“Мянганы зам” хаана явна

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

“Мянганы зам” хаана явна

Холын аймгийнхны хувьд хот явна гэдэг бол Бээжин хүрэхтэй адил байсан цаг бий. Тэр үед Хэнтий аймгийн төв Өндөрхаан хүрэхэд автомашин зогсолтгүй довтолгосоор 12 цагийн турш туулдаг байв. Улаанбаатараас гараад Багануур хүртэл автозамаар яваад л цаашаа сайжруулсан зам, шороон зам, ус гол гэтэлдэг байсан. Одоо бол өөр… “Мянганы зам”-ын ачаар өглөө нь гараад 4-5-хан цаг яваад л улсынхаа нийслэлд хүрчих болсон. Дардан сайхан автозамтай болсон болохоор иргэд ч “Фургон”, “УАЗ-469” машинаас татгалзаж, Солонгосын эсвэл Японы жижигхэн, хөнгөхөн тэрэг хөлөглөх болов. Орон нутгаас ирэгсэд хот орох хугацааг хоногоор хэмжиж амжуулах ажлаа 7 өдрөөр товлохоо одоо нэгэнт больжээ.

Зам дагаж хөгжил гэж үг бий. Дэд бүтцийн “дэд бүтэц” болсон энэ асуудалд манайх хожуу анхаарал хандуулж УИХ-аас “Мянганы зам” хөтөлбөр батлан 2001 оноос барьж эхэлсэн билээ. “Мянганы зам” нь баруунаас Баян-Өлгий аймгаас эхэлж зүүн Дорнод аймагт хүрч, хойд тал нь Алтанбулагаас эхэлж урагш Замын-Үүд хүрэх нийт 10 мянга гаруй километр урттай байх юм. Мөн энэ замаар БНХАУ, ОХУ-д нэвтэрч, Европ, Азийн эх газрыг холбосон чухал засмал замд Монгол Улс нэгдэж буй хэрэг юм.

Санхүүгийн чадавх сулхан байх үед эхлүүлсэн энэ бүтээн бай­гуу­лалтын ажлыг монголчууд “мянгуужингийн үлгэр” хэмээн нэрлэж байсан удаатай. Гэхдээ Монгол Улсыг гадаад ертөнцтэй автазамаар холбох энэ ажил дуусаагүй ба мөн хэвийн үргэлжилж байна.

“Мянганы зам”-ын хөндлөн тэнхлэг нь баруунаас Баян-Өлгий аймгаас эхэлж зүүнтээ Дорнод аймагт хүрэх учиртай. Олон улсын автозамтай холбогдох энэхүү ажил хотын төвөөс эхэлж буй. Улаанбаатараас гарсан  авто замыг баруунтаа Хархорин-Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлд 300 км зам үргэлжлүүлэн барих ажил ид өрнөж байна. Харин зүүн үзүүр Хэнтий аймгийн Өндөрхаан хотыг өнгөрчээ. Энэ хэсэг зам ашиглалтад орсон ба цаашлаад Дорнод-Чойбалсан чиглэлд 200-гаад км замын ажил эхэлжээ. Хэвтээ тэнхлэгийн зам нийтдээ 2600 гаруй км байх юм.
Босоо тэнхлэгийн хоёр авто зам бий. Хойд хилийн “Алтанбулаг”-ийн чөлөөт бүсээс эхэлж Улаанбаатар хүрч, урагшаа урд хилийн томоохон боомт болох Замын-Үүдтэй холбогдох юм. Алтанбулагаас Улаанбаатар хүртэл хатуу хучилттай авто замаар холбогдсон байгаа. Харин Чойрын чиглэлийн 430 гаруй км зам баригдаж байна.

Босоо тэнхлэгийн нөгөө зам нь Улаанбайшинт-Баян-Өлгий-Хов-Ярант гэсэн чиглэлд байна. Үүнд нийтдээ 700 гаруй км хатуу хучилттай автозамын ажил хийх ёстой. Монголын Засгийн газрын хөрөнгөөр 100-гаад км автозамыг барьж ашиглалтад оруулаад байгаа тухай албаны хүн хэлсэн. Мөн 100 км замын ажил хийгдэж байгаа ажээ. Үлдсэнийг нь Азийн Хөгжлийн банк болон Хятадын Засгийн газраас өгч буй буцалтгүй тусламж, хөрөнгөөр барих аж. Баруун бүс нутгийн босоо тэнхлэгийн Улаанбаашинт-Өлгий-Ховд-Манхан-Ярант чиглэлийн гол замын нэг хэсэг болох Манхан-Ховд чиглэлийн 85,3 км замын шав тавих ёслол энэ сарын 19-нд болжээ. Харин зам барилгын ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулахаар тендер зарлажээ.

“Мянганы зам”-ын хэвтээ тэнхлэг, баруун зүгт Лүнгийн зам гэх алдартай зам буй. Дараа төлөгдөх нөхцөлтэйгээр “Очир төв” компани эндхийн 106.2 км автозамыг барих ажил гүйцэтгэж байгаа ба дуусдаггүйгээрээ энэ салбарын “од” болоодохсон билээ. Юутай ч энэ жил Лүнгийн зам бүрэн ашиглалтад ороход ойртжээ. Авто замыг бүрэн хатуу хучилттай болгож, асфальт бетоны ажил ерөнхийдөө дууссан байна. Харин түрүүчийн жил хийсэн ажилд нь технологийн алдаа гарсан тул өөрсдийн хөрөнгөөр эвдэрсэн замаа засах ажлыг одоогоор хийж байгаа гэнэ. Энэ хэсэг маш их хөдөлгөөнтэй, хоногт 2000-3000 авто машин холхидог тул зам засварын ажил хийх яггүй ажээ.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж