Хар, шаруудын хоцрогдол

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Хар, шаруудын хоцрогдол

Монголын бурхны шашны талаар анх удаагаа хийсэн эрдэм шинжилгээний хурал өнөөдрөөр өндөрлөж байна. Ач холбогдлын хувьд өндөр хэмжээний энэхүү хуралдаанд гадаадын олон орноос Римбүүчи  нар ирсэн нь дуулдахаас цаашгүй буцлаа. Хуралд орох нь хаалттай, тавьсан илтгэлийг нь сонсох ч бас хаалттай. Илтгэлийн талаарх мэдээлэл ч бас хаалттай гэнэ. Бүх зүйл хаалттай байлаа, тэдний талаарх мэдээлэл. Яг л улстөр шиг. Уг нь энэ хурлаар МАХН-ын яриад байгаа шиг шинэчлэлийн тухай нааштай зүйл сонсоно гэж найдсан ч талаар өнгөрөв бололтой. Бурхны номлол, номлол өнөөгийн Монголд хэрхэн тусгалаа олсон нь нууц юм шиг аливааг өмчлөх дуртай монгол зангаараа ч юм уу ийнхүү авирлав. Үүнийг хороо найруулах гээд хаалттай хуралддаг дарга нарын хуралтай ч зүйрлэсэн болно. Хүлээлт юу байсан юм бэ гэвэл энэхүү хурлаар нийгмээсээ хоцрогдож, бэлэгдлийн чанартай болоод буй Монгол дахь буддизмыг аврах талаар нухацтай ярьж, сүсэгтэн олны шүүмжлэлийг сонссонсон бол илүү үр өгөөжтэй болох байсан нь ойлгомжтой. Өнөөгийн бидний уламжлалт шашин шүтлэг гэж ярих дуртай энэ шашин тухайн цаг үеийн нийгмийн өөрчлөлттэй зохицож чадахгүй болсон гэдгийг өөрсдөө ч ойлгоогүй нь таагүй. Нэг үгээр хэлбэл, хүмүүсийн сүсэг бишрэлийн хэрэгцээг бурханы шавь нар хангаж чадахааргүй болжээ.
Тэд өөрсдөө төөрч байна. Нийгэмд алгуур нөлөөлдөг энэ байдлаа өөрчлөхгүйгээр, орчин үед тохирсон шинэчлэл хийхгүй бол дундад зууны үеийн мухар сүсгийн шинжтэй хэвээрээ Монголд нутагшсан энэ шашин угаас гуйвж дэлгэрсэн шигээ мөн чанараа алдана. Үүний ч илрэл гэлтэй өөрийн хэв шинжээ бүрэн гээж зөвхөн ёслол, хүндэтгэлийн шинж чанартай болон хувирч байгааг нь өдөр тутмын амьдрал харуулах бөлгөө.

Үүнийг сүсэгтнүүд, судлаачид, тэр ч бүү хэл бусад шашныхан соргогоор анзаарч байгаа ч харамсалтай нь шашны “нөхөд”өөрсдөө үл харах аж. Зарим нэгэн муйхар төрийн түшээд бүр шашныг шинэчлэх үйл ажиллагаанд хүчээр орох, эсвэл нөлөөлөхөөс өөр аргагүй болж буй тухай ч бурах болов.
Харин толгой нь эргэсэн хамба лам нар үүнийг ажиглахгүйгээр барахгүй будилж хаалттай хуралддаг МАХН-ын адилаар шинэчлэлийнхээ асуудлыг ярихдаа олон нийтээс дөлөх үйлдлийг хийж байх жишээтэй. МАХН зүүний үзлээс татгалзаад буй энэ цагт ламаахайнууд ч орхимжоороо библийг далдлан ороож лам багшаа хуурахгүй гэх нотолгоо алга.

Нийгмийн үнэт зүйлсийн тогтолцоонд өөрчлөлт орсноор хүмүүсийн шашныг, ер нь ертөнцийг үзэх үзэлд ч өөрчлөлт ордог. Лам нарыг хоморголон хороосон 80 жилийн өмнөх үйл явдал үүний тод илрэл. Тэр үед огтоос шашингүй үзэлтнүүдийг бий болгосноор өнөөгийн бурханы шашинтнуудын завхрал бий болсон ч гэж болно. Ингэснээр нэг талаас шашны агуулгыг шинээр, огт өөрөөр тайлбарлаж гажуудуулах нь бий. Ийм тохиолдол 2500 жилийн тэртээх балар эртний үед ч байсан. 21 дүгээр зууны өнөөгийн Монголд ч байна. Аюултай нь энэ үзэгдэл өмнөх хаалттай нийгмийн хүлээсээс мултарсан олны мухар сүсгийг ашиглан хөдөлмөр эрхлэхгүйгээр ашиг орлого олоход улайрсан авилгалч лам нарын бүхэл бүтэн арми бий болгож эхэллээ. Үүнийг дагаад аюул зовлон, гай гамшиг, өвчин зүдгүүрээс авран хэлтлэх маань мэгзэм, судар ном, мэргэ төлөг зохиогдох нь элбэгшиж. Энэ үед ямар ч шашны сургааль ор үндсээрээ гажууддаг гэж болно. Буддагийн сургааль гажуудаж байсан балар харанхуй үед эхнэр хүүхэд, эцэг эхээсээ ангижирч ертөнцийн хэрэг явдлыг тунгаан бясалгаж үнэнийг олсноор хүн төрөлхтнийг мунхагийн харанхуйгаас гаргах учиртай ариун сургаалийг дэргэдийн шавь нар нь салхинд хийсгэж орхисон. Энэхүү гажуудлыг засч залруулах гэж шашны хэд хэдэн реформыг хийсэн авч аанай л амжилтанд хүрээгүй. Зонховагийн үүсгэсэн шашны реформыг эс тооцвол шүү дээ. Зонховагийн шинэчлэлт ямартай ч жишиг тогтоож чадсан ч Монгол, Төвд хоёрт л энэ шинэчлэлтийг улам гажуудуулж юу ч үгүй холион бантан болгож чадсан гэлтэй. Үүний жишээ нь өнөөдөр. Гэтэл энэхүү шашны томоохон төлөөлөгчид өөрсдөө энэ реформыг хийхээс татгалзсан үйлдэл олонтаа үзүүлэх болж. Тэдний эл үйлдлээс болоод гадны олон шашны харгис урсгалууд ч Монголд өөрийн фанатуудыг бий болгох хөрсийг бэлдээд байна.

Тэдгээр урсгалынхан голдуу шинэ шашны сургаалиудыг нэгтгэх замаар Монголд нөлөөллөө тогтоож байна. Яг л зүүний үзэлтэй байсан МАХН барууны баримжаатай болно гээд буй шиг. Буддизм, Христийн үзлээс ангид хүмүүсийг нэгтгэхийн тулд холион бантан хутгаж буй нөхдүүд гэж ойлгож болно. Хэтэрхий их улс төржсөн өөрсөддөө ойрхон жишээ болгох үүднээс МАХН-ыг энд дурдая.

Уламжлалт шашин уналтанд орох үед итгэл алдарсан олон огт өөр хэв маягийн шашиныг сонирхож эхэлдэг. Тэр үед өөр шашины төлөөллүүд овсгоотой байж чадвал өөрийн нөлөөллөө хялбархан тэлж болдог. Ингүүлэхгүйн тулд тухайн шашин байнга реформ хийж байх ёстой гэсэн үг. Хэрэв тэгэж чадахгүй бол сүсэгтнүүдээ алдана. Үүнийг сонгуультай адилтгаж болно. МАХН гишүүдийнхээ хүчээр сүүлийн хоёр ч сонгуульд олонхийн дэмжлэгийг авч ялалт байгуулсан /Сонгогчдын саналыг луйвардсан эсэхийг тооцохгүй бол шүү дээ/. Харин өнөөдөр хуучин үзэл баримтлалаараа сонгуульд оролцвол далаараа тавиулна. Далаараа тавиулж, суудлаасаа буух хүсэлт тэдэнд үгүй. Энэ шалтгаанаар л шинэчлэл хийхийг тэд хичээж байна. Нөгөөтэйгүүр тэд сонгогчид төдийгүй гишүүд, дэмжигчид нь нь өөрсдөөс нь нүүрээ буруулж эхэлснийг анзаарсан болохоор шинэчлэл хийхийг зорьж байна гэсэн үг. Шинэчлэлийн цаад агуулга нь энэ намд албан тушаалын наймаа газар авч, боловсон хүчний бодлого алдагдаж, авлига, нийгмийн бусармаг үйлдлүүдэд удирдлагууд нь ямар нэгэн байдлаар нэр холбогдох болсон. Энэ нь нийгмийн дургүйцлийг хүргэх хангалттай шалтгаан. Хэрэвзээ үүнийгээ анзааралгүй орхивол, нийгэмд дэмжигчгүй, гишүүдгүй болвол өөрсдийн нөлөөллийг хадгалж үлдэх, улам бүр нөлөөллөө тогтоох тухай бодоод ч хэрэгггүй болохоор тэр шүү дээ. Тиймээс л тэд шинэчлэлийг хайж байгаа хэрэг. Дахин хэлэхэд хэрэв тэд энэ хэвээрээ явбал сонгуульд ялагдана. Ялагдсан шалтгаан нь Ардчилсан нам иргэдийн талархлыг хүлээсэндээ биш. Зүгээр л иргэдийн тэдэнд итгэх итгэл алдарсандаа  шинийг эрэлхийлсэндээ тэр.
Энэ утгаараа сонгогчдыг сүсэгтнүүдтэй, улс төрийн хүчнийг бурханы шашинтай зүйрлэж болно.

Лам нар бусдыг харааж ерөөж, хувь заяаг нь төлөгдөж өргөл барьцаар засч залруулах нэрийдлээр иргэдийг хоосолдог. Улстөрчид худал амлаж, төсвийн мөнгийг шамшигдуулан татвар төлөгчдийг шулдаг. Харин лам нарт хулгай хийсэн, хүн айлгаж ичээсэн, мөнгө төгрөг луйвардсан этгээдүүд луйврын мөнгөөр барьж нүглээ цайруулдаг болж. Тэгвэл улстөрчид бусдын өмчид халдаж, төсвийн мөнгийг үрэн таран хийсэн хамсаатнуудаа хуулийн заалт хулгайлаад ч хамаагүй хамгаалж байна. Лам нар баяжин жийп унан тансаглаж, сургааль зөрчин эхнэр авч хүүхэнтэй зугаалж, орой үдшийн цагаар пиво, архи зооглоцгооно. Улстөрчдийн дунд ганц зүү ч зарж үзээгүй хэрнээ төрийн албанаас төрсөн тэрбумтнууд олон болжээ. Иймээс л улс төр, шашны тухай ийм л ойлголттой болов.

Монголын Евангелийн холбооны мэдээнд Монголд өнөөгийн байдлаар 40 мянга гаруй христийн итгэгчид байна гэсэн тоо байна. Тэднийг 1990-д оноос хойш орж ирсэн гэдэг утгаар нь ардчилсан хүчинтэй зүйрлэж болно. Энэ хүчин үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө олгосныхоо хүчинд коммунистуудаас илүү хүчтэй. Харин христийнхэн ядуу иргэдээс өргөл барьц авах бус харин эсэргээр нь хооллож, ундалж, эмчилж, гэр байраар хангадаг. Гэхдээ тэднийг сайн шашинтнууд гэхээсээ илүүтэй өөрсдийн нөлөөллийг бий болгох гэсэн хүмүүс гэвэл илүү зохимжтой.

Эцэст нь, МАХН, Ардчилсан нам хоёрт үзэл бодлын зөрүү байхгүй болж цус ойрчихсон бол бурханы шатинтнуудад хоцрогдол нь төөрөгдлөөр солигдож, түүнийг нь бусад шашины харгис урсгалууд овжноор ашиглан сүсэгтнүүдийн мөргөлдөөн гарах талбар болгох нь. Нийгмийн сэтгэлзүй тэр чигтээ шинэчлэгдэж хоцрогсдыг хүлээж авахгүй хэмжээнд иржээ. Монголд бурханы шашин дэлгэрэх бус хумигдаж буйг эрхэм хамба нарт сануулах юун. 

Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж