Баривчилгааны талаар албаныханд хариулт алга

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Баривчилгааны талаар албаныханд хариулт алга

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцыг Англи улсад баривчилсан тухай мэдээлэл уг үйл явдал болсноос 10 хоногийн дараа Монголын хэвлэл мэдээллээр цацагдлаа. Өөрөөр хэлбэл, түүнийг энэ сарын 17-нд баривчилсныг 28-ны өдрийн хэвлэлүүдэд мэдээллээ.

    Гэхдээ түүнийг Лондонд баривчилсан тухай мэдээллийг долоо хоногийн өмнө Баабар “Урагшгүй төрийн увайгүй үйлдэл” нийтлэлдээ нэр усгүйгээр дурдсан байсан юм. Ингэхдээ Монгол Улсын иргэн Д.Энхбатыг Францаас хулгайлж авчрахад оролцсон Элчин сайд, дипломат ажилтнуудад тухайн орнуудын тусгай албад хүний эрх, хууль зөрчсөн үндэслэлээр дарамт учруулах болсноос ихэнх нь эх орондоо зугтан ирсэн, харин хамгийн сүүлд гүйцэтгэх ажлын шугамаар үүрэг гүйцэтгэсэн офицеруудын нэгийг баривчиллаа гэсэн байв.

    Өчигдрийн хэвлэлүүдэд гарсан мэдээлэлд Б.Хурцыг ямар шалтгаанаар баривчилсныг тодруулахыг оролджээ. Зарим сонин Тагнуулын ерөнхий газар ажиллаж байхдаа гүйцэтгэсэн дээрх хэргээс үүдэлтэй гэсэн бол зарим нь түүнийг авлигатай тэмцэх газарт шалгагдаж байсан хэргүүдтэй нь холбон Монголын цагдаагийн байгууллагын “захиалгаар” англичууд баривчилсан мэт мэдээлсэн байна. Хэрэв тийм бол Монголын цагдаагийнхан хаа байсан Европт очиж баривчилсан гэхэд гайхах хүн олон байгаа юм.

    Үйл явдлын талаар Лондонд суугаа Монголын Элчин сайдын яам, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, Гадаад хэргийн яам, түүний консулын газар, ЦЕГ-ийн интерполийн товчоо зэрэгт хандан түүнийг баривчилсан үндэслэл, учир шалтгааныг тодруулахаар оролдсон ч өчигдрийн байдлаар “мэдээлэлгүй байна”, “боломжгүй байна” гэсэн хариултуудыг дараалан өгцгөөлөө. Эдгээр албад Монгол Улсын иргэн, төрийн хариуцлагатай албаны ажилтан хилийн чанадад баривчлагдсанаас хойш арваад хонож байхад огт мэдээлэл аваагүй, хэвлэлийнхэнд өгөх хариултгүй байна гэхэд эргэлзмээр байлаа. Гэтэл ГХЯ-ны Консулын хэлтсийн дарга Ч.Ганхуяг “Бидэнд албан ёсоор Б.Хурцыг баривчилсан талаар мэдээлэл ирээгүй байна. Гэхдээ Лондон руу утасдана. Одоо цагийн зөрүүгээр Лондонд  шөнө дунд болж байна. Элчингийн ажилтнууд унтаж байгаа , сэрэхээр нь холбогдоно” гэсэн хариултыг үдээс өмнө, харин 18 цагийн байдлаар Хэвлэл, мэдээллийн хэлтсээс “Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс дахь Монгол Улсын ЭСЯ-тай ГХЯ байнгын холбоотой ажиллажб айна. Одоогийн байдлаар тэндээс ямар нэг албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Маргааш асуудал тодорхой болох байх” гэсэн хариулт өгсөн юм.

    Яагаад ийм зүйл болсон талаар мэдээлэлгүй байгаа Лондон дахь Элчин сайдын яам, ГХЯ болон бусад албаныхан хилийн чанадад баривчлагдсан ир­гэндээ, тэр тусмаа хариуцлагатай албаны хүнд эрхийг нь хамгаалах талаар ямар туслалцаа үзүүлж байгааг асуух ч утгагүй болж таарлаа. Холбогдох албаныхан үнэхээр мэдээлэлгүй байна уу, эсвэл цаад учир шалтгааныг хаацайлах зорилготой хариулт олж ам хэлээ нэгтгэж чадаагүй байна уу гэсэн асуулт ч урган гарч байна.

    Б.Хурц нь өмнө нь Тагнуулын ерөнхий газарт гүйцэтгэх ажилтан, Сөүл дэх МИАТ-ийн төлөөлөгч хийж байсан, гэр бүлийн бизнестэй, үүнд нь гоо сайхны “Сарнай-Х” салон, барилгын компани зэрэг багтдаг аж. Гүйцэтгэх албаныхан дотроо ур чадвар, боловсролын төвшин зэргээрээ толгой цохидог мэргэжилтэн гэгддэг байна. Гоо сайхны үйлчилгээний шинэ стандартыг бий болгож байсан, Зайсан дахь орон сууцны цогцолборыг барьсан зэргээс нь үзвэл түүний гэр бүлийн бизнесийн цараа тийм ч багагүй аж. Түүнчлэн авлигын хэрэгт шалгагдаж байсан ч тэдгээр нь хэрэгсэхгүй болсон юм байна. Лондонд баривчлагдсан шалтгааныг нь тэдгээр хэрэгсээгүй хэргүүдтэй холбоход учир дутагдалтай биз ээ.

    Өмнө нь Д.Энхбатыг Францаас хулгайлж авчирсан хэрэгт холбогдсон Монголын дипломат албаны бүх хүмүүс, дипломат албаны паспортоор зорчсон хүмүүст зөвшөөрөлгүйгээр баривчилгаа явуул­сан гэдэг үндэслэлээр Европын ор­нууд сануулга өгч, дипломат шугамаар зорчиход “тааламжгүй” этгээдүүдийн жагсаалтыг гаргаж байжээ. Энэ нь тухайн улс хооронд байгуулдаг дипломат эрхийн гэрээгээр зохицуулагддаг харилцаа юм байна. Тэрхүү жагсаалтад Б.Хурцын нэр багтсан байсныг үгүйсгэх аргагүй аж. Учир нь тэрбээр гүйцэтгэх ажиллагаанд оролцохдоо дипломат албаны паспор­тоор хил нэвтэрч байжээ. Хэрэв ингэж үзвэл түүний Тагнуулын ерөнхий газар ажиллаж байхдаа даалгаврын дагуу гүйцэтгэсэн Энхбатыг хулгайлж авчирсан хэрэг сөхөгдөж таарах биз ээ.

    С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт сэжиглэн Д.Энхбатыг Францаас хулгайлж авчирсан хэрэг МАХН засгийн эрхийг дангаар барьж байсан буюу 2000-2004 оны үед хамгийн их дуулиан тарьж байсан. Тэр үйл ажиллагаанд Франц болон Бельги, Германд Монгол Улсыг төлөөлөн сууж байсан Элчин сайд, дипломатууд гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг ба эл явдал болох үед Тагнуулын байгууллагын удирдлагад байсан эрхмүүдээс зайлшгүй зүйлүүдийг тодруулах хэрэгтэй болов уу. Гэхдээ тэр үеийн тагнуулын байгууллагын удирдлагад хамаарах хүмүүс энэ талаар мэдээлэхээс татгалзлаа. Учир нь Монголын хариуцлагатай албаны хүн гадаадад баривчлагдсан нь түүний эрх зөрчигдсөн явдал төдийгүй яагаад ийм байдалд оров гэдгийг юуны өмнө тодруулахгүйгээр элдэв мэдээлэл тарааж болохгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, яагаад гэдэг нь албаны шугамаар тодорхой болоогүй байхад Энхбатыг барьсан хэрэгтэй холбоотой мэт мэдээлэл цацахаас татгалзаж байна. Гэхдээ “хувь хүнийхээ хувьд хэрэг хийгээгүй, улс орны эрх ашгийн үүднээс үүргийнхээ дагуу ажиллаж байсан хүнийг” дээрх хэрэгт шууд буруутгах үндэс байхгүй гэж үзэж байгаагаа хэлж байлаа.

    Энд анхаарал татаж буй нэг зүйл нь Д.Энхбатыг баривчлан авчрахад Английн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөөгүй гэдэг атал яагаад энэ удаад төрийн хариуцлагатай албаны хүнийг Лондонд баривчлах болов гэдэг асуулт юм. Хэрэв үнэхээр түүнийг Д.Энхбатыг тухайн орны хууль, хүний эрхийг зөрчин баривчилсан хэрэгт буруутгаж байгаа бол улс төрийн тэнэг алхмын золиос болж байгаа хэрэг үү?  

    З.БОРГИЛМАА

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж