Биржийг гадныханд шууд өгөх гээгүй

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Биржийг гадныханд шууд өгөх гээгүй

Монголын Хөрөнгийн бирж хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Р.Содхүүг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Хөрөнгийн биржийг удирдах менежментийн ба­­гийг шалгаруулах
тен­дерт олон улсын багууд өрсөлдөж байна. Заавал гадныхан гэхгүйгээр
бид өөрсдөө аваад явах боломж байгаа юу?

-Ер нь заавал үндэсний баг удирдах ёстой л доо. Монголчууд аваад явж
чадна. Яах вэ, одоо бол гадны багууд өрсөлдөөд шалгарсантай нь бид
хамтраад явах юм. Тэгээд хоёр жилийн дараа ч юм уу үндэсний баг л биржээ
авч явна. Энэ шалгаруулалтаар  гадныханд шууд өгөх гэж байгаа юм биш.
Азийн хэмжээнд бид Солонгос, Казахстан ч гэдэг юм уу жижиг, дунд үйлдвэр
мэтэд тулгуурласан биржийг аваад явж чадаж байна. Гагцхүү бид дэлхийн 
хэмжээнд ашигт малтмал, металлын үнийг тодорхойлж чаддаг Торонто,
Авсрали, Лондонгийнх шиг биржтэй болохыг л хүсч байгаа юм.

-Удахгүй буцааж өг­нө гэвэл гадны том биржүүд манай биржийг өрсөлдөхүйц хэмжээнд хөгжүүлж чадахгүй юм биш үү?

-Яг үнэнийг хэлэхэд тэд үнэхээр болгоомжилж байгаа. Ялангуяа, азийнхан
бол их дургүй байгаа шүү дээ. Монголын бирж гэнэт томроод зэс, алт,
нүүрсний үнийг тогтоогоод эхэлбэл яах юм.

Бүгд л Монгол руу хошуурна. Сая тендер зар­лахад Торонто, Австралийн
биржүүд зөвхөн хамтарч ажиллана гэсэн л санал ирүүлж байна. Хонконгийн
бирж бүр сандарч байгаа. Тэр улсад байгалийн ямар ч баялаг байхгүй.
Английн хараат улс гэдэг утгаараа л хүчтэй байгаа юм. Монголын бирж
хүчирхэг болвол Хонконгийн бирж удахгүй хаагдана. Манайд бүх төрлийн
баялаг байна. Байх байхдаа асар их хэмжээгээр байна. Азийн ашигт
малтмалын хамгийн том санхүүгийн төв Монголд бий болно гэдэгт би
итгэдэг. Ийм хэмжээнд хүргэх багийг л шалгаруулаач гэж би тулгаж байгаа.
Хэрэв Хөрөнгийн биржийг энэ хэмжээнд хүргэж чадвал би үүдний манаач нь
болоход ч бэлэн байна. Ер нь монголчууд хөрөнгийн зах зээлийн амтыг
мэдрээд зөв эхлүүлчих юм бол асар их амжилтад хүрэх нь гарцаагүй учраас
гадныхан мэргэжилтэн бэлтгэж өгөхөөс ч айдаг юм шүү дээ.

-Хөрөнгийн биржийн удирдлагын багийг шал­гаруулах ажил буд­лиантсан гээд байгаа. Яг юу болоод байгаа юм бэ?

-Би тендер зарласан биш яаж мэдэх вэ. Юу болоод байгааг хэлж мэдэхгүй байна.

-Та “Тендер хүчингүй болсон” гэж саяхан нэг хэвлэлд хэлсэн байсан шүү дээ?

-Үгүй. Би тийм юм яриагүй. Төрийн өмчийн хороо, Засгийн газрын комисс л
мэдэж байгаа байх. Хэвлэлийнхэн надаас л асуугаад байгаа. 

-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх тухай сүүлийн үед хүчтэй ярьж
байна. Гэвч яг оновчтой, системтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байх
шиг. Энэ салбарт олон жил ажиллаж байгаагийн хувьд та юу хэлэх вэ?

-Энд тэндээс нь өм цөм ярьж байна. Хөрөнгийн зах зээлийн талаар ямар ч
мэдлэггүй хүмүүс энэ талаар их ярьж байгаа болохоор арга ч үгүй биз.
Үүнд би их санаа зовдог. Хөрөнгийн зах зээл гэдгийнхээ мөн чанарыг сайн
ойлгоогүй хүмүүс шууд л хөгжүүлэх тухай яриад байж болохгүй шүү дээ. Өөр
хоорондоо буруу ойлголттой болохоос гадна олон нийтэд ч буруу мэдээлэл
өгөөд байгаа юм. Дэлхийн хэмжээнд яаж хөгжиж ирсэн юм, манайд ямар
байдлаар хөгжүүлэх ёстой вэ гэдгийг мэддэг хүмүүс нь маргаан мэтгэлцээн
өрнүүлээд явж байгаа бол өөр хэрэг л дээ. Хөрөнгийн зах зээл гэдэг бол
эдийн засагт үйлчилдэг санхүүгийн үйлчилгээний нэг хэлбэр л байхгүй юу.
Гэтэл хэт гүнзгийрүүлж юм уу, хэт энгийнээр ойлгоод байна. Тэгээд
гаднаас туршлага судалж байгаа нэрээр нэг улсын хөрөнгийн биржийг
гаднаас нь харчихаад манайх бас тийм болох ёстой гээд л шүүрс алдаад,
гаслаад байх хэрэггүй юм. Хөрөнгийн бирж, хөрөн­гийн зах зээл хоёрыг
ялгахгүй хүмүүс энэ талаар яриад байхаар төр засгийн түвшинд байтугай
жирийн иргэд яаж ойлгох вэ дээ.

-Ер нь манай улсад хөрөнгийн зах зээл хөгжих боломж хэр байгаа вэ?

-Уул уурхайд түшиглэсэн үндэсний томоохон хувьцаат компаниудыг
байгуулвал асар их боломж бий. Ингэхдээ хувьцааг нь ард түмэндээ
эзэмшүүлэх ёстой. Ингэж л эх орныхоо хишиг, хувийг ард түмэндээ
хүртээхээс өөр арга байхгүй. Гадныхан манай ашигт малтмалын ордуудын
хувьцаа руу яагаад хошуураад байна вэ. Ашигт малтмалын ордуудын хувьцаа
яагаад өсөөд байна вэ. Эдгээр асуулт өөрөө хариулт байхгүй юу. Ашигтай
байдаг учраас л ашигт малтмал гэж нэрлэсэн байна. Харин тэр ашгийг
хүртэх арга нь хувьцаа.          
       
-Үүнийг бүгд л ярьж байгаа. Гэхдээ хөрөнгийн зах зээлд эргэлдэж
байгаа мөнгө зах зээл дэх нийт мөнгөний маш бага хувийг эзэлсээр л
байгаа шүү дээ?

-Улсын хэмжээнд нийт хөрөнгө оруулалтын 95 хувь нь банкаар, тавхан хувь
нь хөрөнгийн зах зээлээр дамжиж байна гэж ярьж байгаа нь үнэн. Хөрөнгийн
зах зээл дэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь зайлшгүй анхаарах
асуудал мөн. Гэхдээ дэлхийн аль ч улсад хөрөнгийн зах зээл дээр босгосон
хөрөнгө банкныхаас давж байсан түүх байдаггүй. Цаанаа их нарийн
учиртай. Үндэстэн дамнасан том том банкууд чинь үндсэн үүргээ
хэрэгжүүлэхийн оронд аль улсад ямар ашигтай орд газар байна, түүний
хувьцааг л худалдаж авдаг болчихоод байна. Уг нь тэр мөнгөөрөө зээл
олгож байх учиртай шүү дээ. Энэ бол банкны системийн сүйрэл явагдаж
байгаагийн илрэл. Урьд нь ч АНУ-ын том банкууд харилцагчдынхаа
хадгаламжаар бусад улс орны гол гол хувьцааг худалдан авч улмаар
колоничлох бодлого явуулснаас л санхүүгийн хямрал гарч байсан. Тэгэхээр
хөрөнгийн зах зээл дэх хөрөнгө оруулалт нэмэгдэх нь зарим талаар
эрсдэлтэй байгаа биз. Хувьцааг хэн худалдаж аваад байна вэ гэдгээс бүх
зүйл хамаарна. Мөнгө л нэмэгдэж байвал болдог юм биш.

-Монголчуудын хувьд энэ талын ойлголт тун хангалтгүй байна гэж та хэлэх гээд байна уу?

-Нэг үеэ бодвол жирийн иргэд хөрөнгийн зах зээлийн талаар асар их
мэдлэгтэй болсон. Таван жилийн өмнө би Хөрөнгийн биржийн захирлын ажлыг
авч байхад өдөр бүр хүмүүст загнуулдаг байсан. Нөгөө айхтар ягаан,
цэнхэр тасалбарын учрыг олох гэж хүмүүс мөн ч их бухимддаг байж. Харин
өнөөдөр байдал эрс өөр болсон. Хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө хийж
алдсанаас хэдэн гайгүй хувьцаа авчихвал хамаагүй дээр гэдгийг мэддэг
болж.

-Тэгвэл одоо чухам юу хийх хэрэгтэй вэ?

-Хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй л дээ. Юуны түрүүнд мөнгөтэй
хүмүүсийн шуналыг хөдөлгөхүйц ашигт малтмалын хувьцаат компаниудыг
байгуулах хэ­рэгтэй байна. Монголчуудын хувьд айх юм огт байхгүй.
Хамгийн гол нь монголчууд өөрсдөө хувьцааг нь эзэмших боломжтой байх
ёстой. Харин Канадад зарагдаж байгаа “Айвенхоу майнз”-ын хувьцаа бол
биш. Тэр бол Монголын  ордын хувьцаа биш. Бид тэр хувьцаанаас авах юм
бол алдана шүү. Үүнээс гадна анхаарах зүйл олон бий. Нэгдүгээрт тухайн
улс өөрөө эдийн засгийн хөгжлийн хувьд тогтвортой байх хэрэгтэй.
Хоёрдугаарт бүх иргэддээ ногдол ашиг хүртээдэг байх учиртай. Инфляцийг
бууруулах талаар онцгой анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл инфляци өндөр
байгаа нөхцөлд хөрөнгийн зах зээл хэзээ ч хөгждөггүй. Бас нэг гол
анхаарах зүйл бол хөрөнгийн зах зээлд үйлчилдэг дэд бүтцүүдийг хөгжүүлэх
явдал. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн бирж, брокер диллер, төлбөр тооцоо,
төвлөрсөн хадгаламжийн гэх мэт байгууллагуудын үйлчилгээг боловсронгуй
болгох хэрэгтэй юм. Мөн технологийн дэвшил, олон улсын түвшинд ашигладаг
томоохон IT системийг суурилуулах шаардлагатай. Улмаар зөвхөн ашигт
малтмалын ордуудын хувьцааг арилж­даг, яг энэ чиглэлээр мэргэшсэн, бирж
болон бусад мэргэжлийн байгууллагыг байгуулах юм бол амжилтад хүрнэ.
Лондонгийн металлын бирж гэдэг шиг төрөлжсөн байгууллага хэрэгтэй байна л
даа. Үүнийг л би чин сэтгэлээсээ хүсч байна.

-Таны энэ байр суурьтай шийдвэр гаргах түвшнийхэн санал нэгддэг үү. Эсвэл зөрж давхиад байна уу?

-Би энэ тухай байнга ярьж байгаа. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын
09-нд Ерөнхий сайдтай уулзахдаа дээрх санаануудаа бүгдийг нь хэлсэн.
Одоо Ерөнхий сайд тэр үгийг л яриад яваад байгаа шүү дээ. Мөн Төрийн
өмчийн хорооны дарга Д.Сугарт ч олон удаа хэлсэн. Миний олон жил ярьсан
зүйл ямар ач холбогдолтой гэдгийг хүмүүс ойлгож байгаа байх. 

-МАХН нэр, үзэл баримтлалаа солино гээд нэлээд хөдөлгөөнтэй байна.
Та энэ намын Бага хурлын гишүүн, жигүүр хөдөлгөөн байгуулж явсан хүний
хувьд асуудалд хэрхэн хандаж байгаа вэ?

-Би энэ намыг шинэчлэх, өөрчлөх тухай олон асуудалд орж, гарч явлаа.
“Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс” жигүүрийг байгуулалцаж явсны
хувьд намаа шинэчлэх, намынхаа болох бүтэхгүй зүйлийн тухай илүү дутуу
үг хэлчихдэг хүн. Ер нь бид нэр, үзэл баримтлал гэсэн хоёрхон зүйлийг
тойрч сенсаац дэгдээгээд байна л даа. Миний хувьд намын нэрийг бус, үзэл
баримтлалыг өөрчлөх асуудлыг эхэнд нь  ярих ёстой гэж үзэж байгаа.
Удахгүй он гараад Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жил, манай намын
90 жилийн ой болно. Тэгэхээр бид үндэсний ардчилсан, ардын хувьсгалын
тухай ярьж, үзэл баримтлалаа өөрчлөх ёстой.

-Яаж өөрчлөх ёстой гэж?

-Нэр бол яах вэ. Нэр бол улс төр биш юм шүү. Үндэсний ардчилсан үзлийг
ярьж байж Монгол ардын намын тухай ярих ёстой. МАН-ын үзлийг авах нь
чухал болохоос нэр нь чухал биш юм. Манайхан шууд л хоёр өөрчлөлтийн
тухай яриад байна. Үнэндээ мөн чанарыг нь ойлговол нэг л өөрчлөлт юм шүү
дээ. Бид үндэсний ардчилсан хөдөлгөөний тухай юм ярьж байна. Энэ үзэл
дээр оршин тогтносон Монгол Улсын тусгаар тогтнол, эрх ашгийн тухай ярих
гэж байгаа бол зөвхөн үүнийгээ л ярь. Яг энэ агуулгаараа ярих юм бол
Монгол гэдэг үг нь Монгол Улсын тусгаар тогтнолыг илэрхийлэх болно.
Ардын гэдэг үг нь эрх чөлөөг илэрхийлнэ. Тэгээд нам. Бид асуудлыг ингэж л
ярих ёстой. Үзэл баримтлалаа өөрчлөх эсэхээс хамаарч л намын нэр
хөндөгдөх ёстой байхгүй юу. Тэрнээс биш утга учиргүй нэр усаа солих 
гээд л, нэг нь хариуцлага хүлээх тухай яриад, нөгөө нь бас нэг өөр юм
яриад байж болохгүй л дээ.

-Намынхаа даргын  байр суурийн талаар юу хэлэх вэ?

-Ер нь би сүүлийн үеийн үйл явцыг анхааралтай ажиглаж байна. Намын
даргынхаа илтгэлийг ч уншиж үзлээ. Намбарын Энхбаярын гаргасан
мэдэгдлийг ч уншиж үзлээ. Аль алинд нь авах ч юм байна, хаях ч юм байна.
Алдаа ч байна, оноо ч байна. Энэ бүхнийг бид олон талаар ярилцах ёстой л
гэж бодож байгаа. “Эвтэй байхдаа хүчтэй” гэж мянга хашгираад монголчууд
нэгдэхгүй. Харин үндэсний үзлийг улс төрийн үзэл баримтлалаа болгоод
үүн дээрээ суурилж нийгмийн чиг баримжаатай байх юм бол жинхэнэ эв
нэгдэлтэй байж чадна. Ингээд ярихаар хөрөнгөтөн боллоо, соц-дек хэвээрээ
байх нь гээд л янз бүрээр шүүмжилдэг. Ер нь сонгууль дөхөөд ирэхээр
бүгд л соц-дек болчихдог шүү дээ. Уг нь жинхэнэ утгаараа барууны нам л
юм бол сонгуулиар юу ч амлах ёсгүй. Яагаад гэвэл барууны нам гэдэг чинь
цөөн хэдэн хөрөнгөтнөөс бүрдсэн, нэлээд хатуу байр суурьтай байдаг.
Жишээ нь, Олон улсын валютын санг барууны нам гэж ойлгож болно.
Монголчууд цалин, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх гэхээр ОУВС “Болохгүй
л” гэдэг шүү дээ. Тэгэхээр баруун, зүүний гэдэг ойлголтыг сайн бодолцох
хэрэгтэй л дээ.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр МАХН гэсэн товчлолыг хадгалаад Монголын ардчилсан хөгжлийн нам байгуулахаар болж байх шиг байна?

-Хэн мэдэхэв. Дуулаагүй л юм байна. Ер нь яах вэ. Нам байгуулж болно.
Монголын ардчилсан хөгжлийн нам гээд гараад ирвэл МАХН гэсэн дөрвөн
үсгийг л авна биз. Урьд нь бид тэр нэрний тухайд ярилцаж л байсан. Ер нь
хувьсгалт гэдэг үг монголчуудад гай болоогүй л дээ. Тэгээд хэзээ ч,
хаана ч хувьсгал хийж болно. Болж л байдаг. Зарим хүн хувьсгал гэдэг
үгнээс нэг их жийрхээд байх юм. Тэгвэл энэ үгийг өөрчлөлт, шинэчлэл,
хувьсал хөгжил гэдэг талаас нь хардаг хүн ч байна. Би л лав хувьдаа
хувьсгалт гэдэг үгийг огт тоодоггүй. МАХН-ын гишүүн гэдгээ нүүр бардам
хэлж чаддаг. Харин зарим хүн тэр үгнээс жийрхээд сүйд болох юм. Тэгэх
хэрэг байхгүй.

-Та Тариаланчдын холбооны тэргүүн. Тиймээс энэ салбарын талаар
асуухгүй өнгөрч болохгүй байх. Энэ намрын ургацын ирээдүй ямар байна.
Гурилын үнэ өсөхгүй байх боломж бий юү?

-Одоогоос гурван жил гаруйн өмнө Атрын III аяныг Засгийн газар зарласан.
Тэр үед Монгол Улсын нөөцөд нэг ч тонн улаанбуудай байгаагүй. Гурилын
үнэ тэнгэрт хадаж байсан. Мөн дэлхийн олон оронд байгалийн гамшиг болж,
байдал их хүнд байсан. Харин Засгийн газрын оновчтой бодлогын ачаар
үнийг тогтоож чадсан. Гэтэл өнөөдөр дэлхийд тэр гамшиг дахиад
давтагдлаа. Ялангуяа хойд хөршид онцгой гамшиг боллоо. Гэсэн ч бидэнд
айх юм байхгүй. Бидэнд 400 мянга шахам тонн улаанбуудай байна. ОХУ,
БНХАУ хилээ хаасан ч хамаагүй. Монголчуудын жилийн хэрэгцээ 300 мянган
тонн хүрдэггүй юм шүү дээ. Хэрэглэгч тал дээр санаа зовох зүйл алга.
Харин тариаланчидтай холбоотой асуудал бол олон бий.

-Ямар асуудал байгаа гэж?

-ОХУ хэт халалт, гангийн улмаас 30 сая тонн улаанбуудайгаа алдсан. Харин
манай улс 100 мянга орчим тонныг алдчихлаа. Энэ бага тоо биш. Гэтэл
мэргэжлийн байгууллагууд энэ талаар юу ч ярихгүй байна. Мөн ийм сайхан
урам зориг ороод сэргэж эхэлсэн тариаланчдыг дэмжих, урамшуулах ажил
нэлээд учир дутагдалтай яваад байна. Өнгөрсөн жилийн улаанбуудайных нь
мөнгийг одоо болтол өгөөгүй. Үүний хажуугаар орлого нь жаахан нэмэгдээд
ирэхээр нэмүү өртгийн татвар гээд халаасыг нь  хоосолдог болсон. Дээрээс
нь техник, сэлбэгийн үнэ замаа алдлаа. Энэ төрлийн бизнес төрийн алба
хашдаг хэдхэн хүний гарт орчихсон. Энэ мэтээр улс орны ирээдүйд хамаатай
өргөн цар хүрээтэй ажлыг эргээд унтрааж магадгүй болчихоод байна.   

-Энэ болж бүтэхгүй зүйлийн эсрэг Тариаланчдын холбоо юу хийж байна? 
 
-Асуудлуудыг баримт нотолгоотой нь гаргаж тавиад, хууль хяналтын
байгууллагад нь хандаад явж байгаа. Бид тариаланчдынхаа эрх ашгийг
хамгаалах чиглэлээр тууштай ажиллана. Ер нь худалдаж авсан бараагаа
татаж авдаггүй байгууллага хаа ч байдаггүй биз дээ. Гэтэл тариаланчид
тариа буудайгаа зарахын тулд өөрсдөө зардал гаргаж хүргэж өгч байна.
Нүүрс, ноолуур, махыг хаа байгаа газраас нь очоод л авчихдаг. Хүнсний
гол хэрэгцээ болсон улаанбуудайг болохоор ядарсан тариаланчид тариад,
зөөж авчирч өгөөд, сүүлд нь мөнгөгүй үлдэж таарахгүй.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж