Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Б.Хурц гэж хэн бэ?

Б.Хурц нь Авлигатай тэмцэх газарт шалгуулж явсан нэгэн. Албан тушаалаа ашиглан мөнгө завшсан, авлига авсан, хөрөнгөө нуусан гэх хэд хэдэн үндэслэлээр тэрбээр шалгуулж байсан ч хариуцлага хүлээсэн удаагүй. Тодруулбал, МИАТ компанийн Сөүл дэх ерөнхий төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр тээвэрлэх нэг кг тээшний төлбөрийг 800 вон байсныг 1.2 ам.доллар болгон дур мэдэн өөрчилсөн хэрэгт холбогдож байсан. Албан тушаалын дээрх хэргийг нь хяналтын прокурор хэрэгсэхгүй болгосон. Үүнээс гадна Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байхдаа гаалийн байцаагчдаас 50 сая төгрөгийн авлига авсан хэргийг нь АТГ шалгасан. Гэсэн ч дээрх хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болсон. Хамгийн сүүлд машин, компаниа хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдаагүй гэх шалтгаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинг шүүхийн тавцанд хүртэл чирсэн билээ. Түүнээс болж Ц.Энхтүвшин 150 мянган төгрөгөөр торгуулсанаар дуулиан намжсан.

Б.Хурц Тагнуулын ерөн­хий газарт ажиллаж байхдаа “гаалийн” Х.Баатарын хэргийг шалгаж байсан. Мөн С.Зориг агсаны хэрэгт холбогдуулан Д.Энхбатыг гадаадаас баривчилж байв. Шадар сайд М.Энхболд, УИХ-ын гишүүн асан У.Барсболд нарыг тагнаж, чагнасан хэрэгт ч Б.Хурц холбогдож байсан намтартай.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцын гэргий “Сарнай X” салоны захирал юм.

Гэрэл зургийг www.inet.mn

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж