Ирэх улиралд аваргуудын лигт орохоор өрсөлдөж байгаа "Тоттэнхэм" Бразилийн "Интернациональ" багийн хагас хамгаалагч Сандрог ирэх улиралд багтаа элсүүлэхээр болжээ. Энэ тухай Бразилийн багийн албан ёсны сайтад мэдээлсэн бөгөөд даваа гарагийн өглөө хоёр баг тохиролцоонд хүрсэн аж. 21 настай Сандро нь цэвэрлэгч буюу хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчийн үүргийг гүйцэтгэдэг ба өнгөрсөн оны есдүгээр сард болсон ДАШТ-ий сонгон шалгаруулалтын хүрээнд Чилийн эсрэг Бразилийн бүрэлдэхүүнд тоглож, олонд танигдсан юм. Одоо Сандро Лондонд очиж, эмнэлгийн үзлэгт орох бөгөөд бүх зүйл хэвийн байвал ирэх наймдугаар сард Премьер лигийн багийн эгнээнд нэгдэх юм байна. Сандрогийн төлөө "Тоттэнхэм" хэчнээн хэмжээний мөнгө санал болгосон нь одоогоор тодорхой бус байгаа ч ойролцоогоор 14 сая стерлинг фунт гэж Английн хэвлэлүүд бичиж байна.
А.Анхбаяр, Score Studio