байхгүй юү.

Зудад манайхан хамаг малаа туугаад л гарчих юм. Муугаар бодоход “Модоо барьж” ирэх болвол яана. Тэгэхлээр  ядуу доройг аргал дээрээ үлдээн тэжээж , сувай, шилмэл, чадал бүлтэйгээ оторт авч гаргахыг дээдэс маань сургаж байлаа.
Энэ чинь одооны хэлээр малаа онд оруулах нэг маневр юм. Отроос “Модоо барьж ирвэл хотонд үлдсэн нь хэрэг болно. Хотоо “Харлуулчихвал” отроос буцаж ирэх мал амьдрал залгуулна гэсэн хувилбар юм.

Бэлчээртэйгээ зөв харьцаж ухаалаг ашиглахыг Дашзэгвэ чухалчилдаг.  Бэлчээрийнхээ ургамлын үрийг буутал гурван сар мал бэлчээлгүй амраадаг. Буусан үр дараа жилийн ургацын үрийн нөөц. “Тариачин хүн үрээ иддэггүй” гэлцдэг. Тэгвэл малчин хүн ч малынхаа дараа жилийн ургацын үрийг ингэж нөөцлөхөөс яахав.

Эдний өвөлжөөний ойр  судлаачдын хашсан бэлчээр бий. Тэнд өнгөрсөн жил дөрвөн төрлийн ургамалтай байсан бол энэ жил есөн төрөл ургачихаж. Байдсан чийгний ач  гэнэ. Хужиртай ч байсан онгоцонд нь давс тавьж өгнө. Энэ нь ясны хэмийг бэхжүүлдэг.

Ж.Дашзэгвийн нээсэн гурав дахь ертөнц.
Дашзэгвийн эцэг энэ хонхортоо нэрд гарсан дуучин байж. Мань эр эцэг шигээ дуучин болно гэж бодож ч явсангүй. Гэтэл  аймгийн соёл, урлагийн арав хоногт дуулах юм болоод явчихав.  Хоёр ч удаа дуудлага, зарлага ирсэн ч явж зүрхэлсэнгүй. Айл болоод удаагүйг ч хэлэх үү, нэгдэл нийгмийн олон мал алдаж асгавал ч яах билээ гэж бодсондоо л тэр. Гэтэл аймаг орны нэр төр, энэ тэр ярьж ухуулсаар аймгийн төв орж бэлтгэлд орох нь тэр.  Эхнэр Б.Надмидцэрэн ч “Хэрэгтэй болоод л дуудаа биз. Явалгүй яахав” гэж.  “Бэлтгэл хэдэн сар болж Д.Балдираас эхлээд л Лхамжав, Хайдав, Мяасүрэн гээд том том багш нарын гар дамжаад хэдэн сар болоход хоолойн цараа тэлж уяа нь таарсан морь шиг онгойгоод ирдэг юм билээ” гэж тэр ярьсан.  Лхамжав багш нь өөртэйгөө гурав хоног сургуулилахаар болж “Эр бор харцага”-ыг зааж “Хоёр бор”-ыг гүйцээн сургахдаа хаана нугалж хугалах, хаанаа өргөж өгөхөөс аваад үзэгчидтэй харьцах урлагийг хоногшуулж өгсөн.  Ингээд л:

“Шашир дэлтэй шаргаараа
Шандын говийг туулах уу даа
Өтгөн сүүлтэй хүрнээрээ
Өргөн хангайг давах уу даа
Хоёр л борынхоо тарганд
Найрланхан сууж жаргая
Хойтох сайдынхаа эзгүйд
Намаржин сууж найрлая “ гээд дуулж байхад урлагийн алтан үеийн томцуул эгнэн суучихаад сэтгэл хангалуун толгой дохиж суусан хормыг Дашзэгвэ дурсах дуртай.  Жамбын Дашзэгвийн нээсэн гурав дахь ертөнц энэ.  Харин тэр декадны үеэр  “Дундговийн Дашзэгвийг Болгарт дууны сургуульд явуулах, эс бөгөөс Ардын дуу бүжгийн чуулгад авах” тухай томчуудын хүрээнд яригдаж байсан ч “Хонины хүн” хоньчин хэвээрээ л үлджээ.

Ж.Дашзэгвэ Ю.Цэдэнбал даргаас “Хөдөлмөрийн хүндэт медаль” ,  сүүлд П.Очирбат Ерөнхийлөгчөөс “Алтан гадас” одон, Н.Багабанди ерөнхийлөгчөөс “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” гардаж Н.Энхбаяр ерөнхийлөгчөөс “ “Монгол улсын гавьяат малчин” алдар хүртжээ.

                            С.ПҮРЭВСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж