Исүст итгэвэл үнэгүй эмчилж өгнө

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Исүст итгэвэл үнэгүй эмчилж өгнө

Сүүлийн үед харийн шашны сүмүүдээр орж гарах хөгшдийн тоо эрс нэмэгджээ. Хөгшид ч гэлтгүй өвчин зовлондоо шаналсан, эмчилгээгүй гэгдэн эмнэлгээс эмнэлгийн хооронд явдаг хүмүүс харийн шашны сүмүүдээр эргэлдэх болсон нь учиртай. Тэдний хувьд ганц аврал нь харийн сүм хийд болоод байна. Тэндээс үнэгүй эм авчихна, бас гадаадын эмч нарт үнэгүй үзүүлээд зөвлөгөө авчихна. Энэ мэт үйлчилгээнүүд хамгийн наад захын жишээ. Эмнэлэг дамжин явсаар эмчилгээгүй гэгдсэн өвчтөнүүдийг өөрийн улс орондоо явуулж үнэгүй эмчилж, эдгээж өгнө хэмээх суртал ухуулгад нь итгэсэндээ л сүүлчийн найдвараа тавьж буй.
Танилын маань ах түрүү булчирхайн хорт хавдраар өвчилж, Монголынхоо бүхий л эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд ч тусыг эс олжээ. Хятад руу эмчилгээнд явъя гэтэл 30 сая төгрөг шаардлагатай болж. Яаж ч хичээгээд тэр их мөнгийг хаанаас олох билээ. Хамгийн сүүлчийн найдвар нэгэн сүмийг бараадаж учир байдлаа хэлэхэд, цаадуул нь эмчилж болно гээд, үнэгүй шахам эмчилж өгөхөөр болсон ч оочер дугаар нь 100 хол даваад байгаа тул хүлээхээс өөр аргагүй гэсэн байгаа юм. Хүлээж байх хоорондоо мэдээж сүмд явж, Исүст итгэдэг гэдгээ харуулах ёстой гэсэн. Монголчуудын зовлон дээр харийнхан дөрөөлж, сүсэг бишрэлээр нь далимдуулж, урвуулах гэсэн санаа нь энэ. Өвчтэй хүнийг та өвдөөгүй байна, бие чинь зүгээр байна, та эрүүл байна гэж ховсдох, мунхруулахын завсар тайтгаруулах юм биз дээ. Яахав, хэсэг хугацаанд ч болов өвчнөө мартаж болох. Энэ бүхний цаана Исүс бүгдийг чаддаг, бүхнийг ивээдэг, бурхнаас илүү аврагч хэмээн монгол хүний сэтгэхүйд суулгах гэсэн далд явуулгаас хэтрэхгүй. Үнэгүй юм гэж хаа ч үгүй. Нэг удаагийн хоол хувцас, эм тариа үнэгүй байж болно. Үүний цаана юугаар ч сольж болохгүй эх орон, хэл соёл, зан заншил гэж юм бий. Харийнхны хувьд сэтгэл санаагаар нь монгол хүнийг эх орноос нь урвуулах гэсэн санаа гэдгийг надаар хэлүүлэх юун.
Монголд хамгийн том газартай, тансаг харш хаана байна, хэнийх вэ. Захын хүн гудамжиндаа гараад харахад л харийн шашны сүм хийдүүд нүдэнд нь тусах вий. Жорлонтойгоо хаяа нийлсэн таван ханатын маань хажууд данайсан том газартай данхайсан том харш сүндэрлэж байна. Тэр нь Исүсийн сүмүүд. Тэрэн дотор харийн шашны төлөөлөгчид монгол хүнийг сэнхрүүлж, сэтгэл санааг нь урвуулах ухуулга сурталчилгаа хийж байна. Төрийн дууллаа ч цээжээр мэдэхгүй томчууд Исүсийн магтууг дуулж, илч нь үгүй хуучин хувцсаар гангарч, бор ходоодоо аяга шөлхөнөөр бондойлгож байна. Одоо дээр нь нэмэгдээд эрүүл мэнд, зовлон дээр нь дөрөөлж эхэллээ. Саяхан Солонгосоос баахан эмч нар ирсэн. Сүмүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийх гэж байгаа нь тэр. Хаалга тогшин хэн нэгэн “Солонгосоос мундаг эмч ирсэн. Манай сүмд очиж үзүүлээрэй” гэсэн зар тарааж явах. Бие эрүүл ч үнэгүй юманд нугасгүй зангаараа яваад очно. Ангайлгаж, жимийлгэж, онийлгож, арагш урагш нь харуулж чагнаж, тогшиж үзнэ. Манай эмч нараас ялгаа алга. Эм өгч байна. Арай ч цитрамон, анальгин биш юм аа. Гэхдээ хэл ус мэдэхгүй болохоор “мөнхийн ус” өгч байгаа мэт төсөөлөн хоёр гардаж авах. Мөн ч өрөвдмөөр байгаа биз, бид.

Б.ЦЭЛМЭГ
 
Зохиогчийн эрх: “Монголын мэдээ” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж