Ким эрх баригч намын даргаар дахин сонгогдов

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Ким эрх баригч намын даргаар дахин сонгогдов

Хойд Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын Улс төрийн
товчооны хуралдаан 1980 оноос хойш Пхеньян хотноо анх удаагаа есдүгээр сарын
28-нд нээгдлээ гэж
Agence France-Presse мэдээлэв. Улс төрийн товчооны
гишүүд Ким Чен Ирийг намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгожээ.

Хойд Солонгосын телевизээр Хөдөлмөрийн намын их хурал
дээр чухал мэдээлэл хийгдэнэ гэж зарласан байлаа. Өмнө нь энэ хурлаар Ким Чен
Ир өөрийн бага хүү Ким Чен Унийг өөрийн залгамжлагчаар зарлана гэж шинжээчид
таамаглаж байлаа. Гэхдээ Пхеньяны албан ёсны төлөөлөгчид тэр залууг засаглалд
гарч ирэх тухай яриаг эрс үгүйсгэж байсан юм.

Гэхдээ Улс төрийн товчооны хуралдааны өмнө Ким Чен Ир
бага хүүгээ генерал болгосон байлаа. Мөн генерал цолыг Ким Чен Ирийн дүү
эмэгтэй Ким Ген Хи авсан байв. Албаны бус мэдээгээр Ким Чен Ирийн бие тааруу
байхад дүү эмэгтэйн нөхөр Чан Сон Тхэк улс орныг удирдаж байсан гэдэг.

Ким Чен Ир Хойд Солонгосын Хөдөлмөрийн намыг 1994 оноос
хойш толгойлж байна. Тэрээр өөрийн эцэг Ким Ир Сенийг нас барсны дараа Хойд
Солонгосын лидер болсон ба эцгийнхээ залгамжлагчаар 1980 онд Улс төрийн
товчооны хуралдаан дээр зарлагдсан билээ. Сүүлийн жилүүдэд Кимын өвчний талаар
хэвлэл, мэдээлэл ихээхэн бичиж байсан юм. Харин Пхеньян түүнийг
Барууны сурталчилгаа хэмээн үгүйсгэж байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж