Ёкозунагийн зөвлөл Хакухог шагнахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Ёкозунагийн зөвлөл Хакухог шагнахаар болжээ

Японы мэргэжлийн сумо бөхийн есдүгээр сарын аки башёд их аварга Хакухо М.Даваажаргал нэг ч унаагүй түрүүлж, дараалсан 62 дахь даваагаа авснаар дараалан дөрвөн башёд тэргүүлж, нийтдээ 16 дахь түрүүгээ хүртээд байгаа билээ. Түүний энэхүү гайхалтай амжилтыг үнэлэн Сумо бөхийн холбооны Ёкозунагийн зөвлөлөөс түүнийг тусгай шагналаар шагнах болсон тухай Ёкозунагийн зөвлөлийн дарга ноён Цурута өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлжээ. Уг шагналыг арваннэгдүгээр сард эхлэх кюүшю башёг дуусахаар Хакуход гардуулах гэнэ. Тусгай шагналыг их аварга Хакуход зориулан Токиогийн урлагийн их сургуулийн уран барималч нь Рёхэй Мията тусгайлан урласан байна. Өмнө нь Ёкозунагийн зөвлөлөөс Тайхо, Китаноуми, Чиёнофужи нарын гуравхан хүнийг л тусгай шагналаар шагнаж байжээ.
Их аварга Хакухо ирэх арваннэгдүгээр сард эхлэх кюүшю башёд уналгүйгээр дараалан найм давсан тохиолдолд 1936-1939 оны хооронд дараалан 69 давсан, “Сумогийн бурхан” хэмээгддэг домогт ёкозуна Футабаямагийн амжилтыг эвдэж, Японы сумогийн бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон дараалан давсан сумоч болох юм. Мэргэжлийн сумогийн 35 дахь ёкозуна Футабаямагийн дараа амжилтаараа хоёрдугаарт бичигдсэн Таниказэ 1778-1782 оны хооронд дараалан 63 давж байжээ. Харин их аварга Хакухо 62 даваатай гуравдугаарт эрэмбэлэгдээд байгаа юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж