Шар усны үер энэ сарын сүүлчээр болох магадлалтай байна

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Шар усны үер энэ сарын сүүлчээр болох магадлалтай байна

-Ирэх сард огцом дулаарч, хүйтэрсээр байх гэнэ-

Ус цаг уурын хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр нийт нутгийн 60 гаруй хувь битүү цастайгаас 40 орчим хувьд нь 35-50 см орчим цастай байна. Тухайлбал Увсын Наранбулаг, Сагил, Түргэн, Давст, Ховдын  Булган, Үенч, Завханы Цэцэн-Уул, Отгон, Говь-Алтайн Тонхил, Бугат, Булганы Баян-Агт, Төв аймгийн  Баян, Сүхбаатарын Түмэнцогт суманд цас ихтэй байгаа бөгөөд  хунгарласан газраа 50-аас дээш см байгаа гэнэ.

Түүнээс гадна Увсын найман сум, Баян-Өлгийн Дөчинжил, Даян, Ховдын Алтай, Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ, Цагаан-Үүр гэх мэт есөн сум, Говь-Алтайн Цогт, Булган, Сэлэнгэ, Дархан-Уулын Орхон, Төв аймгийн Өндөрширээт, Баянжаргалан, Баянцагаан, Эрдэнэ, Архангайн Төвшрүүлэх, Цэцэрлэг, Хотонт, Өвөрхангайн Бүрд, гэх мэт аймаг сумдад цас  нягтарч хатуурч, зарим газраа мөсөн үе үүссэн гэнэ. Хамгийн сүүлд ирсэн мэдээгээр 20 аймгийн 96 сумын нутаг цаг агаарын тааламжгүй, төл хүлээн авахад хүндрэлтэй байгаа гэж мэдэгдлээ.

Ирэх сарын урьдчилсан мэдээгээр цаг агаарын байдал тогтворгүй байх бөгөөд ихэнх тохиолдолд огцом дулаарах, хүйтрэх үзэгдэл ээлжлэх төлөвтэй байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдэгдлээ.

Цаг агаарын эрс дулааралтаас шалтгаалан голын мөсөн бүрхүүл задран, хүчтэй цөн түрж ус эргээсээ хальж , шар усны үер болох магадлалтай байгаа гэнэ. Томоохон голуудын сав газарт хийсэн ажиглалтаар шар усны  үер буух магадлал олон жилийн дунджаас бараг хоёр  дахин их байгаа гэнэ. Мөн  Их Хянганы нуруунаас эх авсан Халх голын сав газар шар усны үер энэ сарын сүүлчээр эхэлж,  IV сарын дунд үеэр хамгийн их хэмжээндээ хүрэх магадлалтай байгааг цаг уурчид онцоллоо. Иймд цас ихтэй байгаа Завхан, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Баянхонгор, Говь-Алтай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул,Төв, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймгийн нутагт голын ойр орчим хаваржиж байгаа айл өрх анхаарал болгоомжтой байхыг Ус цаг уурын хүрээлэнгээс санууллаа.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж