Парламентаар төр барьж ”Тоглохуй”

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Парламентаар төр барьж ”Тоглохуй”

20 нас. Жолоогүй мэт дэрвэлзэж, жолоодлогогүй мэт тонгочиж байх нас. Хүнээр бол хүсэл бүхнээ атгах чин сэтгэлээр гэгэлзэж, хүний сайхныг дэргэдээ үлдээхээр амьдралд дурлах тийм гэгээн үе. Он жилийн уртыг хэрхэн илээх тухай бодохоос илүү одоо л энэ цаг үеэ аз жаргалын эх булаг хэмээн итгэхэд эндүүрэх зүйлгүй гэнэн нас. Харин Монголын парламентын 20 насны хувьд нухчигдаж дарагдсан, нуугдаж нууцалсан, нуруу нуруугаа харалцаж, эртэй бяртай нь хутга гэгчийг хуйнаас нь сугалж, өрсөлдөгч эрийн араас өс зангидсан тийм л нас. Хууль тогтоох засаглал гэгчийг Үндсэн хуулиараа Монгол Улсыг удирдах нэгдүгээр эрх бүхий институт хэмээн томъёолсон ч эсрэг утгаараа тэнхээ нь гүйцээгүй тийм л парламент. Ерөнхий сайд нь намын даргын суудлаас парламентыг атгаж, хаан гэж өөрийгөө бодсон Ерөнхийлөгч нь танхимын голд мина тэсэлж, тоглодог тийм УИХ. Дэлхийн түүхнээ гүйцэтгэсэн хийгээд хувь нэмрээ оруулсан бусад улсын парламентын тусгаар тогтнолын дэргэд манайх үгээр хэлэх аргагүй сул дорой. Учир шалтгааныг нь дээрх жишгээр тайлбарласан тул энэ тухай илүү ихийг хэлэх хэрэггүй биз. Харин өнгөрсөн 20 жилийн Монгол Улсын парламентын түү­хийг харахад МАХН-аар бахар­хахгүй байхын аргагүй аж. Өнгөн дээрээ ялагдсан үе байх ч ачир дээрээ ялж тоглосоор ирсэн нь бахархууштай. Үүнийг дараах жишгээр тайлбарлаж болно. Гэхдээ хоёр жилийн дараа буюу 1992 онд УИХ-д бүрэн эрхээ хүлээлгэж өгсөн Улсын бага хурлаас Монголын парламентын түүх эхэлж буй ч энэ тухай олныг нурших хэрэггүй санагдав.

Монголын анхны парламент 1992-1996 оны настай. Энэ пар­ламентад одоогийн Ардчилсан намын гишүүнчлэлийн бүртгэл ёсоор бол Р.Гончигдорж, Да.Ган­болд, Ц.Элбэгдорж анхны сонгуулиар ялалт байгуулж УИХ-ын гишүүн болсон бол А.Ган­баатар, Т.Эрдэнэбилэг хоёр нь нөхөн сонгуулиар тэдний араас парламентад. Энэ үед Ц.Элбэгдорж нь УИХ-ын индрээс “Олуулаа болоод ирнэ ээ” гэсэн алдарт үгээ хэлж, чуулганы тан­химаас ханцуй шамлан гарсан байдаг. Тэрбээр ч өдгөө тэр л үгээрээ олноо хүндлэгдэж, “Эр зоригтой, эрх мэдэлд шунан дурладаггүй мундаг улстөрч” гэх магтаалын үгээр өөрийгөө хөөрөгдсөөр л яваа. Энэ нь ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үед нь багагүй хэрэг болсон байж болох. Ийн энэ үеийн парламент бүхэлдээ МАХН-ын ах нар буюу ганц, хоёр жилийн өмнө төрийн албанд тухай бүртээ өндөр сэнтийд сууж байсан дарга нарын армиас бүрдсэн юм. Энэ бол иргэд хэдийгээр ардчилалд дурлаж байсан ч утга учрыг нь сайн ойлгоогүй тул нутгийнхаа даргыг  л гишүүн болох ёстой гэдэг итгэл үнэмшлээр хийсэн сонголтын үр дүн байлаа.

Харин дараагийн удаа буюу 1996-2000 оны парламентад Ц.Элбэгдоржийн амласан ёсоор ардчилсан хүчнийхэн буюу Ардчилсан хүчний холбооны нэр дэвшигчид 50 суудал авч, ард олонд түүхийн өөрчлөлт хийх боломж нөхцөлийг бүрдүүлэх нь тэр. Гэвч тэд тэгж чадсангүй. Ард­чил­сан хүчний хол­­боог хамтарч бай­­­гуулсан гурван намын лидерүүд өөр хоорондоо зөр­чил­дөж, өрвөлз­сөн шиг өрвөлзөж эхлэв. Үүнийх нь бал­­гаар энэ дөрвөн жилийн хугацаанд дөрвөн за­саг солигдож, Монголын социал демократ намын лидерүүд өөрсдийн эрх ашгийг тунхаглах болов. Энэ үед нь Намын даргын суудлыг аваад удаагүй байсан Н.Энхбаяр Засгийн газрыг огцруулах үндэслэлийг эрх мэдэлд хүрээгүй Ардчилсан хүчний холбооны нөхөдтэй хамтдаа зохиож, улмаар Ерөнхийлөгч асан Н.Багабанди Монголын парламентаар хэрхэн тоглож болох үлгэрчилсэн загварыг түүхнээ үлдээсэн гэхэд болно. Нэг ёсны энэ дөрвөн жилийн хугацаанд Ц.Элбэгдоржийн хэлснээр Монголын ардчилагчид олуулаа болоод ирсэн ч олны дунд дайсан олон, дайснууд дунд дайн гарахдаа их гэдгийг баталж өгөв. Үгүй ядах нь ээ л тухайн үед Ерөнхий сайдаас огцрохдоо шарлахсан М.Энхсайхан нь “Намын нөхөддөө гомдож байна” гэх үгийг тодоор хэлснээр Ардчилсан хүчний амь нь хэврэг, алс хэт нь ирээдүйгүй болохыг нотолсон. Улмаар тухайн үед одоогийн дайсагналцлын оч бадарч, Ардчилсан намын өнөөгийн хуваагдлын үүд хаалга нээгдсэн байжээ, одоо бодох нь ээ. Энэ нь МАХН-ын шинэхэн дарга Н.Энхбаяр хийгээд ирэх сонгуулиар ялалтыг өөрийн талд урвуулахыг хүссэн тус намын лидерүүдийн хөх инээдийг хүргэж байсан нь тодорхой. Хамгийн инээдтэй нь энэ он жилүүдийн талаар Ардчилсан намын сайтад “Зарим яамдын сайдыг бараг “гудамж”-наас олж авчирч сайдын сэнтийд суулгаж, дараа нь намдаа гишүүн болгож авсан ч тохиолдол бий. Сүүлдээ Засгийн газрын гишүүнээр ажиллуулах хүн олдохгүй болж байснаар тайлбарлаж болно” гэсэн дүгнэлт өдгөө байх юм билээ.

Хэдий хойно ч гэсэн Ардчилсан нам ийм дүгнэлтийг ил тодоор өгүүлж буй нь бас л бахархууштай хэрэг. Гэвч Ардчилсан хүчний холбооны лидер хоорондын “Тэдэнд итгэвэл төргүй. Тэдэнтэй явбал өөдлөхгүй” гэдгийг хангалттай сайхан ойлгуулж, алсын зайны тоглогчийн дүрд тоглосон МАХН 2000-2004 оны парламентын сонгуульд бүхэл бүтэн 72 гишүүний эрхтэй болов. Ж.Наранцацралт агсан л Монголын ардчиллын ганц бэлгэ тэмдэг болж, хоёр жилийн өмнө ОХУ-руу захидал илгээсэн хилс хэргээр Ерөнхий сайдын албаа өгч байсан гашуун түүхийн өмнө бөхөөгүй гэдгээ харуулав. Тэр цагт намын харьяаллаа үл мартан, Ж.Наранцацралт агсныг эгээтэй л шүүхийн танхимд дуудах шахаж байсан нөхөд нь бүгд 2000-2004 оны хооронд ичсэн нэрэндээ хилийн дээс алхаж, мэдлэг боловсролоо дээшлүүлэх нэрээр бултсан юм. Харин энэ үед МАХН хүч хэнд байна, түүнд эрх мэдэл бий гэдэг үлгэрээр Монголын төрийн албан хаагчдыг хуйгаар нь цомхотгож, засгийн эрх мэдлийн эсрэг саналгүйгээр гартаа төвлөрүүлсэн юм. Энэ нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд МАХН ямагт хүчтэй байж ирсний тод жишээ. Мөн эрх мэдэлд хүрэх боломж бололцоог урьдаас тооцоолж чаддагийнх нь ур ухааны гайхамшиг ч байж мэдэх биз. Түүнчлэн одоогийн хамгийн том гомдол мэдүүлэгч, нулимсаа арчин сэтгэлээ тайвшруулаад эргэж алхах хүчгүй болсон Н.Энхбаярын эрх мэдлийн зузаанаас зузаан намтар болж байлаа.

Улмаар 2004-2008 оны сонгуульд “Эх орон-Ардчилал” эвсэл анхандаа 35 суудал авч, хоёр тойргийн будлианыг шийдүүлэх маргаанд ханцуй шамлан орсон байдаг. Гэсэн ч мөнөөх эвслийн нөхөд нь нэг л өдөр тусгаар тогтнолоо зарлаж, Ардчилсан намын 25 гишүүн МАХН-ын бүлэгт элссэнээр Ардчилсан нам сонгогчдод туйлбаргүй, хүчгүй гэдгээ батлав. Энэ үед мөнөөх МАХН-ын нөхөд нь Ардчилсан намын хөөрхий 25 гишүүнийг өвөр түрийндээ багтаасан өр зөөлөн улс төрийн хүчний дүрд тоглож, тэр зууртаа Н.Энхбаярын нөхөд М.Энхболдын Засгийн газраар тоглосон түүх бий. Энэ он жилийн талаар Ардчилсан намын сайтад “Ардчилсан намын 18 жилийн ойг тохиолдуулан мянга орчим гишүүдээ төрийн дээд шагнал, одон медалиар шагнуулах тодорхойлолт бүрдүүлж Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн боловч нэг ч хүнд шагнал олгосонгүй” гэсэн тэмдэглэл байх юм билээ. Сонирхолтой хэрэг шүү.

Харин өнөөгийн парламентын тухайд Хамтарсан Засгийн газрыг халуун тэвэртээ өнхрүүлж буй өр зөөлөн гишүүдээс бүрдсэн гэж болно. Зарим нэг чанга дуутныг эс тооцвол ерөнхийдөө намынх нь сонголт дөрвөн өөр ч, элэг зүрх нэгтэй байж мэдэхээр. Ер нь тэгээд Монголын парламентын түүхийг харахад, ажихад МАХН бүхэлдээ олонх болсон, болоогүй гэдгээсээ үл хамаараад дарга нь, даамал нь байсаар иржээ.

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж