
Оросын төмөр замд хувийнхан хүч түрэн оржээ
Монгол, Орос, Хятадын хилийн төмөр замын комиссын хурлыг 1956 оноос эхлэн гурван улсад ээлжлэн зохион байгуулж заншжээ. Уржнан Эрхүүд, ноднин Хөх хотод болсон зөвлөгөөн энэ жил Улаанбаатар хотноо үргэлжилж байгаагаараа онцлог. Энэ жилийн зөвлөгөөнд ОХУ-ын төлөөлөгчдийг Сибирийн төмөр замын тээврийн үйлчилгээний төвийн дарга А.И.Черных, БНХАУ-ын төлөөлөгчдийг тус улсын төмөр замын тээвэр хариуцсан орлогч дарга Ма Цзян Фей нар ахлан оролцож байгаа юм. Харин Монголын талаас “УБТЗ” ХНН-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Жигжиднямаа даргалж байгаа ажээ. Зөвлөгөөнд нийт 60 орчим төлөөлөгч оролцож байгаагийн 22 нь ОХУ-ын, 12 нь БНХАУ-ын төлөөлөгчид юм. Бид ОХУ-ын төлөөлөгчдийн ахлагч А.И.Черныхаас энэ удаагийн зөвлөгөөний онцлогийн талаар тодрууллаа.
-Гурван улсын нутгаар дамжин өнгөрч буй төмөр замын үйл ажиллагааг сайжруулахад энэхүү зөвлөгөөний зорилго чиглэдэг. Өнгөрсөн онд Хөх хотод гаргасан протоколын биелэлтийг хэлэлцэж, энэ оны үлдэж буй хугацаанд ямар чиглэлд илүүтэй анхаарах талаар бид хэлэлцэж байна. Мөн зүтгүүр болоод олон улсын зорчигч тээвэр хуваарийн талаар нарийвчлан хэлэлцэнэ. Оны эхнээс өнөөдрийг хүртэл манай хоёр улсын хилээр 1,5 сая тонн ачаа нэвтрэн өнгөрсөн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн хэмжээнд байгаа юм. Тиймээс ачаа эргэлтэд хүндрэл алга. Харин сүүлийн үед Оросын төмөр замд шинэчлэлт хийж, хувийн хэвшлийнхэн хүч түрэн орж ирж байна. Оросын төмөр замын галт тэрэг гэж байхгүй, хувийн галт тэрэгнүүд явах болсон. Тиймээс тэдгээрийн ашиглалт, засвар, төлбөрийн асуудлыг бид шийдэх ёстой гэлээ.
“УБТЗ” ХНН-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Жигжиднямаа:
-Гурван хөрш төмөр замын байгууллагууд хилийн боомтоор ачаа бараа болон зорчигчдыг хэрхэн нэвтрүүлэх талаарх техникийн асуудлыг хэлэлцдэгээрээ онцлог. Жил бүр ийм зөвлөгөөн гурван улсын аль нэгд нь болж байдаг. Энэ удаагийн зөвлөгөөн нь урьд өмнөх зөвлөгөөнөөсөө өөрчлөгдсөн зүйл байхгүй. Хил давж байгаа галт тэрэг, зүтгүүр, тээврийн бичиг баримтын байдал, хил гаалийн асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудлыг яриад ирэх онд хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж байна.
-Ачаа тээвэрлэлт өмнөх жилээс нэмэгдсэ. Хойшид ч нэмэгдэх нь мэдээж. Тэгэхээр ачаа тээвэрлэлтэд хүндрэл гарах магадлалтай юу?
-Одоогийн байдлаар гурван улсын хил гаалиар төмөр замын ачаа тээвэр элдэв хүндрэл, саадгүй гарч байгаа. Ачаа шилжүүлэх хүчин чадал одоохондоо хүрэлцээтэй. Хойшдоо Замын-Үүд, Эрээний боомтоор ачаа тээвэрлэлт хүндэрч болзошгүй. Тиймээс БНХАУ-ын зүгээс хүчин чадлаа нэмэгдүүлнэ гэж амласан. Бид ч анхаарч ажиллана.
-Өмнөх хоёр жилд энэ зөвлөгөөн гадаадад болж байсан. Энэ жил манай улсад болж байгаа нь асуудлыг манай талд ашигтайгаар шийдэх ч юм уу ямар нэгэн эерэг үзүүлэлт байх уу?
-Гурван талд ээлжилж хийдэг зөвлөгөөн шүү дээ. Хаана зохион байгуулж байгаагаас шалтгаалах зүйл огт байхгүй. Яахав өөрийн нутагт зөвлөлдөх явцдаа төмөр замд гарч буй өөрчлөлт шинэчлэлтийг хөрш зэргэлдээ төмөр замчиддаа танилцуулна.
-Төмөр замын талаар төрөөс баримталж буй бодлого, шинээр тавих төмөр зам зэрэг асуудлыг энэ зөвлөгөөнөөр хэлэлцэх үү?
-Үгүй. Бодлогын чанартай асуудлыг Засгийн газар хооронд л шийддэг. Бид зөвхөн одоо байгаа хилийн боомтоор ачаа бараа тээвэрлэх талаар л хэлэлцэнэ гэсэн хариулт өглөө.
Ерөнхий хорооны хурал сараар хойшлогджээ
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурал энэ сарын сүүлээр болох тухай бид өмнө нь мэдээлж байсан. Гэвч уг хуралдаан мөн л нэг сарын хугацаатай хойшилсон байна. Уг хуралдаанаар хэлэлцэх гол асуудлын нэг нь УБТЗ ХНН-ийн даргын асуудал юм. Дүрэм ёсоор бол энэ удаа УБТЗ-ыг орос хүн удирдах ёстой. Харин В.Отгондэмбэрэлийн үүрэгт ажлын хугацаа дуусмагц үүрэг гүйцэтгэгчээр монгол хүн томилон ажиллуулж байгаа нь “ах нар” нааштай шийд гаргаж, дахин монгол хүн томилох нь гэсэн горьдлогыг төрүүлээд байгаа. Гэвч эцсийн шийд гараагүй байна.
Ерөнхий хороо нь зургаан гишүүнтэй, тэдний гурав нь Монголын талаас үлдсэн гурав нь Оросын талын нөлөө бүхий хүмүүс байдаг гэдгээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл ховор. Одоогоор хэн хэн уг хороонд байгааг төмөр замынхан ч мэдэхгүй гэх нь гайхалтай. Ийм л юм болгоныг мэдэхгүй гэдэг үгээр халхавчилсан УБТЗ-ын Ерөнхий хорооны хурал хэзээ болох нь мэдэгдэхгүй хэвээр байна. Сураг сонсвол Ерөнхий хорооны гишүүд тал талдаа тун чухал үүрэг хүлээсэн хүмүүс учир хуралдаа морилж завдахгүй байгаа гэнэ. Зургуул цуглаж байж л хуралддаг номтой болохоор хэзээ 100 хувийн ирцтэй цуглахыг хэлж мэдэх хүн олдсонгүй.
Д.Цээпил