
-Урт нэртэй хуулийг батлаад жил гаруйн хугацаа өнгөрсөн ч, “Хэрэгжүүлэх боломж хүнд байна” гэсэн тайлбарыг албаны хүмүүс сая хийлээ. Ажлын хэсгийн гишүүний хувьд, энэ хуулийг санаачлан боловсруулж байсан та ямар тайлбар хийх вэ. Үнэхээр амьдралаас тасархай хууль баталчихаж уу?
-Хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа хоёр л үндэслэл бий. Нэгдэх нь “нинжа” нарын асуудал. Тэднийг яаж ч зохицуулах боломж алга гээд сууж буй нь ажлаа хийхгүй байгаагийн л нэг хэлбэр шүү дээ, хуулийг хэрэгжүүлэгчид . Өмнөх Засгийн газрын гаргасан 72 дугаар тогтоол гэдэг нь амьдрал дээр хэрэгжих ч биш, хэрэгжихгүй ч биш явж байсан. УИХ хаврын чуулганаараа Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулаад гар аргаар алт олборлогчдыг зохицуулахаар тусгасан. Гэтэл асуудал хариуцсан хүмүүс нь тодорхой юм ярихгүй байгаа байхгүй юу. Энэ нь дургүйд хүчгүй байгаагийн л нэг хэлбэр. Нэгэнт гаргачихсан бодлогыг хэрэгжүүлэх л ёстой.
Дээрээс нь Усны хэрэг эрхлэх газар, Ойн хэрэг эрхлэх газар тус бүр гол мөрөн, ойн сангийн хилийн заагийг тогтоогоод, түүнийгээ Засгийн газарт оруулчихсан байна. Гол мөрний усны эх, ойн сангийн хилийн заагийг гаргана гэдэг бол нүсэр ажил. Гэтэл Эрдэс баялаг эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар дээр л асуудал тулчихаад байна л даа. Монголд нэг буруу ойлголт яваад байгаа. Уул уурхай монголчуудын аврал, түүнийг хөгжүүлснээр ажилгүйдэл, ядуурлыг бууруулна ч гэдэг юм уу. Хөгжлийн гарц гээд л. Ар талынх нь эрсдлийг огт тооцож үзэхгүй байгаа байхгүй юу. Ойн хэрэг эрхлэх газрынхан хэлж байна. Монгол орны ой нийт газар нутгийн 6-8 хан хувийг эзэлж байна гэж… Үүнийг мод хэлбэрээр нь үнэлэх юм бол 300 триллон төгрөгтэй тэнцэх баялаг болно. Бусад баялгийг оруулахгүй байхад шүү. Гэтэл ус ямар үнэтэй байх вэ? Уул уурхайн компаниудын нэхээд байгаа нөхөн төлбөр дөрвөн триллон гаруй төгрөг болчихоод байгаа. Харьцуулаад бодох л ёстой. Ерөөсөө энэ асуудал чинь өөрөө Монгол үндэстэн орших юм уу гэдэг сонголт дээр тулчихаад байгаа юм. Харин уул уурхайн компаниуд юу гэж ярьж байгаа вэ гэхээр энэ урт нэртэй хууль чинь уул уурхайн компаниудын үйл ажиллагааг бүрмөсөн зогсооно” гэж ярьж байгаа байхгүй юу.
-Угаасаа л энэ хуулийг батлагдахаас өмнө уул уурхайн компаниуд эсэргүүцлээ хүчтэй илэрхийлж байсан. Өчнөөн хөрөнгө гаргаад хайгуул хийчихсэн байдаг, түүнийг улсаас барагдуулж чадах юм уу, ингэж хувийн хэвшлийн үйл ажиллагааг боомилох хэрэггүй гэж… ?
-Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд чинь сүүлийн арван хэдэн жилийн туршид Монголыг дамшиглалаа ш дээ. Хууль гаргахаар хэрэгжүүлдэггүй, улсад татвар төлдөггүй, нөхөн сэргээлт хийдэггүй. Жишээ нь улсаас төрийн бодлого гаргаад гэнэтийн ашгийн 68 хувийн татвар тогтоонгуут, алтаа тушаахгүй, хормой хот руугаа хийж, хил гаалиар зувчуулаад хэрэгжүүлдэггүй. Одоо бол бүр шуударчихсан, 68 хувийн татвар 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчингүй болно гээд уул уурхайн компаниуд татвараа ерөөсөө төлөхгүй байна гэж байна. Төр гаргасан бодлогынхоо алдааг бага дээр нь засъя гэхээр хойш нь янз бүрийн аргаар чангаагаад байна. Үүнийг цэгцлэх л шаардлагатай.
-Нөхөх олговорт хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай болж байгаа вэ. Дөрвөн их наяд гаруй төгрөг шаардана гэдэг нь хэр бодитой тоо вэ. Түүнийг өгөх эдийн засгийн чадавхи Монголын төрд байгаа юу. Хоёр жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний хөрөнгө яригдлаа?
-Уул уурхайн компаниудын хайгуулын болоод, ашиглалтын лицензийг цуцлах тохиолдолд нөхөх олговор олгоно гэж заасан. Энэ дагуу нөхөх олговрын үндэслэлийг сайн шалгах ёстой болж байгаа. Тухайлбал, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд татвартай яаж харилцсан юм, оруулсан хөрөнгө мөнгө нь бодитой байна уу, эсвэл хий хоосноор хөөрөгдсөн үү гэдгийг нягтлах ёстой. Тэгээд нөхөх олговрыг нь увуу цувуугаар төлөх бололцоо бий. Эрдэс баялаг эрчим хүчний яамныхны мэдээллээр бол үүнд 6-7 тэрбум ам.доллар гэсэн тоо гаргачихаад байгаа. Монгол төгрөгөөр бол 7-8 их наяд төгрөг. Гэтэл энэ хуулийн хүрээнд 890 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох ёстой. Тэднээс одоогоор нөхөх олговрын журмын дагуу 39 хувь нь л зардлаа ирүүлсэн юм билээ. Түүгээр тооцохоор 4.7 их наяд төгрөг гэсэн.
-Үлдсэн 60 гаруй хувь нь зардлаа ирүүлэхгүй байна гэдэг нь хуулийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно.
-Хуулийн хүрээнд хэчнээн хэмжээний га талбай чөлөөлөгдөх вэ?
-Нийт газар нутгийн 30 хувийг л хамгаалъя гэж байгаа юм. Үүнд усны сав газар, ойн сав газар л хамаарна. Нэг үгээр хэлбэл, энэ хэмжээний газар нутаг дахь ашигт малтмалын хайгуулын болоод ашиглалтын лицензийг цуцалснаар Монгол оронд уул уурхайн үйлдвэрлэл огт явуулахгүй гэсэн үг биш. Бусад газарт хамгийн өндөр технологитой уул уурхайн үйлдвэрлэл явуулах бололцоо бүрэн нээлттэй.
-Тэгвэл хуулийг хэрэгжүүлэх сонирхолгүй хүмүүс “нинжа” нараас гадна өөр хэн бэ?
-Хуулийг хэрэгжүүлэх сонирхолгүй хүмүүс УИХ-ын төвшинд ч байна, Засгийн газарт ч байна. Бүх салаа мөчирт байна. Гэхдээ дуу хоолой нь гарахгүй байгаа болохоос биш, “Хэдэн үеэрээ уух уус, амьсгалах агаар, гишгэх газар хэрэгтэй” гэдэг үзэл бодолтой хэсэг бий. Уг нь бид нэг л ойлголттой болох ёстой.
-Цаашид хуулийг хэрэгжүүлэхийн төлөө ажлын хэсэг ямар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн бэ?
-УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн дагуу Ерөнхий сайд С.Батболдод энэ асуудлаар асуулга тавьцан байгаа. Уг хуулийг санаачилсан гишүүд хамтраад асуулга тавьсан л даа. УИХ-ын намрын чуулган эхлэхээр хариултаа чуулганы нэгдсэн хуралдаанд тайлагнаж таарна. Өмнө нь бид бас 2009 оны арваннэгдүгээр сарын 24-нд тухайн үед Засгийн газрын тэргүүн нь С.Баяр дарга байсан, түүнд бас асуулга тавьж байсан удаатай. Ийм замаар л ямар ч байсан эхний ээлжинд ажиллана даа. Мөн өнөөдрийн мэдээллийг намрын чуулганд оруулахаар боллоо.