МАХН-тай хэрэлдэх шалтгаан байхгүй

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

МАХН-тай хэрэлдэх шалтгаан байхгүй

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.

    -Ардчилсан нам сүүлийн үед унтаа ноомой байдалтай болсныг шүүмжлэх хүн олон боллоо. Танай намын гишүүд ч энэ талаар ярилцдаг болжээ. Нам үнэхээр унтаж байна уу, таныхаар одоо яг ямар байдалд ороод байгаа вэ?

    -Ардчилсан намынхан үймж шуугихгүй унтаад байна гэж гадуур ярьцгаагаад байна уу?

    -Тэгж байна.

    -Энэ нөхөр унтаад байна гэж ярина гэдэг бол зарчмын өөр асуудал. Ардчилсан нам өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нойрмоглоод байсан юм байхгүй. Ард түмний хүсэн хүлээсэн тэр бодит зүйл рүү явж ирлээ. Олны дунд Ардчилсан намын тухай нэг тийм гажууд төсөөлөл байдаг юм. Хоорондоо үзэл бодлоороо ч юм уу, эсвэл хувь хүнийхээ ааш араншингаар сөргөлдөж нанчилдаж л байвал Ардчилсан нам сэрчихэж. Тэмцэж байна гэж үздэг. Энэ бол нэг талаасаа их өрөөсгөл ойлголт шүү дээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ нам яагаад дотроо тэгж их нанчилдахгүй байна гэвэл манай нам ерөнхийдөө төлөвшлийнхөө шинж чанар руу явж байгаагийн л илрэл. Төлөвшил гэдэг нь томоотой сууна гэсэн утгатай үг биш. Нэгдсэн бодлогынхоо хүрээнд, түүндээ захирагдаж явъя. Бодлогоо хэрэгжүүлэхийн тулд бодитой зүйл рүү, өөрөөр хэлбэл, төрийн эрх мэдлээр дамжуулж ард иргэдийн ахуй амьжиргааг дээшлүүлэх бодит чиглэл рүү явъя гэсэн тийм томъёолол гаргасан. Бид ямар нэг популизм, РR хийж, нийгмийг бужигнуулж, сэтгэлийн хөөрөл дээр тоглодог тэр цаг үеэ дуусгаж байна.

    -Тэгвэл цаашдаа яаж ажиллах вэ?

    -Одоо юу хүсч байна вэ гэвэл бодит байдлыг л хүсч байна. Бодитоор иргэдийн амьдрал дээшилж чадаж байна уу, үгүй юү. Яг бодит амьдрал дээр миний амьдрал ямар байна. Ирээдүйд юу хүлээгдэж байна гэдгийг л сонгогчид намуудаас хүлээж байгаа. Тэр хүлээлтийг биелүүлэхийн төлөө л бид ажиллах ёстой. Энэ бол намын бодлогын асуудал. Манай намын бодлого гаргаж тавьсан мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд хэрэгжээд явж байгаа. Гэхдээ хэрэгжилт удаан байна уу гэвэл удаан байна. Яагаад удаан байна гэвэл бид өнөөдөр засгийн эрхийг хамтарч барилцаж байгаа ч гэсэн УИХ-д цөөнх байгаа учраас бодлогоо бүрэн хэрэгжүүлэх бяр чадал муутай байна. Ердөө л ийм шалтгаан байна.

    -Аймгуудаар явж бүсийн чуулга уулзалт хийж байгаа нь бодлогоо хэрэгжүүлэх зорилготой юу?

    -Энэ жил анхан шатаа сонсох ажлыг нэлээд өргөн хүрээтэй хийж байна. Аймгуудаа дөрвөн бүсэд хуваагаад явж байна. Нийт сумдаа сонсох боломж олдож байна. Яагаад ингэж яваад байна гэвэл Ардчилсан намаас 2008 онд гаргасан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар байна. Иргэд юунд нь сэтгэл дундуур, юунд нь сэтгэл хангалуун байна гэдгийг сонсох зорилготой. Үүнд нэг их сэтгэлийн хөөрлөөр хандаад, нэг их гоё юм хийх гээд, хийчихлээ гээд өөрсдийгөө магтаад байх нь бидний гол зорилго биш. Бид мөрийн хөтөлбөрөө 10 жилийн үндсэн чиглэлтэй гаргасан. Ардчилсан нам үзэл баримтлалынхаа хүрээнд 2008-2018 онд юу хийх вэ гэдгээ томъёолсон. Үүнээс биелж байгаа асуудлууд бий ч гэсэн тогтолцоо, өөрчлөлтийн шинж чанартай асар их зүйл хүлээгдэж байгааг бүсийн чуулга уулзалтууд нотолж байна.

    -Ардчилсан намыг Алтангадас гэдэг фракц атгачихаад, тэдний гарт орсноор нам унтаа боллоо. Бусад фракцууд нь идэвхгүй ноолорсон боллоо гэсэн яриа гишүүд дундаас ч гарах болсныг юу гэж ойлгох вэ?

    -Бид энэ нийгмийн улс төрийн сэтгэхүйг өөрчилмөөр байгаа юм. Яг үнэндээ Ардчилсан намд тэгж хуваагдсан зүйл байхгүй. Би энэ намын удирдлагын хувьд буруу харж байж магадгүй. Гэхдээ надад мэдрэгдэж байгаа зүйл юу байна гэхээр энэ намыг хуваачихъя, энэ намаар дамжуулаад зөвхөн би өөрийгөө болгочихъё гэсэн асуудал манайхан дотор үнэндээ байхгүй. Эрүүлээр харвал ингэж харагдана. Гэтэл нийгэм маань хуучин улс төр хийж байсан нөхцөл байдлаар өнөөдрийг харахыг эрмэлзээд байна. Алтангадас, МоАХ, МҮДН-аараа талцаад, өмнөх шигээ хоорондоо ямар нэг юм булаацалдаад байх юм шиг санаад байна. Бүр нийгмийн захиалга болгож үүнийг дэвэргэх гэдэг. Түүгээрээ нийгмийг, намыг талцуулах гэсэн хүсэл сонирхол асар их явдаг. Үүний нэг жишээ нь саяны нийслэлийн Ардчилсан намын даргын асуудал л даа.

    -Та ийм юм болсныг мэдэж байсан уу?

    -Би эзгүй байсан. Гэхдээ өдөр бүр мэдээлэл авч байсан. Асуудал үүссэн байсан. Гэтэл үүнийг хөндлөнгөөс нь ямар нэг хатгаасаар хэдэн хэсэг хуваах бодлогын чанартай мэдээлэл цацагдаж, үүнд нь манай зарим гишүүн автсан тийм зүйл болсон. Үүгээр далимдуулж яах гэсэн бэ гэвэл “Ардчилсан нам дотроо ёстой сайхан хагарч, бутарч дууслаа” гэж шуугих сонирхол байсан. Шууд хэлэхэд энэ бол захиалга. Манай намыг үргэлжийн хагарал, хэрүүлд байлгах сонирхол гадна талд байна гэдгийг харуулсан үйл явдал. Хэрэв Ардчилсан нам өнөөдөр хуваагдсан бол тас хуваагдаад дуусах нөхцөл байдал үүсэх байсан. Тэгвэл ийм юм байх ёсгүй. Нэгэнт л энэ намын бодлого зорилгод нэгдсэн юм бол эцсээ хүртэл нэгдэж ажиллах чадвар бидэнд байх ёстой. Хэн нэгнийг дагаж шуурдаг, салхилдаг байдлаа орхих л хэрэгтэй. Үүнийг л гишүүдээсээ шардаж байгаа.

    -Нийслэлийн нам дээр болсон явдлын цаана юу байв. Зүгээр л нэг дүрмийн алдаа байсан уу. Яагаад бүрэн эрх нь дуусах гэж байсан хүн дээр итгэл үзүүлэх эсэх гэсэн асуудлаар санал хураасан юм бэ?

    -Нийслэлийн намын хурал дээр санал хураалгасан томъёолол нь өөрөө буруу байсан. Бид үүнийг ярилцсан. Манайд нэг буруу гажиг тогтоод уламжлал болоод явж байсныг таслах ёстой боллоо. Намын удирдлагын тухай асуудлыг ярихдаа бүрэн эрхийн хугацаа дууссан эсэх гэдгээсээ илүү итгэл үзүүлэх үү, үгүй юү гэсэн санал асуулга явуулдаг. Итгэл үзүүлэх үү, үгүй юу гэдэг өөрөө их харгис томъёолол шүү дээ. Ийм томъёолол өнөөдөр хэрэгтэй юү, үгүй юү гэдгийг бодож үзэх л ёстой. Хэрэв манайх Ардчилсан нам л юм бол дүрэм, журамд таарахгүй байгаа диктатурын шинжтэй, бие биеэ заавал нэг талд гаргаж заазалж байх шинжтэй, ийм журмын томъёоллоо эргэж харж засах ёстой.
    Би С.Эрдэнийг итгэл үзүүлэх эсэхээ асуулгахдаа хүрсэн,  заазын хэмжээнд тулсан улстөрч гэж бодохгүй байна. С.Эрдэнэд авах ч юм их бий, гээх ч юм их бий. Түүний тэмцэгч цусны чанар нь өөрийнх нь давуу талыг ч илэрхийлдэг, дутагдалтай талыг  ч илэрхийлдэг. С.Эрдэнийн бүрэн эрхийн хугацаа дуусч байсан. Тийм болохоор итгэл үзүүлнэ, үгүй гэх асуудал гарах ёсгүй л дээ.

    -С.Эрдэнэ, Ш.Түвдэндорж хоёр гэнэт эвлэрэхэд юу нөлөөлсөн бэ. Таныг тэр хоёрыг ямар нэг аргаар эвлэрүүлсэн байх гэсэн таамаг байгаа л даа?

    -Намайг эзгүй байж байгаад ажилдаа ирэхэд С.Эрдэнэ өөрөө хүрч ирж уулзсан. “Д.Эрдэнэбат дарга аа, миний бүрэн эрхийн хугацаа дууслаа. Би энэ ажлаас болж намыг сөргөлдүүлж хагалмааргүй байна. Тамгаа танд өгчихье” гэсэн хүсэлттэй орж ирсэн. Би тэгэхээр нь хэлсэн л дээ. “Наана чинь бодох юм их байна. Тамга надад өгснөөр асуудал шийдэгдэхгүй. Ш.Түвдэндорж та хоёр бие биеэ хүлээн зөвшөөрч байж л шийдэгдэнэ. Тамга надад өгснөөр гишүүдийн талцлын асуудал шийдэгдэхгүй. Уруул дордойвч элэг дордойхгүй гэж үг байдаг. Бид нэг намын нэг элэгтэй хүмүүс. Тэгэхээр асуудлыг тас гээд л шийдэх ёстой. Үүнд бидний хат, улс төрд явсны хашир туршлага нөлөөлнө. Тэгэхээр асуудлыг хурдан шийдье“ л гэсэн. С.Эрдэнэ үүнийг хүлээж авсан. Ингэснийг нь би их үнэлж байгаа.

    -С.Эрдэнэ дүрмийн алдаа гарсан гэдэг. Ш.Түвдэндорж болохоор журмын алдаа гэдэг. Аль нь гарсан юм бэ?

    -Журмын алдаа л даа. Намын дүрэмд итгэл үзүүлэх үү, эс үзүүлэх үү гэсэн заалт байдаг. Өөрсдийнхөө сонгосон намын удирдлагад итгэл үзүүлэх үү, үгүй юү гэдэг асуудал дарангуйллын шинжтэй болчихоод байгаа юм. Тэгэхээр энэ заалтыг байлгах уу, үгүй юү гэдгийг эргэж харах ёстой. Энэ мэт алдааг явцын дунд олж илрүүлж байх ёстой. Тэрнээс биш хоёр талдаа гараад байлдаад байвал хол явахгүй. Харин одоо хоёр талцаад байдгаа больж байна. Энэ нам төлөвшөөд байгаад л би бахархаж байна.Хагаралдана гэдэг ганц манай намд байгаа зовлон биш л дээ.Ил гаргаж хэлдэггүй л болохоос биш бусад намд ч байгаа.

    -МАХН л гэхэд намын нэр, үзэл баримтлалаа солихоос болоод дотроо талцаад  байна л даа. Энэ бас л намын төлөвшлийн явц уу. Намууд эндээс яаж гарах вэ?

    -Улс төрийн тогтолцоогоо л өөрчлөх хэрэгтэй юм. Сонгуулийн хуулиа ч, Улс төрийн намуудын тухай хуулиа ч өөрчилье. Өнөөдөр үйлчилж байгаа коммунист хэлбэртэй бүтэцтэй намуудын хуулиар улс төрийн аливаа нам ардчилсан Монгол Улсад оршин тогтоход бэрх болоод байгаа юм биш үү гэсэн дохиог өгөөд байна. МАХН энэ зовлонг эдэлж байна. Массаар нь ингэж хуваадгаа болих хэрэгтэй. Нам үндсэн бүтцээрээ, гишүүд, дэмжигчид дотроо хэдэн хэсэг болж хуваагдаад тэмцэлдэнэ гэдэг өөрөө цаана байгаа нийгмийг талцуулах хэв шинж рүү түлхээд байгаа хэрэг. Энэ яавчиг эрүүл үзэгдэл биш.
    Анх энэ массын намын онолыг В.И.Ленин гаргаж ирсэн. Социал демократ намыг коммунист болгоод массын нам болгочихсон. Ганцхан намд массаар нь элсүүлээд, нам-төр гэдэг юм руу холбож оруулдаг байсан тэр тогтолцоог өнөөдөр бид Монголынхоо намуудад тулгасан нь алдаа болж байгаа юм. Өнөөдөр ардчилсан нийгэмд нам яаж оршин тогтох ёстой юм. Ямар хэлбэрээр байх вэ гэдэгт тохируулж хуулиа өөрчлөхгүйгээр манай намуудын доторх зовлон дуусахгүй. Үүн дээр дөрөөлдөг жижиг хэлбэрийн улс төр хэзээ ч төгсөхгүй. Тэгэхээр энэ үзэл баримтлал, намуудын тогтолцоог л өөрчилье.
    Монгол Улс хэдэн зуун жил тогтвортой оршин тогтнохын тулд улс төрийн хамгийн тогтвортой байдал, засаглалын хамгийн зөв хэлбэр зайлшгүй хэрэгтэй байна гэдгийг нийгмийн уур амьсгал илэрхийлээд байдаг. Тэгэхэд улстөрчид зөвхөн сонгуулийн бүрэн эрхийн дөрвөн жилийг харж амьдарч болохгүй.

    -Нийслэлийн гурван дүүрэг, нэг аймаг дээр ротацийн сонгууль зэрэгцэж явсан. Тэр маргааныг саяын нийслэлийн Ардчилсан намынх шиг эв зүйгээр зохицуулж шийдэх боломж хэр вэ?

    -Дунд шатанд төлөвшсөн улстөрч тун бага байгаа юм байна гэсэн дүгнэлтэд би хүрч байгаа. Би аливаа юмыг хүчээр шийдэхийг боддоггүй. Аль болох ойлголцол, зөвшилцөл, эвлэрлээр шийдэх ёстой. Энэ бол манай намын үнэт зүйлийн нэг мөн. Нийслэлийн Ардчилсан намын маргаантай асуудлын шийдэл үүний үлгэр жишээ болсон. Маргаантай дүүргүүд яг ингэж асуудлаа шийдэх ёстой. Шударгаар хэлэхэд улс төрд зөвшилцөж, ойлголцож, эвлэлдэж чаддаггүй хүн хэзээ ч улстөрч болж чадахгүй. Улс төрийн тухай бодох ч хэрэггүй. Чи зөвхөн амиа хичээдэг, эрх мэдлийн төлөө зүтгэдэг, мөнгөний төлөө явдаг бол улс төрөөс холхон байсан нь дээр. Ийм чадвар энэ намын улстөрчдөд зайлшгүй байх ёстой. Улстөрчид хамтарч, бие биеэ нөхөж ажиллах ёстой. С.Эрдэнэ, Ш.Түвдэндорж хоёр ч ялгаагүй. С.Эрдэнэ бол УИХ-ын гишүүн. Нийслэлд нөлөө ихтэй. Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга хэвээрээ байгаа. Тэгэхээр намдаа нөлөөтэй хүн. Дүүргийн дунд шатны намууд үүний үлгэрээр ажилах ёстой гэсэн шаардлагыг тавьж ажиллана. Чадахгүй бол тэр хүн улс төрд орох огт хэрэггүй. Тэр дундаа залуучууд иймэрхүү хэлбэрээр зүгээр нэг дарга хийхийн төлөө улс төрд орно гэвэл уучлаарай, энэ намаас гарсан нь дээр. Нам гээд ч хэрэггүй. Нам бол багийн тоглолт. Бодлогыг нэгдсэн хэрэгжилтээр хангах тоглолт. Түүнээс биш нэг нэгийгээ нухаад, дээр нь гарах гэдэг муйхар арга, намаар дамжиж эрх мэдэлд очиж мөнгөнд хүрэх зорилгыг хаах ёстой.

    -МАХН танай намын 20 жил баримталж ирсэн үндэсний ардчилсан үзэл баримтлалыг өөртөө авахаар их хурлаа хийх гэж байна. Гэтэл танай нам дуугардаггүй. Үзэл баримтлалаа нөгөө хүчиндээ зүгээр л үг дуугүй найр тавьж өгмөөргүй юм?

    -МАХН үзэл баримтлал, нэрээ хэд солих нь бидний асуудал биш. Гэхдээ нийгмийн хүлээгдэж байгаа чиглэл рүү аливаа нам хувьсан өөрчлөгдөхийг би үгүйсгэхгүй. Хүний нам гэхээс би өөрийнхөө намыг л ярья. Манай нам ардчилсан хувьсгалаас хойш 20 жилийн хугацаанд нэг л үзэлд баримтлал дээрээ явж ирсэн. Эрх чөлөө, шударга ёс, хүний эрх, чөлөөт зах зээл. Эдгээр нь өнөөдөр манай намын итгэл үнэмшил, үзэл баримтлал болоод явж байна.  Бид үүгээр 20 жил явсан, дахиад Монголд 200 жил амьдарна.
    Хөндлөнгийн нэг нам ямар үзэл баримтлал руу тэмүүлээд байгаа нь Ардчилсан намын зовлон биш юм. Манай намын үзэл баримтлалыг МАХН авах гээд байна гэж хэрэлддэг байгууллага нь Ардчилсан нам биш. Бид өөрийн үзэл баримтлалаар явж байна. Бидний үзэл баримтлал туйлын үнэн юм байна, бас хэрэгжээгүй олон асуудал байгаа юм байна гэдгээ бид ойлгочихсон. Бусад намын асуудал бидний асуудал биш. МАХН манайхтай ижил үзэл баритмтлалтай боллоо гээд энэ хоёр нам ижилхэн болчихгүй. Ийм л байна. Тэгэхээр МАХН-тай хэрэлдэх шалтгаан манайд  огт алга.

             Д.ОЮУНЦЭЦЭГ
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж