Д.Сугар огцрох болзлоо хангалаа

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Д.Сугар огцрох болзлоо хангалаа

Засгийн газар Төрийн өмчийн хороо (ТӨХ)-ны дарга Д.Сугар гэдэг “хадаас” боловсон хүчнийг сугалахын тулд тун хатуу тоглоомоор тоглохоор болж байна. Стратегийн орд газрууд төрийн өмч мөн болохоор түүний менежментийн эрхийн сонгон шалгаруулалт ТӨХ-ны даргын үзэмжээр явна гэсэн явцуу дүрмийг тэр баримталж буй. Тиймээс ч “дээд хүмүүс”-тэй түнжин хагарч “Тэгвэл энэ ажлаа авахгүй юу” хэмээн шазуур зуусан нь үнэн байж. Түнжин хагарсан шалтгаан нь юу ч байж болно. Хөгжлийн банк байгуулах, МИАТ, “Эрдэнэт”-ийн хувьчлал гээд Д.Сугарыг ямар ч сэжмээр оролдож болдог. Ялангуяа “Хөгжлийн банк”-ны асуудал дээр Д.Сугарын болгоомжлол зөв шүү дээ. Монголын төр банктай байж үзсэн. Улстөрчдийн зууш болгоод л өнгөрдөг. “Хөгжлийн банк”-ийг ч гэсэн үүнээс өөр ямар тавилан тосч байгаа юм бэ. Улстөрчид мөнгөнд дургүй болчихоо юу. ТӨХ-ны даргын хувьд, хуульчийн хувьд ч түүний байр суурь энэ удаа зөв. Гэхдээ Засгийн газар зорьсондоо хүрэхийн тулд Д.Сугарыг тэр байр суурьтай нь хамт замаасаа зайлуулах нь тодорхой. Үүнд дэм өгөхүйц бас нэгэн ойлгомжгүй үйл явдал өрнөж эхлээд байна.  

Монгол Улсын Ерөнхий сайд АНУ-ын Нью-Йорк хотноо айлчлал хийх үеэрээ “Тавантолгойн сонгон шалгаруулалтад Лондонгийн хөрөн­гийн бирж ялах магадлалтай” гэ­сэн мэдэгдэл хийсэн.  Гүйцэтгэх засаг­лалын тэргүүний хувьд ха­риуц­лагатай мэдэгдэл байсан нь лавтай. Гэтэл Улаанбаатар хотноо ТӨХ-ноос “Сонгон шалгаруулалт үргэлжилж байна. Хэн ялсныг хэ­лэхэд эрт байна” гэсэн мэдээ­лэл хийлээ. Мэдээж энэхүү зөрүүг Төрийн өмчийн хороо дахь хөрөнгийн биржийн итгэмж­лэгд­сэн төлөөлөгч нь  хариуц­лага­тайгаар няцааж байгаа. “Сон­гон шалгаруулалтад есөн баг сана­лаа ирүүлснээс Үнэлгээний хо­роо  дөрвийг нь шалгаруулж дүг­нэлт гаргаад Засгийн газарт танил­цуулахаар бэлтгэж байна” гэсэн мэдээллээс өлгөж аваад, сэтгэлийн хөдөлгөөнөөр тийм мэдээлэл хийсэн гэж Ерөнхий сайдыг гөрдөх хэцүү. Гэхдээ учир байна. Нэгэнт тухайн улсын Гүйцэтгэх засаглалын тэргүүн тэгээд хэлчихсэн бол “Уучлаарай, андуурч” гэсэн залруулга хийх боломжгүй. Тиймээс Лондонгийн хөрөнгийн бирж шалгарна, эсвэл Монголын тал тэднийг дэмжихээс өөр аргагүйд хүрч байгаа юм.

Энэхүү будлиан одоогоос таван жилийн өмнө тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаярын ОХУ-д хийсэн айлчлалын үеэр болсон нэгэн хэрэгтэй тун ижил төстэйгээр өрнөж байна. Хөөрхий мөнөөх л Д.Сугартай холбоотой юм. Манай гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины урилгаар айлчилж байгаа гээд бөөн сүр болж үдүүлээд гарсан. Гэтэл “урьсан” гэх В.Путин нь түүнийг хүлээн авч уулзаж болох цорын ганц нөхцөл нь “Монголросцветмет нэгдэл Монполиметтэй гэрээ байгуулсан байх ёстой” гэсэн болзол байв. Ингээд В.Пу­тин­тай уулзахын өмнө Элчин сайд Л.Хангайн өрөөнд дагалдагсдадаа агсам тавьж “Монголросцветмет нэгдэл”-ийн захирал О.Эрдэнийг бүлтэг­нүүлсэн төдийгүй ТӨХ-ны дарга Д.Сугарыг В.Путины шаард­сан гэрээг яаралтай хийж факсаар явуулахыг шаард­сан. Д.Сугар хуульчийн хувьд ч, төрийн албан хааг­чийн хувиар ч энэхүү арга ядсан хуйвалдаанаас бул­тахыг хичээсэн боловч яаж ч ча­даа­гүй. Гэвч Засгийн газрын шийдвэрээр ажиллах ёстой тул Ерөнхий сайд М.Энхболдтой зөв­лөхөөс аргагүй гэж хэлсэн. Харамсалтай нь М.Энхболд намын бүлгийн хуралтай бай­сан учраас Н.Энхбаярыг зал­­гахад утсаа аваагүй. Ингээд Д.Сугар хожмын өдөр хэрэг­тэн болж үлдэхгүйн тулд хуульчийн ёсоор заль хэрэг­лэн “Таны илгээ­сэн захидлын дагуу Монгол­росцве­тмет нэгд­лийн Удирдах зөвлөлийг хурал­дуулсан” гэсэн бөөрөнхий хариу өгсөн байдаг. Гэвч энэ хариуны ачаар Н.Энхбаяр В.Путинтай нүүр учирч, айлчлал арайхийн амжилт­тай болсон. Мэдээж үүний дараа бол­сон явдлын талаар дуулиан үүс­сэн. Дуулианы нууцыг задалсан хүмүүсийн нэг нь Д.Сугар өөрөө ч байж болох юм. “Гаалийн” Х.Баа­тарыг танихгүй гэж мэлзсэнээс хара­хад уснаас хуурай гарахын тулд юу ч хийж мэдэхээр хударгагүй нөхөр шүү дээ. Гэхдээ хэдийгээр шахаанд орж буруутай үйлдэлд оролцсон ч нөхцөл байдлын үнэн бодит байдлыг задалсан нь төрийн албан хаагчийн эр зориг биш гэж үү.

Энэ удаа ч гэсэн Д.Сугар яг ийм шахаанд ороод байж болзошгүй дүр зураг харагдаж байна. Тэрбээр хуульчийн хувиар Ерөнхий сайд ташаа мэдэгдэл гаргасныг анзаармагцаа дагаад намирвал буруутахаа мэдээд, ТӨХ-ны даргын хувьд “Лондонгийн бирж сонгон шалгаруулалтад ялаагүй шүү. Сонгон шалгаруулалт дуусаагүй байна” гэсэн үнэн зөв мэдэгдэл гаргалаа. Үүнийхээ төлөө суудлаа өгөх нь зайлшгүй. Үнэхээр ч Д.Сугарын өөрийнх нь хэлснээр ийм нөхцөлд ТӨХ-ны даргын суудлаа авбал авна л биз. Өнөөдрийн улс төр иймдээ хүртэл ялзарчихсан юм чинь.

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж