Төмөр замчид техникийн асуудлаа хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Төмөр замчид техникийн асуудлаа хэлэлцэж байна

Хөрш гурван улс төмөр замын асуудлаа өчигдрөөс хэлэлцэж эхлээд байна. Өчигдөр болоод өнөөдөр үдээс өмнөх хуралдаанаар Монгол-Хятад, Монгол-Орос гэсэн хоёр талын зөвлөгөөнийг тус тусдаа зохион байгуулсан бол өнөөдөр 15 цагаас эхлэн гурвуул нэгдэн хэлэлцэж эхлээд байгаа юм байна. Энэхүү гурван талт зөвлөгөөнийг гурван улсад ээлжилж зохион байгуулдаг онцлогтой. Уржнан Эрхүүд, ноднин Хөх хотод болсон зөвлөгөөн энэ жил Улаанбаатар хотноо зохиогдож байгаагаараа онцлог. Улсын орны хэмжээнд онцгой чухал асуудлын нэгд тооцогддог төмөр замын асуудлаар гурван улсын төлөөлөгчид чухам юу хэлэлцэх нь хэн бүхэнд сонирхолтой. Тиймээс ч зөвлөгөөнийг сурвалжлах хүсэлтэй хэвлэлийнхэн УБТЗ-ын Хэрэг эрхлэх газрыг зорин очих нь их байлаа. Харин уг зөвлөгөөн хятад болоод орос хэлээр зохиогдож байгаагийн дээр “хаалттай” гэсэн тодотголтой байсан тул зорилгоо биелүүлж амжилгүй буцсан сэтгүүлч цөөнгүй байсан юм. Зөвлөгөөнөөр манай улс хөрш хоёр оронтойгоо хил дээрх ачаа эргэлтээ хэрхэн хурдан шуурхай болгох, галт тэрэгний хөдөлгөөнийг аюул осолгүй явуулах гэхчилэн техникийн талаар илүүтэй зөвлөлддөг учир мэргэжлийн бус хүмүүс хуралд суугаад ч ойлгох зүйл тун ховор ажээ.  Олон нийтийн болоод хэвлэлийнхний сонирхож буй шинээр баригдах  төмөр замын асуудал болоод БНХАУ-аас санал болгоод байгаа хурдны галт тэрэгний замыг тавих эсэх зэрэг бодлогын чанартай асуудлуудыг уг зөвлөгөөнөөр хэлэлцээгүй ажээ. Эдгээр томоохон асуудлыг Засгийн газрын төвшинд хэлэлцэх учиртай юм байна. Иймд аравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжлэх гурван улсын төмөр замчдын зөвлөгөөнөөр дотоод асуудлаа хэлэлцэх аж. Өнгөрсөн 2009 онд Хөх хотод зөвлөлдөж гаргасан протоколын биелэлтийг 95-97 хувьтай байна гэж дүгнэжээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж