Говийнхонд хандсан нээлттэй өдөрлөг

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Говийнхонд хандсан нээлттэй өдөрлөг

Монгол улсад уул уурхайн салбар эрчээ аван хөгжиж, зүүрмэглэн байдаг тал хөндий, уул толгодод их бүтээн байгуулалтын цуурай хадах болсоор бас ч гэж тодорхой хугацаа өнгөрчээ. Хааяа нэг айлчин гийчин ирэхэд холын ах дүүстэйгээ уулзсан юм шиг баярладаг хөдөө нутгийн ард түмэнд хүн хүч, машин техник, ажлын далайцаараа аль ч салбарыг хол хаядаг уул уурхайн нүсэр бүтээн байгуулалт сүрдмээр, гайхмаар бас эгдүүцмээр ч санагддаг байж болох. Энэ их ажлын утга учир, цаашдын үр нөлөө, ач холбогдлыг нутгийн иргэдэд тайлбарлан таниулж, тэдний санаа бодлыг сонсч, үйл ажиллагаандаа тусгаж байх нь өнөөгийн уул уурхайн компаниудын хувьд зайлшгүй зүйл. Энэ дундаас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт 2008 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй Энержи Ресурс компанийн энэ чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг онцолмоор санагдлаа.

Уурхайн олборлолт эхлэх яагаа ч үгүй байсан тэртээ 2 жилийн өмнөөс эхлэн компанийнхан төслийнхөө талаар нутгийн ард олонд тайлбарлан таниулж, шаардлагатай асуултуудад нь хариулт өгч, санаа бодлыг нь нэгдсэн журмаар тусган авч байжээ. 2 жилийн өмнөөс эхэлсэн нээлттэй өдөрлөг нь жил бүр хамрах хүрээгээ тэлж, өнөөдөр Өмнөговьчууд Энержи Ресурс компанийн нээлттэй өдөрлөгийг мэддэг, хүлээдэг, ухамсартайгаар сонирхдог түвшинд ирсэн байна. Энэ жилийн нээлттэй өдөрлөг тус аймгийн Цогтцэций, Даланзадгад, Ханбогд, Баян-Овоо сумдад өдөр дараалан амжилттай зохион байгуулагдаж, нийт 1,500 гаруй иргэн хамрагджээ. Бүтэн өдрийн турш үргэлжилдэг уг арга хэмжээний үеэр компанийнхан Ухаа худаг төслийн өнөөгийн явц, цаашдын ажлын зорилго, зорилтуудаас тайлбарлан яриад зогсохгүй нээлттэй хэлэлцүүлгийн цаг гаргаж, нутгийн иргэдийн санал бодлыг сонсдог. Энэ яриа нь зүгээр нэг яриа болоод өнгөрөх биш, дараа жилийн хэлэлцүүлэгт компанийн хийсэн, бүтээсэн ажлын тайлан хэлбэрээр тусгагддаг болохоор иргэд идэвхтэй оролцдогт гайхах зүйлгүй мэт. Бас шинэ сонин зүйлс, урлаг соёлын хэрэгцээ ихтэй байдаг хөдөөгийнхөнд хандаж байгаа болохоор үдэш нь нийтийн бүжиг зохион байгуулж, хотоос ирсэн урлагийн багийнхны тоглолт сонирхуулдаг байна.

Дөнгөж 2-хон жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа гэхэд Энержи Ресурс компани Ухаа худагийн хөндийд асар их зүйлсийг бүтээн босгож чаджээ. Дэд бүтцийн олон томоохон төслийн нэг болох 245 км авто зам л гэхэд нутгийн иргэдийн олон жил хүсэн хүлээсэн ажил болж байгаа юм. Мөн удахгүй ашиглалтанд орох цахилгаан станц хэзээнээс нааш тоггүй байж ирсэн Цогтцэций сумын иргэдийг найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах гэнэ. Хэн, хаана, юу хийгээд, ямар зорилготой ажиллаад байгаа нь жирийн иргэдэд хүртээлгүй мэт болсон өнөө үед уул уурхайн үндэсний компани Энержи Ресурс ийнхүү орон нутгийн хөрс шороонд  хамгийн ойр бууж ажиллаж байгаа нь бахархалтай бас жишиг болохуйц санагдаж байна.

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын иргэн Н.Сарангэрэл:

Энержи Ресурс компани нээлттэй өдөрлөг, хэлэлцүүлгийг байнга зохион байгуулж ирлээ. Энэ нь хөдөө алслагдсан сум, багийн иргэдэд ямар үйл ажиллагаа явагдаж байгаа талаар нээлттэй мэдээлэл авч, санал солилцох сайхан боломжийг олгодог. Өнөөдөр сум, багаараа энэ арга хэмжээг хүсэн хүлээдэг болсон. Энэ жилийн хэлэлцүүлгээр ямар асуудлууд шийдэгдэж, цаашдаа ямар зүйлс бий болох нь вэ гэсэн хүлээлт жирийн иргэдийн дунд байдаг, ийм болохоор энэ компанитай нутаг олноороо хамтарч ажиллахад дөхөм байдаг.

Нээлттэй хэлэлцүүлэгт хөндлөнгийн хяналт тавьж оролцсон “Хил хязгааргүй алхам” ТББ-ийн тэргүүн Н.Баярсайхан:

Нээлттэй хэлэлцүүлэгт ажиглагчийн хувиар оролцоод явахад энэ компани нийгмийн хариуцлага гэдэг зүйлийг үнэхээр бүрэн утга агуулгаар нь, стандартын түвшинд хийхийг зорьж, эрмэлзэж байдаг гэдэг нь тодорхой харагдаж байна. Арга хэмжээний явцад иргэдийн оролцоог хангаж, тэдний дуу хоолойг сонсч, тулгамдсан асуудал, санал бодлыг нь нээлттэй хүлээн авч, бүлгийн хэлэлцүүлгүүдийг хүртэл хийдэг юм байна. Нэг суманд гэхэд 9 ч бүлгийн хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Ингээд харахаар Монгол улсад ардчилсан засаглалыг хөгжүүлэх, ардчиллын зарчим, нээлттэй оролцооны зарчимд иргэдийг сургахад ийм төрлийн арга хэмжээнүүд маш их ач холбогдолтой нь харагдаж байна. Нэг ёсондоо иргэдээр өөрсдөөр нь хөгжлийн гарц, шийдлийг тодорхойлуулж, оролцооны эрх гэдэг зүйлийг ойлгуулж, мэдрүүлж өгдөг гэдэг нь харагдлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж