Н.Ганбямба харвард, массачусетсаар зорчов

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Н.Ганбямба харвард, массачусетсаар зорчов

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг дагалдан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 дугаар чуулганд оролцож  байгаа Улсын Их Хурлын гишүүн Н.Ганбямба энэ сарын 23-ны өдөр АНУ-ын Харвардын их сургууль, Массачусетсын технологийн их сургуульд тус тус зочлов.

Тэрээр энэ оны зургадугаар сард УИХ-аас  баталсан “Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэхэд эдгээр сургуулиудтай  хамтран ажиллах боломжийг эрэлхийлж,  үйл ажиллагаатай нь танилцсан байна.

УИХ-ын гишүүн Н.Ганбямба Массачусетсын технологийн их сургуулийн академик сургалт хариуцсан дэд захирал Филип Коури, Технологийн лицензийн газрын дэд захирал Жэйк Тейлор, Инновацийн бизнес эрхлэгчдийн төвийн захирал Билл Олет, Хөрөнгө оруулалтын газрын захирал Леон Сандлер нартай уулзав. Массачусетсын технологийн их сургууль нь эрдэм шинжилгээний шинэ ололт амжилт, тухайлбал шинэ технологийг шинжлэх ухаантай хослуулан  үйлдвэрлэлд нэвтрүүлж, арилжаалах талаар дэлхийд тэргүүлэгч сургууль билээ.   Тус сургуулийг амжилттай дүүргэсэн төгсөгчид өнөөдрийн байдлаар  25 000 орчим бизнесийн компани байгуулан ажилласнаар 3 сая ажлын байр бий болгож, эдгээр компаниуд жилдээ хоёр их наяад ам.долларын хөрөнгийг дэлхийн эдийн засгийн эргэлтэд оруулж байна. Энэ үнийн дүнг улс орнуудын ДНБ-тэй харьцуулбал, ОХУ-ын ДНБ-ны хэмжээнээс их, харин Бразилийн дараа орохоор үзүүлэлт юм.  

Н.Ганбямба АНУ-ын Харвардын инженерийн сургуулийн туслах захирал Роберт Грэхам,  тэнхмийн захирал Женнифер Касанто нартай мөн уулзав. АНУ-ын Засгийн газраас технологи, үйлдвэрлэлийн салбарт шинэчлэл хийх судалгаа, хөгжлийг дэмжих зорилго бүхий “Үндэсний Нанотехнологийн Санаачлага” хөтөлбөрийн хүрээнд  Харвардын их сургуулийн дэргэд “Нано шинжлэх ухаан, инженерийн төв”-ийг байгуулсан аж. Монголын эрдэмтэн, судлаачид өөрсдийн зардлаа даагаад, энэхүү төвд хүрэлцэн ирж, тус төвийн тоног төхөөрөмжийг ашиглан судалгааны ажил хийх боломжтой байна.

Монгол Улс, АНУ-ын хооронд нанотехнологийн салбарт хоёр талын  сонирхол нэгдсэн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хамтран хийх, монголын мэргэжилтнүүдийг эдгээр сургуульд суралцуулах боломжтойг хоёр тал тэмдэглэсэн талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж