Улиран сонгогдохоос татгалзав уу

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Улиран сонгогдохоос татгалзав уу

Францын Ерөнхийлөгч Николя Саркозигийн
засаг захиргаа ойрын үед батлахаар хэлэлцэж буй тэтгэврийн шинэ хууль
тус улсын эдийн засгийг аврах гол хөшүүрэг болж чадах уу. Үүнд энгийн
иргэд нь “Үгүй” хэмээн хариулж байна.

Францад олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал дахин гарчээ. Үүнээс
өмнө энэ сарын эхээр тус улсад хоёр сая гаруй иргэн оролцсон жагсаал
болж байв. Зөвхөн Парис хотод л гэхэд 800 мянган хүн гудамжаар алхаж,
уриа лоозонгоо өргөж байсан юм. Харин энэ удаагийнх эхнийхээсээ илүү
хүчтэй өрнөж байгаа бололтой. Сургууль, цэцэрлэгүүд хаалгаа барьж,
агаарын тээврийн компаниуд нислэгээ саатуулж, төмөр замынхан ч ажлаа түр
хойш тавьсан тухай Францын “Le Monde” сонинд мэдээлжээ. Тус улсын
үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчдийн ярьж буйгаар ойролцоогоор гурван сая
орчим ажилчин уг жагсаалд оролцож байгаа аж. Харин Францын Засгийн
газраас нэг сая гаруй хүн жагсаж байгаа тухай мэдээлсэн байна. Энэ
талаар эсэргүүцэгчдийн тоо тийм ч олон биш байгаа гэдгийг нотлохын тулд
ийм мэдээлэл цацаж байгаа хэмээн ажиглагчид тайлбарлажээ. Ямартай ч
Н.Саркозигийн хувьд Ерөнхийлөгчийн албанд дахин сонгогдох магадлал тун
бага болж байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд Францын Ерөнхийлөгчөөр
улиран сонгогдож чадаагүй ганцхан тохиолдол гарч байсан. Өмнө нь 1981
онд францчуудад Европын бусад орны иргэдтай харьцуулахад хамгийн эрт
тэтгэвэртээ гарах боломж олгоно хэмээн амлаж байсан Франсос Миттеххондад
тус улсын Ерөнхийлөгч асан Валери Жискард д Эстин ялагдаж байж.
Тэгэхээр тус улсад тэтгэвэрт гарах нас гэдэг их чухал бололтой.

Шинэчилсэн хуулийн дагуу бол тэтгэвэр тогтоох нас 60 байсныг 62 болгож
байгаа. Н.Саркозигийн санаачилсан уг хуулийн төслийг Францын парламентын
доод танхимын гишүүдийн 329 нь дэмжиж, 233 нь эсэргүүцсэн билээ. Үүний
дүнд уг хуулийн төслийг дээд танхимаар баталгаажуулан хуульчлах эрхтэй
болсон юм. Цаашид Францын Сенатаар хэлэлцэж, батлагдах магадлал тун
өндөр байна. Хууль батлагдвал францчуудын тэтгэврийн санд шимтгэл төлж,
төсвийн хөрөнгөд нэмэр болох хугацаа хоёр жилээр уртасна гэсэн үг. Тус
улсын төсвийн алдагдал энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний 7.8 хувьтай
тэнцэнэ гэх тооцоо байгаа. Энэ талаар Францын Төсвийн сайд нь өөрөө
онцолсон. Төсвийн нийт алдагдал энэ оны эхний хагас жилийн байдлаар 61.7
тэрбум еврод хүрсэн билээ. Хэдийгээр энэ нь өнгөрсөн оны мөн үед 82.4
тэрбум еврод хүрч байсантай харьцуулахад буурсан үзүүлэлт боловч бодлого
боловсруулагчдынх нь санаа амарсангүй. Бууралт ажиглагдсаны гол
шалтгаан нь орлогын татвараа нэмсэнтэй холбоотой юм. Францын Засгийн
газар Европын холбооны удирдлагуудад 2011 он гэхэд төсвийн алдагдлаа
дотоодын нийт бүтээгдэхүүний зургаан хувьтай тэнцүүлнэ хэмээн амлалт
өгсөн. Цаашлаад 2014 он гэхэд уг харьцааг хоёр хувьд хүргэх аж. Энэ
зорилтдоо хүрэхийн тулд бодлого боловсруулагчид гурван жилийн дотор дор
хаяж 100 тэрбум еврог хаанаас ч хамаагүй олох хэрэгтэй болж байгаа юм.
Ингэхийн тулд эхлээд орлогын татвараа өөрчилсөн бол одоо тэтгэврийн
хуулиа шинэчилж байгаа аж. Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар Францын
эдийн засгийн өсөлт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 0.7 хувьтай
гарчээ.

Грекийн гадаад өрийн хямралыг эцэслэхийн тулд Европын холбооноос эдийн
засгийн хувьд харьцангуй хүчирхэг байгаа евро бүсийн орнуудаасаа татаас
авч, зээл хэлбэрээр Грект өгсөн. Энэ нь нөгөө хүчирхэг хэмээгдэж байсан
орнуудыг хямраах гол шалтгаан болжээ. Тэдгээр орны нэг нь Франц гэдгийг
ажиглагчид онцолж байна.

Францын Засгийн газраас гаргасан 10 жилийн хугацаатай бондын өгөөж евро
бүсийн орнуудаас хамгийн бага хувьтай гарсан билээ. “Reuters”
агентлагийн мэдээлснээр ирэх онд тус улсын эдийн засгийн өсөлт 1.3
хувьтай гарах аж. Энэ нь өнгөрсөн нэгдүгээр сард эдийн засагчдын тооцож
байснаас буурсан үзүүлэлт юм. Францын эдийн засгийн дийлэнх  хувь нь
дотоодын хэрэглээнээс хамаардаг. Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний
60 хувийг дангаараа бүрдүүлдэг иргэдийн хэрэглээ нь өнгөрсөн сард
буурсан тухай мэдээлэл саяхан цацагдсан билээ. Уг үзүүлэлт өнгөрсөн
долдугаар сард 2.7 хувийн өсөлттэй байсан бол буурч 1.6 хувьд хүрсэн
байна. Түүнчлэн өнгөрсөн тавдугаар сард ажилгүйчүүдийн тоо 2.7 саяд
хүрсэн нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи хамгийн өндөр түвшинд хүрсэн
үзүүлэлт юм. Засгийн газрын гадаад өр нь 2011 онд дотоодын нийт
бүтээгдэхүүний 86.5 хувьтай тэнцэж нэмэгдэнэ гэх тооцоог эдийн засагчид
гаргасан. Шийдвэрлэх асуудал францчуудад зөндөө л байна.

Гадаад өрийн хямралаас болж Их Британи, Грек, Испанид хүртэл төсвийн
зардлаа танаж, багасгахын тулд тэтгэврийн хуулиа шинэчлэхээр болсон.
Тэднийхтэй харьцуулахад Н.Саркозигийн санаачилсан өөрчлөлт өчүүхэн бага
юм. Францад иргэдийнх нь тэтгэвэр авах хугацаа сүүлийн найман жилийн
хугацаанд дунджаар 12.5 жил байгаа гэх тооцоо гарсан. Үүний ачаар тус
улсын тэтгэврийн сангийн хөрөнгө 42 тэрбум евро буюу 58 тэрбум
ам.долларын алдагдалд орж байсан. Гэтэл Эдийн засгийн хамтын ажиллагаа,
хөгжлийн байгууллагаас гаргасан судалгаагаар италичууд дунджаар 14.1
жилийн хугацаанд тэтгэвэр авдаг аж.

Шинэчилсэн хуулийн төсөл хэрэгжиж эхэлбэл Францад 2011-2013 онд
тэтгэвэртээ гарах байсан хоёр хүн тутмын нэг нь үргэлжүүлэн ажиллаж,
Засгийн газар олон тэрбум еврогийн хөрөнгөө хэмнэх боломжтой болно.
Ойролцоогоор 100 мянган ажлын байр эзэнтэй хэвээр байна гэсэн үг.

Европчуудын дундаж наслалт нэмэгдэж байгаатай холбогдуулан ажиллах
хүчний тоо нь цөөрч, нийгмийн халамжид зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэх
шаардлагатай болсон. Гэтэл зардлаа нэмэх байтугай хямралаас болоод
төсвөө танах дээрээ тулаад байгаа зарим улсын Засгийн газрууд энэ тал
дээр дорвитой арга хэмжээ авахаар шийдсэн юм. Францаас гадна Испани,
Герман, Голландын засгийн эрх баригчид тэтгэвэр тогтоох нас 65 байсныг
67 болгон нэмэх болсон тухайгаа зарласан. Австрид эмэгтэйчүүд нь 60,
эрэгтэйчүүд нь 65 хүрч тэтгэвэрт гардаг байсныг өөрчилж, адил болгохоор
төлөвлөжээ. Их Британид 2020 он гэхэд мөн л эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн
тэтгэврийн насыг ижил болгох аж.

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж